З.СҮХЭЭ

Тун удахгүй монголчууд эв нэгдлийн илэрхийлэл болсон Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгоно. Нийгмийн сүлжээний цахим хуудсууд мандаж, олон нийтийн үзэл бодлыг ч эргүүлэх хүчтэй болсон сүүлийн найман жилд дэлхий дахин сошиал уу, сонгууль уу гэж өөрсдөөсөө асуух болсон билээ.

Их гүрнүүд одоо л энэ асуултынхаа хариуг олж байгаа бол арай “хаалттай”, тэр дунд пост коммунист улс орнууд сонгуулийн цаг үед сошиал хуудсыг түр хугацаанд хаах бодлого баримтлан энэ их хүчийг “тогтоон барьж” байгаа юм. Чухамдаа сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөх хүртлээ энэ хүч хэлбийсэн учрыг товч боловч тайлбарлая.

АНУ-аас Их Британи, Австрали, Мальта, Энэтхэг зэрэг улс оронд болсон сонгуулиар тэд дээрх аргаа ашиглаж байжээ. Жишээ дурдъя. Австрали улсад 2015 онд болсон ээлжит сонгуулийн үеэр тус компани Австрали улсад “Лоррейнийн гэр бүлийн нөхөрлөл” нэрээр бүртгүүлж, улмаар тус улсын Либерал намынхантай тусдаа уулзалт зохион байгуулжээ. Хэд хэдэн удаа уулзсан дээрх уулзалтаар Австралийн 310 мянган фейсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тухайн намынханд ил болгож өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэдийн хувийн мэдээлэлд тулгуурлан намын хөтөлбөр болон сонгуулийн дараагийн алхмуудаа тодорхойлж байсан хэрэг. Гэвч хожим нь 310 мянгаас ч их хүний мэдээлэл алдагдсан байж болзошгүйг орон нутгийн “Channel 4” суваг мэдээлсэн билээ. Дээрх хэрэг явдал даруй гурван жилийн дараа олон нийтэд ил болоход Австралийн засаг захиргаа нийгмийн сүлжээний хуудсуудын аюулгүй байдлыг хангах эсэх дээр томоохон компаниуд арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр тодорхой хэмжээний торгууль оноосон юм. Үүнээс гадна Австралийн аюулгүй албанд тухайн хэрэглэгч болон бүртгэлтэй хуудас руу ирж болзошгүй халдлагыг илрүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм. Мэдээж хэрэг ор тас хаах нь иргэдийн өөр эрхэд халдаж байгаа учраас цахим орчны платформ, дэд бүтцийг нь аюулгүй болгох замаар сонгох, сонгогдох эрхээ хамгаалжээ. 

Австралид болсон сонгуулиас бүр таван жилийн өмнө нийгмийн сүлжээний хуудсууд дөнгөж эхлэлээ тавьж эхэлж байхад “Кембридж Аналитика” компани Энэтхэгт болсон орон нутгийн сонгуулиар дээрх аргаа ашиглажээ. 2010 онд Бихар мужийн сонгуулиар тэд 562.4 мянган иргэний цахим орчин дахь мэдээллийг ил болгосон юм. Гар утасны бүртгэлтэй нэр, цахим хуудас ашиглаж сүүлийн хоногуудад хайлт хийсэн зэрэг мэдээллийг ашиглан дээрх иргэдийн сонирхол, сүүлийн хэдэн өдөр хийсэн хайлт, чухам юу хүсэж байгааг эрх баригчдад нээж өгсөн билээ. Энэ бүхэн найман жилийн дараа ил болсон ч эрх баригч намынхан буруутныг тогтоохоор болж, 2019 оны сонгуулиар иргэдийн цахим орчин дахь мэдээллийг хамгаалах, нийгмийн сүлжээний цахим хуудаснуудад хяналт тавихаар шийдвэрлэсэн билээ. Одоо тус улсад сонгуулийн үеэр нийгмийн сүлжээний цахим хуудсуудыг хянах хиймэл оюун ухаан бүхий серверээр иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалж байна. Сонгууль уу, сошиал уу гэх асуулт нийгмийн сүлжээний хуудсууд анх тархаж эхэлсэн газар, дэлхийн цагдаа гэж өөрсдийгөө тодорхойлдог АНУ-д ч гэсэн тулгарлаа. 

