Г.Бадамсамбуу: Аялагч хүн эхлээд Энэтхэг, Америкийн соёлыг сайн мэддэг байх ёстой
2020/10/21
“Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч, зохиолч Г.Бадамсамбуутай ярилцлаа.
-Монголчуудын шимтэн үздэг нэвтрүүлгийн нэг яахын аргагүй“Аяллын цаг” байсан. Тухайн үед хүмүүс тэрхүү нэвтрүүлгээр л мэдлэг олж авдаг байлаа шүү дээ. Та энэ үеийн түүхээсээ хуваалцаач?
-“Аяллын цаг” нэвтрүүлгийн анхны дугаарыг 1998 онд үзэгчдэд толилуулж байлаа.Монголд аяллын сэтгүүл зүйг 20 жил тогтмол, давтамжтайгаар хүргэжээ. Тухайн үед МОНРТ-ийн “Цагийн хүрд”, “Аяллын цаг” гэсэн хоёр нэвтрүүлэг л олон үзэгчтэй байсан юм. Ерөнхийдөө эхний дөрөв, таван жил хамгийн оргил үе нь байв. Энэ бол миний сайных биш, цагаа олсон зүйл гэж боддог. Долоо хоногт нэг нэвтрүүлгээ 35-45 минут гаргаад дараа нь давтдаг. Дэлхий ертөнцийг танин мэдэх хэрэгцээ их ч гэлээ санхүү бага учраас хүн бүр төдийлөн аялж чаддаггүй, Монгол Улс дөнгөж л дэлхийн хөгжил рүү орж байх үе шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тун ховор. 1998 он гэхэд арай гайгүй чинээлэг нь гадаад явж ганзагын наймаа эрхэлж байсан юм. Монгол хүн дэлхийгээр аялж нэвтрүүлэг хийгээд, түүнийгээ телевизээр гаргахаар их сонин үзэгдэл болж таарсан. Бусад нэвтрүүлэг коммунизм хэв маягаар ярьдаг, дууны тавилттай байхад миний нэвтрүүлэг энгийн хүүрнэл маягтай байсан нь онцлогтой. Тэр үед телевиз болгон аяллын нэвтүүлэгтэй шуурганы үе байж. 1980-аад оны дунд үеэс эхлээд дэлхий даяар аяллын сэтгүүл зүй хөгжиж, улс орон болгон энэ талын ододтой болсон. Бид чинь социализмын үед алдарт аялагч, хөтлөгч Юрий Александрович Сенкевичийг үзэж өссөн дөө. 1990-ээд оноос нийгэм хөгжөөд хүмүүс гадагшаа яваад ирэхээрээ ийм төрөл зүйл байдаг гэдгийг сонирхож эхэлсэн юм. 1997 онд аяллын сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэх боломжийг судлахаар Их Британи руу яваад 1998 оны тавдугаар сард нэвтрүүлэгт хэрэгтэй тоног төхөөрөмжөө авчирч, оны сүүлээр анхны нэвтрүүлгээ хийж байлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн 60 гаруй улсаар болон Монголынхоо бүх аймгаар аялсан байна. Жилд дунджаар 40 орчим нэвтрүүлэг бэлтгэдэг. Гадны жишгийг харахаас гадна аялалд сонирхолтой зантай минь холбоотой санагддаг. Аав минь их үлгэр жишээч хүн байсан юм. Багаасаа л үлгэр туульс сонсож, адал явдалт зохиолын ном их уншдаг байсан нь нөлөөлсөн болов уу.
-Та анхны аяллын нэвтрүүлгээ “Бурхан халдун”-аас бэлтгэсэн юм билээ. Энэ тухай сонирхуулахгүй юу?
-1997 оны намар Их Британи, Францаар аялаад ирэхдээ 30 гаруй нэвтрүүлгийн нөөцтэй ирж билээ. Мөн “Дэлхийн орнуудын хөгжил, түүх, соёл уламжлал, угсаатан зүй, амьдрах ёс зэргийг нь харуулсан нэвтрүүлэг хийе” гэдэг шинэ санаа, хүсэл мөрөөдөлтэй ирсэн.Тэгээд анхны бүтээлээ 1998 оны тавдугаар сард “Бурхан халдун” уулын тахилгад очиж баримтат нэвтрүүлгээр эхлүүлэн 1999 оноос үндсэндээ тогтворжуулж, “Гараг” продакшнаа байгуулж байсан.
