“Happy Flowers” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг.

Хэдхэн хоногийн өмнө “Positive Mongolians” пэйж хуудсаараа влог хөтөлж олонд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар "Happy Flowers" хүүхэд харах үйлчилгээний компанийн талаар тухайлбал, хүүхдийг нь гэмтээсэн, ажилчиддаа цалингаа өгдөггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй гэх зэрэг олон асуудлуудыг нийтэд дэлгэж бичсэн юм.

Тэд “Манай гэр бүл долоон сар гаруйн хугацаанд хүүхэд асрагчийн үйлчилгээ авч үзлээ. Анх хэчнээн их баярлан, итгэж найдан, найз мэт дотно хандаж байлаа даа. Тиймдээ ч дэврүүн сэтгэлээр “Happy Flowers” хүүхэд харах үйлчилгээний төвийг үзэгчиддээ танилцуулж байсан. Гэтэл одоо тун их харамсаж байна. Үзэгч, дагагчдаасаа уучлал хүсье. Анх очиход ярьж байсан гадны стандарт судалгааг Монголд жишиглэн ажиллах, ажилчдаа хүүхэд асрахад сургаж бэлддэг, түүний дараа айлдаа илгээдэг, хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлдэг, цаг гарган хүүхдийг хүмүүжүүлдэг гэх мэт яриа нь бодит байдал дээр байхгүйг өөрийн хүүхэд дээрээ долоон сарын дараа гарах үр дүнгээр нь мэдэрч ойлголоо” зэрэг маш урт пост оруулсан юм.

Тэгвэл бид болсон явдлын талаар тодруулахаар “Hap­py Flowers” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэгтэй уулзаж ярилцсан юм.

-Олон нийтийн сүлжээгээр танай компани үйлчлүүлэгчийнхээ хүүхдийг, унагааж гэмтээсэн гэх мэдээллүүд яваад байна шүү дээ. Мөн та бүхэн хоорондоо хамтарч ажилладаг байсан юм байна. Тэгэхээр энэ маргаан юунаас эхэлж үүссэн юм бэ?

-Анх номын нээлтэн дээр Д.Түвшинбаяртай танилцсан л даа. Тухайн үед гэр бүлийн хоёр Швед улсаас ирээд удаагүй байсан. Энэ хоёр маань ямар нэгэн реклам, зар сурталчилгаа олон нийтэд хүргэдэггүй. Хүргэсэн ч тухайн газраа судалж байж сурталчилдаг байх гэж үзээд хамтарч ажиллах санал тавьсан. Үүнээс гадна эхнэр нь “Хосын жор” ном хүртэл гаргасан, ёс зүйн хувьд ч тэр залуучуудын үздэг маш гоё влогуудыг хийдэг. Тэр талаас нь хандсан хэрэг. Ингээд бид 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 100 хувь бартер байдлаар гэрээгээ байгуулсан. Манайх хүүхэд асрах үйлчилгээг үзүүлж хүүхдийг нь 100 хувь үнэ төлбөргүй харахаар болсон. Харин тэднийх “Tuvshuu Dul­guun” влог, “Big Big family” гээд бүх мэдээллийн сувгуудаараа манай компанийг сурталчлах, идэвхжүүлэх ажлыг хийж өгөхөөр болсон юм.

-Гэрээ байгуулснаас хойш Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хичнээн ажлуудыг нь хийж, гүйцэтгэсэн бэ?

