Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Тэгвэл энэ 14 хоног эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологийн салбарын 3500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан цахимаар судалгаа  авчээ. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна.

Мөн цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлснийг судалгааны дүн харуулж байна. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.

 

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Харин хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтойг уг судалгаагаар дамжуулан авчээ. Судалгааны үр дүнгээс харахад 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийнэ 14 хоног өнгөрсөн. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэж хариулсан байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь ажлын байр. 

 

 

Турхайлбал, энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогдож ийм хэмжээний хүн ажилгүй болсон гэсэн үг. Хэрэв хөл хориог он дуустал үргэлжлүүлбэл  нэмж 430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг  МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлоход хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ.

 

 

 

 

Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Аж ахуйн нэгжүүдэд  ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бизнест үүсээд буй гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ. Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Хатуу хөл хорионы өмнө аж ахуйн нэгжүүд өвдөг сөхөрч байгааг дээрх судалгаа илтгэх аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна. Тиймээс үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх, богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох.

Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх, нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх, нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх зэрэг саналуудыг МҮХАҮТ-аас гаргажээ.

 

 

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин