“Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалт зохион байгууллаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтыг 2014 оноос хойш уламжлал болгон жилд 4 удаа бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2017 оны 3 дугаар сарын 20-21-ний өдөр хойд бүсийн аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгуульт ажилтнууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнууд, мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналт болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдыг хамруулан нийт 55 оролцогчтой зохион байгуулав.

Сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт З.Өнөржаргал нь сургагч багшаар ажиллан, "Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын чиг үүрэг ба Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн, идэвхтэй, сонгуультан хүний эрхийг хамгаалагч болох нь” сэдвээр хичээл зааж, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймаг дахь Комиссын ажилтнууд хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хийж буй сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа, өргөдөл, гомдол хууль зүйн зөвлөгөөний талаар танилцуулга, мэдээлэл хийв.

Сургалтын үр дүнд аймаг орон нутгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийг хангаж хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа, туршлага, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон, 2015 оны бүсийн сургалтын үр дүнд гарсан зөвлөмжийн дагуу аймаг орон нутагт дээрх байгууллагууд хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.