-Ингээд өнгөрсөн хугацаанд нэг пост, нэг подкаст, нэг “Big Big Family” нэвтрүүлэг хийж өгсөн байна. Мөн гурван влогны хооронд хальт манай реклам орсон байдаг. За ингээд манай компанид ажилладаг гурван охидын талаар бичлэг хийгээд өгөөч ээ гэсэн юм. Өнгөрсөн тавдугаар сард энэ бичлэгийн зураг авалт дууссан. Ингээд сонгуулийн дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацна гэж төлөвлөсөн. Гэвч зургадугаар сарын 25-ны дараагаар цацаагүй. Ингээд хоёр сар гаруй хүлээгдэж наймдугаар сарын сүүлээр бичлэгээ авчирч өгсөн. Бичлэгээ үзээд саналаа хэлсэн л дээ. Ер нь бол хамтарч ажиллаж л байгаа бол хоёр талаас санал солилцдог шүү дээ. “Хар зураг нь ийм болчихлоо. Болж байна уу” гээд баталчихсан тохиолдолд бэлэн болдог. Тэгсэн шууд бичлэгээ аваад ирсэн. Үзсэн чинь 5-6 минутын бичлэгэн дунд манай компанийн хорин секундын рекламыг таваас зургаан удаа оруулсан байсан. Кино үзэж байхад дундуур нь реклам орж ирэхээр хүнд их төвөгтэй байдаг. Үүнийг тайлбарлаж хэлтэл Д.Түвшинбаяр дургүйцсэн. Манай компанийн зүгээс 15 сая 130 мянган төгрөгний үйлчилгээг өнгөрсөн найман сарын хугацаанд үзүүлсэн. Үүнийхээ хүрээнд хэдэн контент бэлдэж өгсөн хэдий ч тэд бүх бичлэг, контентоо устгасан. Ингээд бид гэрээгээ дуусгавар болгосон. Уг нь гэрээ нэг жилийн хугацаатай байсан. Үүнээс гадна энэ сарын 8 буюу пүрэв гаригт тухайн гомдол гаргасан үйлчлүүлэгчийн маань маркетингийн менежер гэх залуу ирээд 25 сая төгрөг аман байдлаар нэхэмжилсэн. Ингээд нэг пост болон подкаст нэг сая, “Big big family” хоёр сая, нэг влог зургаан сая, гурван влог арваннайман сая, гурван бичлэг гурван сая төгрөгөөр үнэлж нийт 25 сая төгрөг нэхэмжилж ирсэн.

-“Happy flowers” компанийн хүүхэд асрагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын охины гарыг нь урсан, эрүүгээр нь унагасан зэрэг мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Тэд постондоо хүүхдийг маань гэмтээсэн гэж бичсэн байсан. Манайхаас ажиллаж байсан асрагчид тэдний хүүхдийг огт гэмтээж бэртээсэн зүйл байхгүй. Тухайн өдөр Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн хоёр найзынхаа хуриманд явахаар болсон гэсэн. Тэр өдөр нь манайхаас н.Янжиндулам асрагч, мөн гэрийн үйлчлэгч н.Нарангэрэл байсан. Ингээд Э.Дөлгөөн угаалгын өрөөнд нүүрээ будаж байхад охин ээж рүүгээ гүйж байгаад угаалгын өрөөний довжоо бүхий жижигхэн тавцанд бүдрээд цаад талын пилта шалан дээр уначихсан гэсэн. “Аав нь яасан бэ гэсэн Э.Дөлгөөн “Над руу гүйж яваад уначихлаа” гээд хүүхдээ тэвэрсэн. Тухайн өдөр эрүүн дээрээ хөхөрчихсөн байсан. Ээж нь өөрөө хөхүүлээд сууж байсан” гээд гэрт нь байсан хоёр асрагч ярьсан. Мөн гэмтсэн, түлэгдсэн гэж бичсэн байгаа юм. Түлсэн гэдгийг хүмүүс гал, эсвэл халуун юмаар түлсэн гэж ойлгоод байгаа. Хүүхдийнх нь бөгс орчим улайсан зураг нийтэлсэн байсан. Тэрийг ямар ч эх хүн хараад ойлгоно. Памперсны харшил байгаа юм. Гаран дээр нь нарийхан урчихсан улаан зураас байсан. Ер нь бага насны эцэг эхчүүдтэй хүүхдүүдийн хувьд гүйж харайж байгаад л нэг шүргээд өнгөрөхөд зураас гарчихдаг шүү дээ.

-Гэрт нь камер байдаг гэсэн үү?

-Тэднийх ариун цэврийн өрөөнөөсөө бусад бүх өрөөндөө камертай. Тухайн өдрийнхөө камерын бичлэгийг ил гаргачихвал олон нийтийг талцуулахгүй. Бизнесийн нэр хүндэд ч халдахгүй юм л даа.

-Гомдол гаргасан айлд үйлчилж байсан асрагч нар яагаад ойрхон хугацаанд солигдсон юм бэ?

-Ер нь монголчууд хувь хүний хариуцлага муутай, тогтвортой ажил хийж чаддаггүй. Эхний асрагч тэр айлдаа гурван сар ажилласан. Гурван сар ажиллаад сүүлдээ гэр бүл нь зөвшөөрөхгүй байна гээд ажлаасаа гарсан. Дараагийн асрагч нь бага насны хүүхэдтэй, хүүхдээ харна гээд гарсан. Дараа нь очсон асрагч зуны гурван сарын гэрээтэй л байсан. Үлдсэн хоёр нь асрагч биш, гэрийн үйлчлэгч.

-Асрагч нараа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулалгүй айл руу шууд явуулдаг гэсэн комментууд их байна лээ?

-Тухайн гэр бүлд очих хүүхэд асрагчийг эрүүл мэндийн шинжилгээнд заавал хамруулдаг. Тодруулбал хамтарч ажилладаг “Сор” клиник эмнэлэгт хеликобактери, цагаан хорхой, дох, сүрьеэ, тэмбүү, элэгний B,C гэсэн найман төрлийн шинжилгээ өгдөг.

-Хүүхэд харна гэдэг хариуцлагатай ажил шүү дээ. Танайх асрагчаа ямар сургалтад хамруулдаг вэ?

-Одоогоор Монголд хүүхэд асрагч гэсэн нарийн мэргэжил байхгүй. Харин хүүхэд асрах үйлчилгээний тухай хууль гэж батлагдсан. Гэхдээ энэ хуулинд айлын гэрт очоод хүүхэд асрах тухай огт дурдагдаагүй. Өөр төрлийн үйлчилгээнүүд дээр тусгагдсан байдаг. Манайх хүмүүсээ ажилд авахдаа зарын сүлжээгээр хайж, ирсэн хүмүүсээс асуумж авч, ар гэрийг нь судалж сэтгэл зүйн сорилго тавьдаг. Үүний үндсэн дээр компанийнхаа мэдээллийг маш сайн өгдөг. Ингээд хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ хийнэ. Мөн цагдаагийн болон хорооны тодорхойлолт шаардлагатай бичиг баримт шаарддаг.

-Д.Түвшинбаяр болон Э.Дөлгөөн нараар байгууллагынхаа сурталчилгааг хийлгээд танайд ямар үр дүн гарсан бэ. Хэрэглэгчид нэмэгдсэн үү?

-Үнэнийг хэлэхэд нэмэгдээгүй. Манай байгууллагад 2017 онд 196, 2018 онд148, 2019 онд 245, 2020 буюу одоогийн байдлаар 275 айлаас захиалга орж ирсэн байна. Мэдээж хэрэг байгууллага жил ирэх тусам л үйл ажиллагаагаа дэмжиж ажилладаг учраас бага багаар үйлчлүүлэгч нэмэгдэх нь ойлгомжтой.

-Тэгвэл фэйсбүүкээр танай байгууллагын үйл ажиллагааг бичсэнээс хойш захиалга яаж өөрчлөгдөв?

-Манайд тасралтгүй захиалга орж ирдэг байсан. Гэтэл аравдугаар сарын 8-наас хойш огт захиалга орж ирээгүй. Дунджаар 60-70 айлаас тогтмол захиалга орж ирдэг.

Д.ТҮВШИНБАЯР, Э.ДӨЛГӨӨН: HAPPY FLOWERS” ТӨВИЙН ХҮҮХЭД АСРАГЧ ОХИНЫГ МИНЬ ГЭМТЭЭСЭН

“Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр.

Үүний дараагаар бид “Happy Flowers” хүүхэд харах үйлчилгээний төвөөр хүүхдээ харуулсан иргэн Э.Дөлгөөн болон Д.Түвшинбаяр нартай холбогдсон юм. Д.Түвшинбаяр “Энэ болсон явдлыг зүгээр л хүмүүс хоорондоо муудалцаад байна гэж битгий ойлгоосой. Ер нь ийм зүйл болсныг бид ил болгосноор ард нь маш олон эцэг, эх хүүхдүүд хохирсон, цалингаа авч чадаагүй зэрэг олон зүйл гарч ирсэн. Тэгэхээр хэвлэлийнхэн та бүхэн бид хоёрт анхааарахаасаа илүү тэр олон хохирсон хүмүүс рүү анхаарлаа хандуулбал зүгээр юм болов уу” гэлээ.

-“Happy Flowers” хүүхэд харах төвөөр найман сарын хугацаанд үйлчлүүлсэн юм байна шүү дээ.

-Бид хоёр Шведэд амьдарч байгаад Монголд ирээд удаагүй байсан. Тухайн үед олон ч компани хамтарч ажиллая, танай влогт сурталчилгаанд оръё гэдэг санал ирдэг байсан. Яг тэдний нэг нь Э.Ууганцэцэг гэх эмэгтэй. Өөрөө бид нар дээр ирээд “Би хүүхэд асардаг компанийн захирал байгаа юм аа. Та хоёртой хамтарч ажилламаар байна. Та хоёрт би үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлье. Үйлчилгээ авч байгаа байдлаа влогоороо сурталчлаад өгөөч ээ” гэсэн санал тавьсан.

-Мэдээж сурталчлах гэж байгаа компаниа судалсан байх?

-Мэдээж судалсан. Бүр ажлын байран дээр нь хүртэл очсон. Тэгсэн бид хоёрт олон улсын байгууллагад гишүүн болсон бичиг цаас, Монголд мөрдөх гэж байгаа стандарт, сургалтын хөтөлбөр, ажилчдын материал гээд бүх юмаа үзүүлсэн. Тэгээд танай охин руу бид хамгийн сайн ажилтнаа явуулна гэсэн. Ингээд сайхан зүйл яриад, сайхан зүйлийг нүдээрээ харсан бид хамтарч ажиллая гэж зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг юм.

-Энэ найман сарын хугацаанд хэдэн асрагч ирсэн бэ?

-Хүүхэд асрагчаар манайд зургаан хүн ирсэн. Өөрөө тоог нь хасаад яриад байна лээ. Хамгийн эхэнд н.Хулан гээд охин ирсэн. Маш сайн ажиллаж байсан. Удалгүй амьдралын шаардлагаар ажлаасаа гарахаар болсон. Тэгсэн гарах үедээ над руу чат бичсэн. “Түвшөө ахаа “Happy Flowers” миний цалинг дутуу өгсөн. Захирал “Би энэ хүмүүстэй бартер хийж чамайг ажиллуулж байгаа, тэр хүмүүс биш би цалинг чинь өгч байгаа. Зүгээр сууж амарчихаад цалин авна гэж юу байсан юм. Даварчихсан юм” гэж загнасан. Ингэхээр нь бид хоёр танай компанийн дотоод асуудалд оролцож чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн энэ хүүхдийн араас н.Ану гээд мөн л сайн ажилладаг охин ирсэн. Жаахан хүүхэдтэй, харах хүнгүй гээд мөн л ажлаас гарсан. Тэгсэн сүүлд ажлаас гарсан охин мөн л над руу “Миний сүүлийн сарын цалинг өгсөнгүй, та компани руу хэлээд өгөөч. Эсвэл та хоёр мөнгөө өгөхгүй байгаа юм уу” гэж ярьсан. Энэ охин Э.Ууганцэцэгийг шүүхэд өгчихсөн байгаа юм билээ. Удахгүй шүүх хурал нь болно.

-Охиныг тань унагааж гэмтээсэн, гар нь урагдсан гэсэн. Гэтэл “Happy flow­ers” байгууллагын захирал манай асрагчид хүүхдийг гэмтээсэн зүйл огт байхгүй гэж хэлсэн?

-Охины маань эрүүний доод талд хөхөрсөн байгааг ээж рүүгээ гүйж яваад унасан гэсэн түүх зохиож яриад байна. Тэр хүн юу ч ярьж болно. Харин баримттай л ярих хэрэгтэй. Хэрвээ Дөлгөөнөө нүүрээ будаж байгаад тийм зүйл болсон бол тухайн өдөр ажиллаж байсан н.Янжиндулам руу “дүүгийн чинь эрүү яагаад хөхөрчихсөн, яагаад гар нь урагдчихсан юм бэ” гэж чат бичих шаардлага байхгүй. Энэ мэтчилэн хүмүүсийг талцуулахаа болиоч ээ. Ер нь ингээд харахад хүүхдэд ээлгүй, хүүхдээр бизнес хийдэг компани гэдэг нь тодорхой байна.

