Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн БОУАӨЯ-ны холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан болон дагалдах арга хэмжээнүүдэд оролцож, үндэсний ололт амжилтыг танилцуулан, улс орнуудынтай харилцан туршлага хуваалцаж байна. Энэхүү арга хэмжээ нь хил дамнан тархдаг цоохор ирвэс зэрэг нэн ховор зүйлийг хамгаалахад улс орнуудын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, мэдээлэл солилцоо, олон талт түншлэлийн оролцоо чухал болохыг онцолсон юм.

Хурлын үеэр Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хүрээний (KMGBF) хэрэгжилт, Үндэсний биологийн олон янз байдлын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (NBSAP)-ний шинэчлэл, дэлхийн дүгнэлт (Global Review)-ийн үйл явц, үндэсний тайлагналын асуудлууд өргөн хүрээнд хэлэлцэнэ.

Монгол Улс Биологийн олон янз байдлын үндэсний 7 дугаар тайлангаа хугацаанд нь боловсруулан хүргүүлсэн бөгөөд хурлын үеэр бусад улс орнуудын туршлага, сорилт, хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг судалж байна.

2026.10.20-ны өдөр Монгол Улсын павильонд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Олон улсын цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн (GSLEP) газар хамтран “Цоохор ирвэс: Улс орнууд хэрхэн хамтран хамгааллыг хэрэгжүүлэх вэ?” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр Олон улсын цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн түншлэл, улс хоорондын хамтын ажиллагаа хариуцсан захирал, доктор Костьюб Шарма цоохор ирвэсийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, энэ чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар илтгэл танилцуулж, бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага хуваалцсан.

Түүнчлэн Монгол Улсын Их Сургуулийн багш, профессор, доктор Ө.Баярсайхан цоохор ирвэсийн хамгаалал, судалгаа, мэдээллийн ач холбогдол болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

Цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтны хамгаалалд тулгарч буй сорилтууд, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг бууруулах арга зам, зэрлэг амьтны менежментэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломж, мөн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хөгжилтэй холбоотой бодлого, үйл ажиллагаатай зэрлэг амьтны хамгааллыг уялдуулах асуудлаар оролцогчид санал солилцов.