Дөрвөн хүүхэд, насанд хүрсэн нэг иргэн галд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө Баянзүрх дүүрэгт гарчээ. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух айл шатаж байна гэх дуудлага мэдээлэл зургаадугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 00:25 цагт ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагын алба хаагчид уг хэргийн газарт ажилласан. 

Урьдчилсан байдлаар тухайн хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х-ийн нийлүүлж барьсан хоёр монгол гэр шатсаны улмаас насанд хүрсэн нэг, 0-12 насны дөрвөн иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон.

Хэргийн газарт үзлэг хийгээд хөрсний дээж болон бусад шаардлагатай дээжүүдийг авч шинжилгээнд хүргүүлсэн. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан хугацаанд гарсны дагуу иргэдийн нас барсан шалтгаан, нөхцөлийн мэдээллийг өгнө. 

Он гарснаас хойш иргэдийн болгоомжгүй байдал, ахуйн хүрээний гал алдах зэргээс болж ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг бүртгэгдсэн" хэмээн ярилаа.