-Олон асрагч солигдсон юм байна шүү дээ. Асрагчид урьд нь ямар нэгэн асуудал гаргасан уу?

-Нэг асрагч өмнөх орой нь шоудаад маргааш өглөө нь шууд манайд ирсэн. Ямар ч сургалтад сууж бэлтгэгдээгүй хүнийг манайх руу шууд явуулсан байсан. Охин тэр өдөр ирээд хоёр өрөөнд ээлжилж унтаад байсан л даа. Тэгсэн “Би энэ ажилд орно гэж мэдээгүй, гэнэт над руу утасдаад явуулсан учраас би юу хийх, яаж хүүхэд асрахаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Энэ байдлыг нь тэр дор нь менежер лүү нь утасдаад хэлсэн. Тэгсэн “Уучлаарай манайх андуураад явуулчихсан юм байна” гэж хэлсэн. Гэтэл одоо энэ талаар огт ярихгүй байна.

-Э.Ууганцэцэг захирал танай менежерийг ирж 25 сая төгрөг нэхэмжилсэн гэж байсан?

-Бид хоёрын зүгээс ямар ч мөнгөний нэхэмжлэл хийгээгүй. Нэмэхжлэл гэдэг чинь тамга тэмдэгтэй, данс, нэр, утсаа бичсэн зүйл байдаг биз дээ. Хэрвээ байгаа гэвэл тэрийгээ гаргаад үзүүл л дээ. Хүмүүс хохирсон асуудал байхад яагаад өөр тийш нь чиглүүлээд байгаа юм бэ. Хохирсон маш олон хүүхдүүд байна. Жишээлбэл, тэднийд захиалга өгөхдөө 90мянган төгрөг явуулж хохирсон хүмүүс байна. Мөн ажилчид нь цалингаа авч чадаагүй. Хэрэв бид хоёр энэ постыг бичээгүй байсан бол энэ хүмүүс чимээгүй л байх байсан байна лээ. Жишээ дурдвал, бичсэн постны доор нэг хэрэглэгч “Ёстой хогийн газар. Бэлддэг,хянадаг, шинжилгээ өгүүлдэг гэдэг нь ёстой худлаа. Зар тавиад ирсэн хүнээ шууд айл руу нь явуулчихдаг. Манайх руу явуулсан хүн нь хеликобактертай байсан. Манай хүүхдүүдэд тэр нь халдсан. Ингээд хариуцлага нэхэхэд өөдөөс дарамталсан” гэсэн байгаа юм. Мөн өөр нэг үйлчлүүлэгч “Миний хүү энэ компаниас болж хагалгаанд хүртэл орсон. Хариуцлага байхгүй муухай газар” гэсэн байгаа юм. Энэ мэтчилэн олон кэйсүүд байна. Тэгэхээр энэхүү байгууллагын тэр олон бичиг цаас хөрсөн дээрээ буухгүй л байгаа юм даа. Бид хоёрын яриад байгаа гомдлыг бидний постон дор бичиж байгаа бүх гомдол санал баталж байна. Ийм байхад яагаад үйлчилгээгээ сайжруулахгүй байгаа юм бэ. Нэмэж хэчнээн хүүхдийг хохироох юм бэ.

-Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөөх газарт гомдол гаргасан гэсэн. Өөр ямар байгууллагуудад хандсан бэ?

-Бид ШӨХТГ-т гомдол гаргасан. Биднээс өөр олон хүн энэ асуудлаар гомдол гаргасан байгаа юм. Хүмүүс янз янзаар л бодож байна л даа. Хамгийн гол нь хоёр талын хэрүүл биш, хохирогчдыг бодох хэрэгтэй. Олон хүмүүсийг дахиж хохироомооргүй байна.

С.ЛХАМСҮРЭН