Хаан яг ингэж төрдөг
14 цагийн өмнө
Засгийн газрын хувь заяаг УИХ-аар хэлэлцсэн шөнө төрийн тэргүүн парламентын танхимд гэнэт заларч олныг ангайлгав. Мань эр 126-г өмнөө суулгаж байгаад “Ард түмнээ битгий ингэж талцуулж шар махтай нь хатаа. Асуудлаа шийд. Ард түмэн харж байгаа шүү. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлыг шийдэхгүй бол, ард түмний хүслийг биелүүлж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй янзтай байна шүү” гэж хэлэв.
Хөмхийгөө зууж, харцаа ширүүсгэж, үл мэдэг жишүү сууж байгаад унагасан энэ үгийнх нь цаана яг ямар зүйл нуугдаж буйг лавлаж харцгаая. Т
овчхондоо мань эр “Жагсагчид Засгийн газрыг огцор гэж жагсаад байна. Засгийн газрыг огцруулах шийдвэрийг та нар гаргахгүй бол би зүгээр суухгүй шүү. Аятайхан байгаарай та нар” гэчихсэн. Түүний үгийн цаана ийм далд утга нуугдаж байсныг улс төр гадарлахгүй цөлх нэгэн ч олж харахаар байсан гэдгийг онцлон тодотгоё.
Биеийн хэлэмж, ярианы өнгө гэж асар том илэрхийлэмж хүн гээч амьтанд байдаг. Ухаандаа “хайртай” гэдэг үгийг үзэн ядсан өнгөөр хэлбэл хэн ч тэр сайхан үгийг яг гоё агуулгаар нь хүлээж авахгүй. Яг тэрэн шиг ард түмний нэр барьсан нэгдүгээр хүний хөмхий зуулттай үгийг хэн ч “иргэдээ бодсон энгийн сайхан сэтгэлээс гарсан үг” гэж хүлээж авахгүй. Намбарын хүүг нийтээрээ “дарангуйлагч” гэж цоллосоор ирсэн. Ц.Элбэгдоржийг “түмнийг хошгоруулагч”, “ард түмний эсрэг дайсан” гэж адласаар ирсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч парламентын засаглалыг ингэж доош нь хийсэн удаа үгүй. Хууль тогтоогчдыг өмнөө суулгачихаад ингэтэл нь гөлөлзүүлж байгаагүй. УИХ-ын гишүүдийг урдаа суулгачихаад “Засгийн газрыг огцруулахгүй бол араа мэдээрэй та нар” гэсэн утга, өнгөтэй үг хэлж айлгасан ямар ч төрийн тэргүүн Монгол Улсад байхгүй.
“Хууль тогтоогчдыг айлгасан” гэдэг үгээ одоо нотолъё. Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг хуулиараа хүлээсэн төрийн тэргүүний ард түмнээ талцуулсан, парламентын засаглалыг илтэд ганхуулахуйц мэдэгдлийг ганц эмэгтэй гишүүнээс бусад нь огт шүүмжлэхгүй гөлөлзөж байна. Л.Мөнхбаясгалан гишүүн л цор ганцаараа “Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ умартлаа. Одоо түүнийг суудлаас буулгах асуудлыг ярина” гэж дуугарлаа.
Ингээд харахаар бид өөрсдөө ч мэдэлгүй хаан төрүүлчихсэн юм биш үү. МАН-ын төв байранд эрх баригч намын гол хүмүүс “Ордонд нэг том хаан гараад ирчихлээ шүү. Номер нэгийн өмнөөс хэн ч юм дуугарч чадахаа болилоо” гэж өөр зуураа шивнэлддэг болсон гэх жиг жуг бий. МАН-ын томчууд энэ үгээ чанга ч хэлж чадахгүй, шивнэлдэхээс хэтрэхгүй болчихсон гэхээр хаан аль хэдийнэ төрчихсөн, өндөр төрийн сэнтийд дураараа дургин суугаа юм биш үү.
Парламентын засаглалтай улсад төрийн тэргүүн нь хууль тогтоогчдыг заналхийлнэ гэдэг бол, номер нэгийн сүрдэм мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүд алга ташиж сууна гэдэг бол ардчилалд аюул учирсаны, хаан төрсний тов тод шинж мөнөөсөө мөн. Парламентын 126-г ингэж гөлөлзүүлж дөнгөсөн нөхөр Ерөнхий сайдыг яаж дарамталж байсан бол?! Ингээд бодохоор хэвлэлээр шуугьсан “Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдын толхилцоо” үнэн болж таарч байна. Яг нарийндаа танхимаасаа урваж урвагчаараа цоллуулан түнтгэнэж буй МАН-ын найман сайд ч нэгдүгээр хүний дарамтаас болж тийм шийдвэр гаргасан нь ойлгомжтой. Хэрэв тиймгүй бол хэн л урвагчаараа цоллуулж, улс төрийн тавцанд нэр нүүрээ барахыг хүсэх вэ дээ.
Ер нь аль ч нийгэмд дарангуйлагчид шуудхан л ил тодоор “Би та нарыг дарлаад өгнө өө, ардчиллыг уландаа гишгэнэ ээ” гэж сэлэм эргүүлээд гарч ирдэггүй. Тэд тун чимээгүй “мэндэлцгээдэг”. “Ард түмний төлөө, ард түмэн минь, ард түмэн л бүхний дээр” гэсэн халуун дотно, хайлж уярам үгсийг урсгасаар “төрцгөөдөг”. Гитлер гэхэд яалаа даа. Түмэнд хайр зарласан хачин уран үгсээрээ Германы иргэдийг хуйлруулж, төрийн өндөр суудалд залрангуутаа хүн төрөлхтний эсрэг том дайн дэгдээсэн.
Дарангуйлагч ингэж төрдгийг анзаарахгүй явсаар “мөнхийн хаан”-ыг дээрээ залчихдаг хэрсүү биш үндэстний хөгжил яадаг гээ. Дарангуйлагчийг олж хараагүйгээсээ болж, хэрсүү байгаагүйгээсээ болж хүн төрөлхтний хөгжлөөс нийгмээрээ, хэдэн үеэрээ гээгдэж хоцордог. Товчхондоо дэлхийн хөгжлийн тойргийн гадна үлдчихдэг. Яг хойд Солонгос шиг.
Цагийн өнгө нэг л биш болчихсоныг мэдэрсэн хэрнээ, хаан төрчихөөд буйг анзаарсан мөртлөө Л.Оюун-Эрдэнэ шиг байр суурь, өндөр суудлаа золин байж эрслэн зогсохгүй бол бид юу руу халтирна гээч. Хууль тогтоох засаглал руу илтэд халдаад байхад 126-уулаа гөлөлзсөн шигээ суугаад байвал, ардчилал руу нулимсан эрх мэдэлтнүүдийн алхам бүрийг хүлцэж өнгөрөөгөөд байвал маш том ангал биднийг хүлээж байгаа. Тэр ангал нь “өөрийгөө мөнхийн хаанаар өргөмжилсөн хэнд ч дийлдэхгүй дарангуйлагч” байх болно. Хаан төрчихвөл хэн хохирох вэ? Шуудхан хэлэхэд, жирийн иргэд л маш том хохирно. Улсаараа ядуурал гуйланчлал руу гулсана. Хувийн хэвшил, том төсөл, хөгжил, цэцэглэлт гэх мэт өөдрөг гоё бүхэн үгүй болно.
За тэгээд цааш яривал дарангуйлагчтай байхын зовлон барагдашгүй их. Үгүй ядах нь ээ л иргэд нь хэдэн үеэрээ хэлмэгдсэн, амиа зогоох төдий амьжиргаатай тун тарчиг зүдүү амьдрах болно доо, улсаараа. Ийм ирээдүй тэгээд хүсмээр сайхан зүйл мөн юм уу?!
Б.СҮРЭН
зочин · 5 цагийн өмнө
сүржин тэгээд даржин эр шүү
зочин · 5 цагийн өмнө
УИХ гишүүн хүүхнийг босгож байгаад загнаж байсныг санаж байна
нэргүй · 5 цагийн өмнө
сүүлийн үед стануудаар яваад байсан юм сурчээ
Зочин · 9 цагийн өмнө
ANUSDN80955877VAWALDI
Зочин · 9 цагийн өмнө
80955877
Зочин · 11 цагийн өмнө
SEXSDI80055877
Зочин · 12 цагийн өмнө
улс орон ийм хэцүү байхад ерөнхийлөгч оролцох нь маш зөв хэт залуудаад байна одоо улстөрч нар гартаа авах цаг болсон