Гэхдээ бүр хоёр ч удаа. Дараалсан хоёр ч сонгуульдаа нийгмийн сүлжээний их хүчээр иргэдийн эрхэд нөлөөлсөн АНУ нийгмийн сүлжээний хуудсуудыг сонгуулийн үеэр хэрхэн ажиллуулах тухай хуулийн төслийг боловсруулж байсан билээ. Зарим радикал улстөрчид нийгмийн сүлжээний хуудсуудыг Холбооны мөрдөх товчоо хянах ёстой гэж үзэж байгаа бол дийлэнх нь нийгмийн сүлжээний хуудсуудтай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхой болгох замаар зохицуулж болно гэж үзэж байна. Тэртээ тэргүй улстөрчдийн хандлага нааштай биш байгаа тул твиттер, инстаграм, фейсбүүк хуудаснууд сонгуулийн үеэр гэнэт байгуулагдсан хуурамч хаягуудыг олж тогтоох чадвартай хиймэл оюун ухааныг аль хэдийн хөгжүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгууль дээр албан ёсоор ашиглах гэж байна. Твиттер компани хоёр сарын өмнөөс туршиж эхэлсэн. Хуурамч дүрс бичлэгүүдийг ч ялган тогтоох чадвартай гэдгийг “CNN tech” онцолжээ. Хэрэв нийгмийн сүлжээний “аварга загаснууд” хиймэл оюун ухаанаар хуурамч хаяг, илтэд сурталчилгааны шинж чанартай идэвхжүүлэлтийг ялган тогтоож чаддаг болоод эхэлбэл дэлхийн өөр бусад улсууд санал тавихад хамтарч ажиллах боломжтой аж. 

Фэйсбүүк дараах хэд хэдэн арга хэмжээг сонгуулийн үеэр авахаар болжээ. Шинээр нээгдсэн хаягуудыг цэгцэлнэ. Хэрэв тухайн хэрэглэгч фейсбүүк хуудас нээх гэж байгаа бол биеийн байцаалтаараа заавал баталгаажуулах ёстой.Мөн түүнчлэн өөр нэртэй байсан пейж хуудасны нэрийг өөрчилж, шинэ зорилгоор ашиглавал сануулга болгон хоёр гаруй сар нэвтрэх эрхийг хязгаарлаж, дараа нь дахин ашиглаж эхэлбэл шууд устгадаг тогтолцоотой болж байна. Түүнчлэн улс төрийн сурталчилгааны дээд хязгаарыг тогтоолоо. Гэхдээ хувь хэрэглэгч тухайн сурталчилгааг үзэхгүй байхыг хүсвэл тусдаа тохиргоотой болсон тул Sponsored хийгээд үр дүнгүй гэсэн үг. Фэйсбүүк компани хуурамч хаяг нээх хиймэл оюун ухаан хөгжүүлсэн гэж дээр өгүүлсэн. Тиймээс "Троллууд баяртай" болж байна гэж ойлгож болно. Аль нэгэн хуурамч хаягаас удаа дараалан коммент бичих, пост байршуулах болгонд хиймэл оюун ухаан түүнийг нь олж тогтоон, тэр даруй устгах чадвартай болсон гэсэн үг. Пост коммунист орнууд дээрх шинэчлэл хийж байгааг мэдэж байгаа ч фэйсбүүкт болгоомжтой хандаж байгаа. Гэвч бусад оронтой харьцуулахад дээрх улсууд фэйсбүүк гэхээс илүү “ВКонтакте” нийгмийн сүлжээний хуудас эрэлттэй учраас сонгуулийн үеэр зохицуулах дээрээ асуудал хурцдаагүй байна. Харин бид...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН