Өчигдөр орой 16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны 4 хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

“Хан талст” компанийнхан барилгын суурь шороог авсны улмаас хөрсний ус ундарсан байсан тэрхүү усны толионд хүүхдүүд живж амь насаа алдсан гэдэг мэдээллийг албаныхан өчигдөр орой өгсөн. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар тогтоол усан дээр хүүхдүүд хөөсөнцөр тавин дээр нь гарч завь болгон тоглож байгаад амь эрсэдсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.

Хүүхдүүд Дэнжийн 1000-аас хэсэг найзуудынхаа хамт ийнхүү тоглохоор ирээд амь насаа алджээ.

Энэхүү хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. Албаныхан өчигдөр орой хэргийн газраас  мэдээлэл хийхдээ Цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалт хийж байгаа “Хан талст” компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж урьдчилсан байдлаар мэдээлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Баатархүүгээс тодрууллаа. Тэрээр  “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Маршалын гүүрний зүүн хойд талд тогтоол усанд тоглож байсан 4 хүүхэд тогтоол усанд нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл 5 сарын 27-ны өдрийн 18.10 минутад цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж ажилласан. Урьдчилсан байдлаар хэргийн газраас тогтоогдсон зүйл бол амь эрсэдсэн хүүхдүүд Чингэлтэй дүүрэгт оршин суух 11-15 насны 4 хүүхэд байсан. “Хан талст” компанийн барилгын суурь ухаж тогтоол ус үүссэн энэ газарт хүүхдүүд тоглож байгаад амь нас нь эрсэдсэн. Гурван хүүхэд живэхэд нэг хүүхдийн ах ус руу орж дүүгээ аврах гэж байгаад эндсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Тухайн үед хүүхдүүд 10-уулаа явсан. Тиймээс энэ асуудал дээр хаана хаанаа л анхаарах хэрэгтэй. Урин дулаан цагт  хүүхдүүд гол ус руу хараа хяналтгүй явж тоглох, амь нас нь эрсдэх харамсалтай асуудал гарч байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллага, эцэг эхчүүд бүгд л анхаарах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хүүхдүүд зуурдаар нас барж ар гэрийнхнийх нь сэтгэл санаа таагүй байхад үүнээс улбаалсан худал, ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Үүнтэй холбоотой ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахгүй байхыг иргэддээ уриалж хүсэж байна.

Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Холбогдох дүгнэлтүүд гарах учраас албаны эх сурвалжуудаас мэдээлэл авахыг хүсье” гэв.