-Тухайн үед та дөрвөн жил ганцаарчилсан аялал хийсэн гэж байсан?
-Эхний таван жил ганцаарчилсан маягаар аялдаг байлаа. Аяллын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд зардал, төсвөөс эхлээд бэрхшээл их байсан учраас бүгдийг өөрөө хийх шаардлагатай байсан юм. Тиймээс гар камер, фото хэрэгсэл зэрэг чухал зүйлүүдээ үүргэвчиндээ хийн гадаад, дотоодгүй явсан даа. Өөрийнхөө хүсэл тэмүүлэлд итгэж зоригтой аялж байсан. Нөгөөтэйгүүр Монголд ийм төрлийн зүйл байдаггүй учир би түүнийг бий болгох хэрэгтэй гэх шаардлага намайг урамшуулж байсан юм. Анхдагч зүйл хийж байгаа хүнд ухрах зам гэж үгүй биз дээ. Тиймээс ядрах сульдах гэдгийг тоодоггүй байж. Анх нэвтрүүлгээ хийхдээ хүмүүст хэр хүрэх бол хэмээн эргэлзэж байсан ч таван нэвтрүүлэг гарсны дараагаар хүмүүс намайг дэмжиж, урамшуулж эхэлсэн. Тухайн үед монгол сэтгүүлч хэзээ ч гадаад руу аялж чадахгүй гэдэг ойлголттой байсныг Франц, Англи, Энэтхэг зэрэг орнуудаар явж шинэ сонирхолтой зүйлийг харуулж, монгол хүн дэлхийн бусад орон руу аялж чаддаг гэх ухагдахууныг суулгаж өгсөн гэж боддог. Тэр үедээ мөрөөдөл байсан зүйл одоо их энгийн болчихсон.
-Та одоо ямар ажил хийж байгаа вэ. Судалгаан дээрээ төвлөрч ажиллаж байна уу?
-“Буриад өтлөхөөрөө орчуулагч, бух өтлөхөөрөө маханд” гэдэг үг байдаг даа. Хуучин цагт жаахан орос хэл мэддэг нь буриадууд байж л дээ. Тэгээд өтлөхөөрөө орчуулагч болчихдог. Түүн шиг ахмад болоод ирэхээрээ зөвлөдөг л хүн болдог юм байна (инээв). Одоо судалгаа хийж, хэд хэдэн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Монгол Улсын Их сургуульд эрдмийн цол хамгаалах судалгааг хийж байгаа. Монголчуудын хуучин хошуу ноёдын хийж байсан 300 жилийн өмнөх газрын зургийн судалгаа “Түүхэн газрын зургийн цомог” нэртэйгээр түүхийн ухааны доктор судлаач Ж.Гэрэлбадрах, Ш.Мөнхбаатар нартай хамтарч гурван ботиор хэвлүүлсэн. Түүнээс гадна хоёр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Өнөөдөр монгол агуулгаар бүтсэн хүүхдийн контент алга. Тиймээс би Монголын үндэсний баатар гэсэн тодотголтой “Бумбардай” төслийнхөнтэй хамтарч хүүхдийн зурагт номын чиглэлийг хөгжүүлэхээр залуусаа дэмжин ажиллаж Монголын түүхийн 3000 жилийг зурмал өгүүлэмжээр цуврал ном хийх төслийг эхлүүлээд байна.
-Тийм шүү хүүхдэд зориулсан монгол контент тун ховор?
-Ер нь зурвал ном буюу комик төрлийг Монголд илүү хөгжүүлэхээр гар бие оролцон ажиллаж байна. “Бумбардай” цувралын эхний хоёр дэвтэр нь гарчихсан. Зөвхөн хүүхэд гэхээс илүү бүх нийтэд зориулсан сонирхолтой хялбар аргаар, хурдан бөгөөд энгийн маягаар уншдаг шинэ төрөл зүйл юм. “Бумбардай” төслийн зураач Н.Эрдэнэбаяр, Э.Тамир нартай хамтарч ажиллласан. Түүний нэг нь Д.Сүхбаатар жанжны тухай бүтээл. Энэхүү түүхэн бүтээлийг Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан 10 дэвтрийг гаргахаар төлөвлөн буй. Би үүн дээр хамтарсан зохиогч, зөвлөхөөр ажиллаж байгаа.
-Одоо аяллын нэвтрүүлэг их болсон. Таны бодлоор аяллын нэвтрүүлэг ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?
