Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ гурав дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулж хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Энэ жил Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт аян үргэлжилнэ. “Хавдрын эсрэг үндэсний аян-2013” хэрэгжүүлэхийн тулд ХААН банкны сангаас 103 сая гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Тус аяны хүрээнд 2011 онд 21 аймаг 9 дүүрэгт 2012 онд 12 аймагт хавдрын цогц тусламж үйлчилгээ үзүүлсэн. 40000 гаруй хүнийг үзлэгт хамруулж, тусламж хүргэж, хортой хоргүй хавдар 7720 оношилж эмчилсэн. Мөн бусад суурь өвчин 20968 оношилогдсон гээд олон үр дүн гарсан. Энэ хугацаанд ХААН банк 261 сая төгрөгийн санхүүжилт үзүүлсэнд талархал илэрхийлж байна хэмээгээд үргэлжлүүлэн, Хорт хавдрын өвчлөл Монгол Улсын хэмжээнд маш дээгүүр байр эзлэж байна. Эрүүл мэндийн салбар ч хорт хавдрын эсрэг үйл ажиллагаанд ихэд анхаарч бууруулах талаар олон арга хэмжээ авч байгаагийн нэг жишээ нь энэхүү уламжлалт аян юм. Мөн ард иргэд маань хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд өөрсдийн зүгээс анхаарч байх нь чухал. Жишээ нь:

  • Хоол ялгахгүйгээр шим тэжээлийг тохируулж идэх
  • Хэт идэхгүй, хэтэрхий их уухгүй байх
  • Тамхи татахгүй байх
  • Тохиромжтой хэмжээгээр А,С,Е витамин хэрэглэх
  • Хэт түлэгдсэн юм идэхгүй байх
  • Ядаргаанд орохоос зайлсхийх
  • Үргэлж ариун цэврийг сахих гэх мэт энгийн зүйлсийг ч өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхэд та хорт хавдраас урьдчилан сэргийлж байна гэж ойлгож болно” хэмээлээ.