Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
24 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.
Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.
Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан ноён Халилур Рахман Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр болж байна.
Монгол Улс тэртээ 1961 онд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдварын их өргөө болсон НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот Төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулсан бахдам сайхан түүхтэй билээ.
Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж байгааг талархан хүлээж авч байна.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн монголчууд ярьдаг.
НҮБ нь гишүүн орон бүрийн итгэл сэтгэлээр бүрдэж, хичээл зүтгэлээр бэхэждэг байгууллага билээ.
Тиймээс гишүүн орнууд бид НҮБ-ын үйл хэрэгт чин сэтгэлээр хандаж, зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллах учиртай.
Гишүүн орон бүрийн итгэл найдвар, идэвх зүтгэл, үүрэг, оролцоо нь НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно.
Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна.
Найман зууны тэртээ монголчууд бидний өвөг дээдэс даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн билээ.
“Монголын их амар амгалан”-гийн энэхүү үзэл санаанд тулгуурлан олон тулгуурт зарчмаар, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгдмэл хариуцлагаар итгэл найдвараа сэргээж, нэгэн зорилгоор НҮБ-аа шинэчилж, нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээцгээе.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна.
Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа.
Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын үйл ажиллагааны талаарх энэ оны илтгэлдээ “Үймээн самуун, хагарал хуваагдал, тодорхойгүй байдлаар дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд НҮБ урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, илүү чухал болоод байна” хэмээн тэмдэглэсэнтэй Монгол Улс санал нэг байна.
НҮБ-ыг орчин цагийн сорилтуудад нийцүүлж, илүү үр өгөөжтэй болгох зорилгоор түүний санаачилсан “НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс энэ хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж буйгаа нотолж байна.
НҮБ-ыг хэр үр дүнтэй байгууллага байлгах, НҮБ-аас хэр дорвитой арга хэмжээ авах, улс түмнүүд хэрхэн хүчээ нэгтгэх нь чухамхүү гишүүн улс орнууд бид бүхнээс шалтгаална.
Удахгүй сонгогдох шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын зорилго, зарчим, олон улсын эрх зүйг тууштай хамгаалж, гишүүн орнуудын дуу хоолой, байр суурийг эрх тэгш илэрхийлж, итгэлцлийг сэргээж, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан ажиллана гэдэгт Монгол Улс итгэлтэй байна.
Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.
Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ.
Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ.
Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна.
Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ.
Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.
2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.
Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Энэ хүрээнд манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон санал, санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
“Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм.
Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
“Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжиж, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харууллаа.
Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.
Энэ их зардал, хөрөнгө мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ.
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа нь бидний сүүлийн жилүүдийн хүчин чармайлтын бодит үр дүн, амжилт юм.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Энэ хүрээнд газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, харин цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц санаачилга юм.
Мөн Монгол Улсын санаачилсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах боломж бүрдэж байна.
Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай манай улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтад 57 улсын 400 гаруй малчин оролцож, санал бодлоо хуваалцан, асуудал, шийдлээ хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал баримт бичгийг баталлаа.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор өнгөрсөн сард эх орондоо амжилттай зохион байгууллаа.
Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай.
Учир нь эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно.
Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм.
Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна.
Ялангуяа “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь дэлхийн бэлчээр хамгаалалтын түүхэнд шинэ хуудас нээсэн томоохон хөдөлгөөн гэж бид үзэж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, хүнсний аюулгүй байдал болон экосистемийн тэнцвэрт байдлыг хангах стратегийн чухал асуудал болохыг дэлхий нийтэд таниулж байгаагаараа онцлог юм.
Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.
Өнөө цагт Монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Монгол Улс аливаа зөрчилдөөнийг дипломат арга барил, олон талт яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж ирсэн бөгөөд бүс нутгийн улс орнуудтай уламжлалт сайн харилцаатай байдаг билээ.
Энэ онцлог давуу талдаа суурилан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 11 дэх удаагаа энэ жил зохион байгууллаа.
Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь улс төр, зэвсэг хураах гэсэн уламжлалт сэдвээс гадна эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр албан ёсны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын дунд олон талт хэлэлцүүлэг өрнүүлдэг өвөрмөц платформ болж хөгжөөд байна. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр идэвхтэй ажиллахдаа жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн олон улсын арга хэмжээг уламжлал болгон эх орондоо зохион байгуулж байна. Тухайлбал 2022 онд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, 2023 онд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2025 онд “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Тэгвэл ирэх 10-р сарын 12-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” нь эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар жендэрийн эрх тэгш байдал, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Энэ уулзалтад Та бүхнийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна.
Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэхэд Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд соёлын өв, уламжлалт мэдлэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон санаачилга гаргаж, тууштай дэмжиж ирсэн билээ.
Тухайлбал, дэлхийн ард түмнүүдийн түүх, соёл иргэншил, нийгэм, эдийн засгийн хөгжилд адууны оруулсан үнэтэй хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг 2025 онд санаачлан батлууллаа.
Мөн Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборын түүх, соёлын үнэ цэнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад өнгөрсөн 7 дугаар сард бүртгэлээ.
Монгол Улс 2026-2029 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ жил дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Өрнө Дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэн засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын харилцаа, яриа хэлэлцээг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн цохон тэмдэглэсэн.
Энэ нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.Тухайлбал, Ил хаан Өлзийт 1305 онд Францын хаан Филиппт илгээсэн албан захидалдаа олон улс түмнүүд хоорондоо эв найртай сайхан харилцаатай байхын ашиг тусыг “Эдүгээ үнэнхүү зохилдохоос сайн юун ахуй” хэмээх мэргэн үгээр тодотгон гайхамшигтай өгүүлсэн болохыг нэрт монголч эрдэмтэн Котвич “Монголчууд бол XIV зууны эхэн үеийн дэлхий нийтийн энх тайвны үзэл санааг дэлгэрүүлэгчид” бүтээлдээ дурдсан байдаг.
Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж билээ.
Их Эзэн Чингис хаан, түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г хэрхэн тогтоосныг судалж, гадаад бодлого, дипломат харилцааны түүхийг нь сөхөн үзвэл сайн жишиг, сануулга сургамж олон байгааг олон улсын эрдэмтэн мэргэд зөвлөдөг.
Тиймээс дэлхийн улс орнууд хамтран ажиллаж чадах аваас найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амар амгаланг тогтоох боломжтой гэдгийг Их Монгол Улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид НҮБ-ын хүндэт индрээс уриалж байна.
Дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж, дайн дажингүй, амар амгалан, энх тунх байж, хамтдаа хөгжин дэвжихэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо урьд урьдаас улам илүү чухал болж байна.
Тиймээс хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болсон НҮБ-ыг “Даян дэлхийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг, нэр хүнд бүхий байгууллага болгохын төлөө дэлхий нийтээрээ хүчин зүтгэцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.