-Аливаа зүйл цаг үеэ дагаад өөрчлөгдөлгүй яахав. Гэхдээ одооны нэвтрүүлгийн чанар их муудсан. Би өөрөө хэвлэл мэдээллийн салбарын хүн байсан болохоор ч тэр үү сэтгэлээсээ хийдэг байсан юм. Ер нь үзэгчид гэдэг маш чухал. Одооны нэвтрүүлгүүдийн үзэгчид тухайн үеийн “Аяллын цаг” нэвтрүүлгийн үзэгчдийн дайтай байж чадахгүй л болов уу. Учир нь хэвлэл мэдээллийн салбар хөгжсөн, түүнээс гадна нийгмийн сүлжээгээр дамжуулан богино хэмжээний контентуудыг хүлээн авдаг болсон. “Аяллын цаг” шиг хөтөлбөр явбал үзэгчид ховор үзэх байх. Миний “Аяллын цаг” хийхгүй байгаа гол шалтгаан чинь энэ шүү дээ. Миний арга барил хуучирсан байх. Ер нь би хүмүүсийн төдийлөн хийгээд байдаггүй шинэлэг зүйлийг бүтээх сонирхолтой. Орчин цагт энгийн сэтгэгдэл төдий хэв маягаар хүргэдэг болчихсон юм билээ. Ямар ч нарийн деталчилж тайлбарласан зүйл байхгүй. Энэ бүгдийг үзэгчид үзсэн үзээгүй хийх ёстой юм шүү дээ. Мэдлэг үйлдвэрлэхийн тулд эдгээрийг зориудаар бүтээх ёстой. Монголд тийм зүйл дутагдахаар цоорхой үүсч эхэлж байгаа юм. Хэрвээ үүнийг бусад нь хийхгүй бол би хийдэг ч юм билүү гэсэн бодол хааяа төрдөг.
-Таныг нэвтрүүлгээ хөтөлбөл хүмүүс их үзэх байх даа?
-Би тэгж боддоггүй. Эргэн тойрныхон маань “Та бусад зүйлүүдээ орхиод зөвхөн аяллын нэвтрүүлгээ эргээд хийгээч” гэдэг л дээ. Гэхдээ намайг үзэж дассан хүмүүст тэгж санагддаг болов уу.
-Танд аяллын нэвтрүүлгээ тэр үед л тэгж хийсэн бол сайн болох байж дээ гэсэн бодол төрж байв уу?
-Миний хийсэн аяллын нэвтрүүлгүүд өндөр чанартай, дээд зэргээр үзэгчдэдээ хүргэх ёстой байсан. Гэтэл техник санхүүжилтээс авахуулаад дутмаг үе байсан учир тухайн үед сэтгэл ханамжтайгаар бүтсэн зүйл тун ховор. Гэхдээ “Аялын цаг”-аар 500-гаад нэвтрүүлэг хийсэн байдаг юм. Миний хийсэн нэвтрүүлэг доод тал нь таван цаг, дээд тал нь 20 цаг болдог байсан. Түүнээс ердөө 40 минутыг л телевизээр гаргадаг. Хэдэн мянган хүн намайг дэмждэг байсан ч нэвтрүүлгээ харахаар нэг л өрөвдмөөр санагддаг. Хааяа найзууддаа “Би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрч чадаагүй эмгэнэлтэй хүн” гэдэг. Нэг талдаа би азтай ч юм шиг нөгөөтэйгүүр тийм биш санагддаг.
-Аялал болгон адал явдлаар дүүрэн байдаг шүү дээ. Таны хувьд санаанаас гардаггүй аялал гэвэл...?
-Би чинь аяллын нэвтрүүлгийн оргил үедээ жилд 60 мянган километр аялдаг байсан юм билээ. Энэ нь дэлхийг жилдээ 1,5 тойрно гэсэн үг. Шотланд, Израйл, Арабын нутгаар явж байх үеүд их гайхалтай байж. Монголоос гэвэл Хяргас нуур болон Увсын Хэцүү хадыг анх үзүүлсэн мөчөө их санадаг юм. Гайхалтай сайхан түүх, дурсгалт газрууд, байгалийн сайхантай газруудаар их явж дээ. Тэгээд 15 жилийн дараа миний нэвтрүүлэг үзэгчдэд хүрч, хүмүүс хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарсан. Ширээ тойроод ярьж суугаа 10 хүний найм нь Монголд үзэж харах зүйлгүй мэт гадны улсуудыг л шүтэж ярьж байсан бол энэ нэвтрүүлгийг хийснээр одоо ширээ тойрч суусан 10 хүний найм нь “Эхлээд Монголоо үзнэ” гэсэн ухагдахуун суучихсан байсан. Нэвтрүүлгээ хийж эхэлсэн шалтгаан ердөө л энэ шүү дээ.
-1990-ээд оны үед уран зохиолд “Зүс бүгэг андууд” бүлгэм үүсч байсан нь тэр үеийн яруу найргийг тодорхойлж байсан гэдэг?
-Монголын нийгэмд шинэчлэл хувьсгал эхэлж байсан үе л дээ. 1987 оноос би хийсвэрлэлийн утга зохиолын чиглэлээр судалгаа хийж эхэлж байсан юм. “Зүс бүгэг андууд” ном бол Монголын уран зохиолд анх удаа “Хий сэрэмжийн яруу найраг” гэдэг зүйлийг оруулна хэмээн томьёолж байв. Өөрөөр хэлбэл утга зохиол, яруу найргийн цэцлэх, уянгалах, утгачлах зүйлээс илүүтэйгээр хүний тэр далд мэдрэмж, харанхуй, ёр тэргүүтнийг зуран үзүүлэх сэтгэл зүй гэдгийг яаж харуулах вэ гэдэгт зорьж байсан юм. Тухайн үед ийм хийсвэр сэтгэлгээтэй, утгагүй номыг хаана ч хэвлүүлэх боломжгүй байж. Тэгээд тэр үед чинь би Увс аймгийн сонины эрхлэгч байсан болохоор давуу эрхээ ашиглаад л Монголын уран зохиолд анхны модернист буюу шинэчлэгч уран зохиолын чиглэлээр анхны номоо 1991 оны нэгдүгээр сард хэвлүүлж байлаа. Гэхдээ зургадугаар сард хэвлэгдсэн гэдгээр бичигдсэн. “Зүс бүгэг андууд” гэдэг ном 1500 орчим хэвлэгдэж хэдэн жил шуугиан тарьсан юм.
-Та хичнээн яруу найргийн болон эрдэм шинжилгээний өгүүлэл гаргав?
-“Зүс бүгэг андууд” номын дараагаар Зохиолчдын эвлэлийн 1996 оны шилдэг номын цувралд “Явна” гэдэг богино өгүүллийн номоо гаргасан.Түүнээс хойш “Үлэмж үзэхүй” хэмээх номоо 2000 онд хэвлүүлсэн юм. Ер нь хэд хэдэн тууж, өгүүллэгийн ном хэвлэгдэх байсан ч бүтээж чадаагүй. Одоо дахин хэвлэгдэхгүй байх. Хөгшин болоод ирэхээр өв болгон гаргаж магадгүй л юм. Эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл, Нэвтрүүлэг, баримтат киноны тухайд 1000 гаруй бүтээл байгаа. 2014 онд гаргаж байсан номынхоо хоёр дахь хэвлэлийг энэ оны сүүлээр гаргахаар болсон.
-Ер нь яруу найрагчид энэ дэлхий дээр байхгүй байсан бол гэж бодож байв уу?
-Яруу найрагч, хөгжмийн зохиолчид үгүй бол дэлхий уйтгартай байж мэднэ. Нийгмийн тайвшралыг бий болгодог уран зураг, хөгжим, яруу найраг гээд торгон мэдрэмжийн урлагууд XVII-XX зууны эхэн хагас хүртэл оргилдоо хүрсэн юм. Одоо бол яруу найраг хэзээ ч оргилд гарч чадахгүй байх. Учир нь орчин үед хүмүүсийг маш олон төрлийн мэдээллээр анхаарлыг нь тал тал тийшээ татдаг болчихсон. Зөвхөн арилжааны хэв маягтай уламжлалт хэв маягийн үргэлжлэл мэт болно. Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр. Түүнээс бусад үед яруу найраг утгагүй зүйл байх болно. Яруу найрагчид тэнэг байх болно. Гэтэл энэ нь хамгийн нарийн мэдрэмжийг хүлээж байдаг тансаг орон зай. Энэ зүйлээс хэзээ ч урваж болохгүй. Гэхдээ л би урвадаг. Учир нь яруу найраг уран зохиолыг бүтээх бололцоо Монголд байдаггүй. Мөн маш их трансад оруулдаг учир мансуурсан амьтан баймааргүй байна ш дээ (инээв).
-Та маш олон газарт очиж нэвтрүүлгээ бэлдэж их туршлага суусан хүн. Одооны ихэнх залуучууд аялах сонирхолтой болчихсон. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Миний аялж байх үеийн хамгийн гоё диваажин Европын нутаг л байсан. Ер нь аялал гэдэг өөрийн сонирхдог зүйлийг л очиж үзэх байдаг юм билээ. Ерөнхийдөө бол бүх орны соёл иргэншлийг үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Ойрх Дорнод, Энэтхэг, Хятадын гол суурь соёлууд, Европ, Канад, Австрали Шинэ Зеландыг очиж үзэхэд илүүдэхгүй байх. Аялагч хүн эхлээд Энэтхэг, Америкийн соёлыг сайн мэдсэн байх ёстой гэдэг. Миний аяллын цаг хамгийн гайхамшигтайг нь түүж үзүүлдэг байсан гэх юм уу. Хүн хотын соёлыг үзэж болдог. Харин байгалийн сайхныг үзэх, байгальд дуртай болох гэдэг маань харьцангуй өөр ойлголт. Хүн болгоны хийж чаддаг зүйл биш. Байгаль бол эцэс төгсгөлгүй үзэсгэлэнтэй юм. Байгальд явж сураагүй хүн говьд очихоороо муухай санагдана. Туйлд очихоороо хүйтэн санагдана. Эцсийн дүнд бид тэр л хязгаараас төрсөн. Ядаж жилд нэг удаа байгальд гарч үзэх хэрэгтэй шүү.
-Сүүлд археологичид “Лун Чен буюу Луу хот”- ыг олж олонд зарласан шүү дээ. Энэ мэтчилэн түүхийн үнэт олдворуудыг олвол Монгол дэлхийд нэртэй болох боломжтой гэдэг. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
-Дэлхий биднийг бүдүүлэг нүүдэлчид гэж үздэг. Чухам яагаад гэхээр суурьшмал иргэд түүхээ зохиодог учир биднийг тийнхүү нэрлэсэн юм. Ер нь тариачинаас өөр бүдүүлэг нүүдэлчин гэж байдаггүй. Манайд Хүннүгийн эзэнт гүрэн байсан тухай дэлхий мэддэг. Гэхдээ барууны болоод суурьшмал хэрэглээний эрдэмтэд бүдүүлэг хэмээн ярьдаг ч эзэнт гүрэн байсан гэдгийг зөвшөөрдөг. Бүдүүлгүүд хэзээ ч эзэнт гүрэн байгуулдаггүй. Үнэн хэрэгтээ Австралийн абрегенүүд, Лабландын нүүдэлчид гээд хамгийн дорой нүүдэлчдээр бүдүүлэг гээд төсөөлчихсөн байгаа юм. Бид тийм биш. Бүдүүлэг гэдэг ангиллаас гарахын тулд тэдний үгүйсгэж чадахааргүй археологи, түүхийн олдворын мэдээлэл бидэнд байх ёстой. Гадныхан Хүннүгийн үе тийм сүрхий байсан юм бол хот суурин газар, тариалан нь хаана байгаа юм гэдэг. Үүнийг бид 70-аад оноос эхлэн жижиг хот суурин, газар тариаланг үзүүлж эхэлж байсан. Харин өнгөрсөн зун Т.Идэрхангай тэргүүтэй археологичид Орхоны хөндийд туурь олсон нь “Луу хот буюу Өвст хот” байсан. Энэ нь бусад хот суурингаас онцлог. Ерөнхийдөө “Луу хот” хэмээн томьёолчихоод дараа нь биш байсан бол тэр ерөөс шившиг болохгүй. Учир нь судалгаа гэдэг энэ удаа биш ч дараа нь хайна гэсэн уян хатан байдаг. Тиймээс “Луу хот” гэж зарлаж үзсэн юм гэдэг сигналь хэрэгтэй. Ямартаа ч гэсэн энэ сайхан мэдээ. Энэхүү судалгаа батлагдсан ч бай үгүй ч бай, гайхалтай зүйл. Бид 100 жилийн тэртээгээс тусгаар тогтнолоо олохын тулд алхам алхмаар ахиад л байгаа.
Д.ОТГОНТУЯА