Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

 Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтанд хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ юм. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Тасгийн дарга Я.Энхбаясгалан, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг эрхлэх газрын Сургалтын төвийн захирал Шинь Ин Жэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Гвон Жүн Гю болон албаны бусад хүмүүс оролцов.

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд ихээр өртөж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа билээ. Зөвхөн сүүлчийн 2019~2020 оны байдлаар гэхэд л ажлын байран дээрх үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан  нийт 403 Монгол улсын иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345 371 476 воны нөхөн олговор олгуулаад байна. БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах энэ осол гэмтлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн холбогдох удирдлагуудтай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хийн Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Үүний үр дүнд тус хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн төсвөөс санхүүжүүлэн гадаад иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах төсөлт ажлыг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр ийнхүү албан ёсны баримт бичиг болж үзэглэгдэж байна.

Төвийн дарга Д.Баярмандах гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ “Манай залуус ажил амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролтой болох, мэргэжил технологи сурч судлах, БНСУ-ын  хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн шилдэг иргэн болохын тулд Солонгос орныг зорьж, тэмүүлж ирцгээдэг. Одоо ч гэсэн ирэх хүсэл дүүрэн мянга мянган залуус нааш тэмүүлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдрахаар тэмүүлж ирсэн эдгээр залуусаа, монгол иргэдээ амар амгалан, аюул осолгүй, эрүүл саруул байлгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-тай хамтран хийхээр болж буй нэгэн томоохон ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна” гэж гэрээний ач холбогдлыг онцлон хэллээ. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын дарга Шинь Ин Жэгийн хэлснээр тэрээр сургалтын хүрээлэнгийнхээ баг бүрэлдэхүүний хамт Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнгөрсөн хоёр жилийн дотор хоёр удаа очиж уулзалт хэлэлцээр хийн сургалт зөвлөгөөг зохион байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн талбарт хөлсөө урсган ажиллаж буй монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бид хамтдаа хичээн зүтгэж ажиллах боломж улам нэмэгдэж байна гэжээ.

Мөн энэ өдөр тус гэрээний дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх гурван төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдсанаар Төвийн мэргэжилтнүүд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэддээ үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж сургалт хийхэд илүү нарийн мэргэших юм.