Биологич Т.Лхагвасүмбэрэл учир бүтүүлгээр амиа алдаад нэг жил хагас боллоо. Сонгуулийн өмнөхөн эрчимтэй шуурч байсан ч шинэ засаг гарч ирснээр энэ хэрэг усанд хаясан чулуу мэт замхаран алга боллоо. Арга ч үгүй биз одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хоёрч компанийн асуудалтай түүний амь хамааралтай байж болзошгүй байдаг.

Учир нь түүний хамгаалдаг байсан Тост, Тосон бумбын нуруунд ашиглалт явуулах гэж байсан уул уурхайн компаниуд түүний амиа алдсан болон гурван ч удаа халдлагад өртсөн хэрэгт холбоотой байж болзошгүй байдаг.

Тодруулбал, түүнийг амиа алдах үед Тост, Тосон бумбын нуруунд 18 компани лиценз эзэмшиж байгаа.Тэгэхээр 18-уулаа хавсраад хүн амины хэрэг хийгээгүй нь лавтай. Дээрх компаниудын 17-нь хайгуулын зөвшөөрөлтэй бол 1-нь ашиглалтын эрхтэй байгаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн 50 хувийг нь эзэмшдэг “Саус гоби коэл транс” гэх компани асар том талбай авч чадсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Гурвантэс суманд яг одоо олборлолт хийж байгаа “Монголын алт”, “Саусгоби сэндс”, “Чинхуа МАК” зэрэг ком­паниудын ли­ценз бүхий талбайг бүгдийг нийлүүлснээс даруй 4-5 дахин том тайлбайтай аж. Мөн Монгол Улсын хилээс 50 км дотогш газар нутагийг хамарчээ.

Энэ компаниас дутахааргүй том талбайд лиценз авсан “Жавхлант орд”гэх Хятад эзэнтэй компани мөн байгаа юм байна. Гурван тэс сумынхны амжиргаагаа залгуулдаг тариан талбайд зөвшөөрөл эзэмшдэг уг компанийг нутгийн удирдлагууд шүүхэд өгсөн боловч шүүхийн шийдвэр Жавхлант ордын талд гарчээ.

Харин Б.Чойжилсүрэнгийн компанийг эсэргүүцэх ямар шалтаг шалтгаан байгаа болохыг талийгаач Т.Лхагвасүмбэрэл судлан олон нийтэд танилцуулдаг байжээ.

Ингээд дээрх хэрэг эрчимтэй шалгагдаж байхад УИХ-ын сонгууль болоод сонгуулийн сүр хүчинд дарагдан замхарсан. Мөн шинэ засаг гарч ирээд, цагдаагийн байгууллагуудад өөрчлөлт хийгээд, ихэнх дарга нарыг нь халаад, сольчихсон. Байдал ийм байтал буюу хэдхэн долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан байна. Ингэснээр УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс даруй 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээжээ. Энэ нь Гурвантэс сумын иргэд болон тус нутгийн ховор ан амьтан, ундны усны эхийг хамгаалалтын гадна орхигдуулж, улмаар тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлжээ.  

Дээр дурдсан УИХ-ын гишүүн одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс" компани хамгаалалтаас гарсан 153 мянган га талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг нутгийн иргэд мэдээллэж байна.  Өөрөөр хэлбэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийнхөө компанийг ийнхүү авч үлджээ. Шинэ засаг гарснаар Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг замхарч, Б.Чойжилсүрэнгийн уул уурхайн компанийнх нь лиценз хэвээр үлдэж, хамаг хүсэл нь биелжээ. 

Г.Наран   

zaluu.mn