МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Үүний хүрээнд банк, санхүүгийн шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн УИХ-ын дарга Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах боломж, бололцооны талаар ярилцаж байгаа билээ. Зээлийн хүүг бууруулах асуудлыг тал бүрийн судалгаатай шийдэх хэрэгтэйг банкны салбарынхан хэлж байна. Зээлийн хүүг бууруулахад гаднын банк оруулж ирэх, эсвэл хадгаламжийн хүүг багасгах замаар бууруулах боломжийн талаар ярьж байгаа юм.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүүг механикаар бууруулсан хэд хэдэн жишээ дэлхийн улс орнуудад бий. Тухайлбал, БНХАУ-д төрийн өмчит банкууддаа хадгаламжийн хүүг бууруулах тушаал гаргасан байдаг. Харин манайд үүнийг Монголбанк шийднэ. Зээлийн хүүг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь мөнгөний өртөг буюу хадгаламжийн хүү. Одоогоор төгрөгийн хадгаламжийн хүү 13-14, ам.долларынх 3-4 хувьтай байна. Тоо нь зөрүүтэй хэдий ч их хэмжээний хадгаламж эзэмшигчид ам.долларын хадгаламж эзэмших нь элбэг. Тиймээс ам.долларын хадгаламжийг багасгах хэрэгтэй.

Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад валют болгож байгаа нь буруу. Банкны салбарын төлөөлөлтэй уулзаж байхад зээлийн хүүг бууруулах боломжтой гэж байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, есөн хувьтай болгосон. Тиймээс энэ түвшин рүү ойртуулж банкууд зээлийн хүүгээ буулгах боломжтой юм. Банкны салбарын төлөөллөөс хэлж байгаа нэг зүйл нь одоо гаргасан жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан зээлээ бууруулахын тулд бага хүүтэй, урт хугацааны эх үүсвэр хэрэгтэй гэсэн. Үүнийг Монголбанк анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Харин гаднын банкны тухайд манайд олон банк орж ирэх гээд хүлээгээд байгаа биш шүү дээ. Ялангуяа, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, гаднын банкууд асуудал ихтэй байна. Тухайлбал, саяхан АНУ-ын томоохон дөрвөн банк их хэмжээний эрсдэлийн сан байгуулсан. Европын банкууд ч ялгаагүй. Энэ нь богино хугацаанд тухайн улсын эдийн засаг хүндэрч, зээлийн чанар муудах юм байна гэсэн хүлээлт бий болчихсон гэсэн үг. Манайд ч ялгаагүй ийм нөхцөл байдалтай байна” гэв.

 

М.Энх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин