Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх С.ЭНХТӨРТЭЙ ярилцлаа.

-Авомашины түгжрэлийг бууруулахын тулд холбогдох газрууд өнгөрсөн хугацаанд нэлээд ажилласан. Гэтэл цаг, мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж хийж хэрэгжүүлсэн ажлууд яагаад үр дүнд хүрсэнгүй вэ?

-Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажпыг авч үзвэл тайлангийн төвшинд хангалттай боловч үр дүн нь нүдэнд харагдахгүй байгаа юм. Автозамтай холбоотой ажлыг бусад салбартай харьцуулахад бичиг цаас эргүүлэхээс илүүтэй хүн бүрийн нүдэнд харагддаг онцлогтой. Хэрэв өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил үр дүнд хүрсэн бол өнөөдөр нийслэлийн автозам түгжрэлгүй л байх ёстой. Энэ нь өнгөрсөн хугацаанд оновчтой бус шийдвэр гаргасан гэсэн үг. Ер нь автозамын түгжрэлийг бууруулахын тулд богино, дунд, урт хугацаанд хийх ажлаа тодорхойлох хэрэгтэй. Гэтэл бид урт хугацаанд хийх ажил руугаа ороод байгаа юм. Тухайлбал, томоохон дэд бүтэц буюу гүүрэн болон огтлолцоогүй зам, нүхэн гарц, хот тэлэх асуудалд анхаарлаа хандуулаад байна гэсэн үг.

Автомашиныг дугаараар нь хязгаарлаад 10-аад жил болж байна. Улаанбаатар хот 2012 оны үед 200 орчим мянган автомашинтай байсан бол одоо 500 мянгад хүрсэн. Гэтэл тухайн үед гаргасан журмыг баримталсан хэвээр байна. Автомашины тоо эрчимтэй нэмэгдэж буй энэ цаг үед дугаараар нь хязгаарлаад үр дүнд хүрэх боломжгүй.

Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж төв замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөн боловч жолооч нарын хариуцлагагүй байдал, дүрэм журмаа мөрддөггүй, мэдлэг мэдээлэл дутмагаас автобусны хөдөлгөөнд саад учруулах явдал ихээр гарч нэгдүгээр эгнээг чөлэөлсөн үр дүн байхгүй болчих гээд байна. Нэгдсэн бодлогогүй, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн чадварлаг бага байхгүйгээс болж өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, хийж хэрэгжүүлсэн ажил тодорхой үр дүнд хүрээгүй дүр зураг харагдаад байгаа юм.

-Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай тусгасан 70 дугаар тогтоол юу болсон бэ. Тусгасан бүх ажлыг хийж хэрэгжүүлж чадсан уу? 

-Сүүлийн дөрвөөс таван жил энэ чиглэлд судалгаа хийж, туршлага судалсны эцэст шат дараатай хэрэгжүүлэх ажлын дараалал надад байдаг юм. Эдийн засгийн хувьд их, бага эсвэл ямар ч зардалгүйгээр зохион байгуулалт, менежментийн чиглэлээр хийж болох ажлыг түүвэрлэж өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж, тогтоол гаргаж, ИТХ-ын даргаас холбогдох албаныханд үүрэг болгосон. Тухайн тогтоолд 16 орчим асуудлыг тусгасан. Эдгээрийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн хөрөнгө мөнгө шаардлагагүй, зохион байгуулалтын чиглэлээр хийж болох байсан. Гэтэл хэрэгжилт нь бидний хүлээлтийн хэмжээнд хүрч чадаагүй. Тухайлбал, уулзварт yellow box буюу шар дөрвөлжин тэмдэглэгээг хийх ажил. Энэ нь тухайн хэсгийн хөдөлгөөнийг камераар хянан түгжрэл үүсгэсэн жолоочид хариуцлага хүлээлгэх зорилготой байсан. Тогтоолыг өнгөрсөн оны тавдугаар сард баталсан боловч дээр дурдсан тэмдэглэгээг мөн оны аравдугаар сарын сүүлчээр тавьсан. Одоо ямар ч үр дүнд хүрээгүйг хүн бүр харж байна. Жолооч нар шар дөрвөлжин тэмдэглэгээн дээр зогссон ч, түүнд хариуцлага тооцохгүй байгаа юм. Худалдаа үйлчилгээний газрын бараа таталт, түгрэлтийн үйлчилгээнийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан боловч түгээлт хийдэг аж ахуйн зарим нэгжээс эсэргүүцэж, зогсонги байдалд ороод байна. Мөн автомашин нэгдүгээр эгнээнд тавиулж, түгжрэл болон бусад асуудлыг үүсгэхгүй үүднээс төрийн болон төрийн бус байгууллагын зогсоолыг үйлчлүүлэгч нарт зориулж чөлөөлөх ажил биеллээ олоогүй. Хүмүүс надаас “Автомашины түгжрэл буурна гэсэн яасан” гэж асуудаг. Эдгээр ажлыг гүйцэтгэх чиг үүрэг бүхий мэргэжпийн агентлагууд дорвитой хандаагүй учраас нөхцөл байдал хэвээр байна.

-Уулзварт өмнө нь шар дөрвөлжин тэмдэглэгээг тавьж байсан. Үр дүнд хүрээгүй ийм ажлыгдахин давтах шаардлага байв уу?

-Манайхан ямар нэгэн ажпыг төгс хийж чаддаггүйгээс үр дүн гардаггүй. Өмнө 2007 онд шар дөрвөлжин тэмдэглэгээг хийж байсан. Тухайн үед хүмүүс учрыг нь олохгүй, жолооч нар мөрдөхгүй явсаар замхарсан. Энэ байдал одоо дахин давтагдаж байна.

-Нийслэлийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа хүний хувьд бодож төлөвлөсөн зүйл олон байгаа болов уу?

-Замын хөдөлгөөн заавал нэг нэгнээсээ хамааралтай, гинжин хэлхээтэй байдаг. Жишээлбэл, явган хүн, унадаг дугуй, автомашины замыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Дулааны улиралд автомашинаас татгалзаж унадаг дугуй унахыг уриалдаг ч зам байдаггүй. Мөн хороолол доторх замыг шийдвэрлэхгүй бол гэрийнхээ цонхон дор цаг түгжирдэг гэдэг үнэн. Өөрөөр хэлбэл, түгжрэл бол хот төлөвлөлттэй шууд хамааралтай асуудал юм. Орон сууцнууд зогсоолгүй учраас оршин суугчид зорчих хэсэгт автомашинаа тавьдаг. Уг нь энэ асуудлыг 70 дугаар тогтоолд тусгасан ч шийдэж чадаагүй. Замаа өргөтгөх, чөлөөтэй болгох талаар ярихаас илүүтэй жолоочийн хариуцлага, ухамсар, мэдпэг чадварыг нэмэгдүүлэх ёстой. Гурван автомашины зайнд ганцаараа хөндлөн зогсчихдог жолоочийн ухамсар сахилгатай шууд холбоотой юм. Энэ нь авто зогсоолын хүртээмжид нөлөөлдөг. Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэж ханддаг муу тал бий. Ер нь жолооч бэлтгэх сургах үйл ажиллагаан дээр онцгой анхаарахгүй бол асуудал хурцдаж байгаа энэ үед зоргоор орхиж болохгүй. Автозам хот төлөвлөлт тойрсон асуудлыг шийдэх гээд зүтгээд байвал амжилтад хүрэхгүй, үүний зэрэгцээгээр автомашины огцом өсөлтөд хяналт заавал байх хэрэгтэй. Улсын хэмжээнд сард 5-8 мянга, жилд 70-80 мянган автомашин шинээр бүртгүүлдэг. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээ бодит үр дүнд хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан энэ. Дугаарын хязгаарлалтаар нийт автомашины 20 хувийг зогсоодог ч үүнийг орон нутгийн дугаартай автомашины тоо эргээд энэ орон зайг нөхөх хандлага ажиглагдаж байна. Энэ талаар бид судалгаа хийж эхэлсэн. Орон нутгийн автомашин Улаанбаатарт хөдөлгөөнд оролцохдоо тодорхой бүсчлэлд, цагийн хуваарийн дагуу оролцох зохицуулалт хийх хэрэгтэй болох байх. Автомашины түгжрэлийг бууруулахын тулд тухайн ажпыг төгс хийх нь хамгийн чухал. Бид нэг ажлаа төгс, цогцоор нь хийж чадахгүй эргэж буцаад байгаагаас түгжрэлээс гарч чадахгүй байгаа юм. Уг нь Түгжрэлийг бууруулах хэцүү ажил биш, утааг багасгахаас илүү амархан. Олон улсын туршлага, гарц гаргалгаа, шийдэл нь бэлэн байна Үүнд ганцхан хийж хэрэгжүүлж чаддаг хүн л хэрэгтэй.

-Автомашины тоонд хязгаарлалт тогтооно гэвэл хүний эрх зөрчсөн асуудал болох байлгүй?

-Хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй. Зүй тогтлоор 1000 хүнд ногдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсэх, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудлыг ярьдаг. Ер нь авто замын түгжрэлийг ярьж байгаа дэлхийн томоохон хотын хувьд 1000 хүнд ногдох суудлын автомашин 120-иос дээш байгаа. Гэтэл Монгол Улсын хэмжээнд энэ үзүүлэлт 239 байна. Тиймээс өмчлөх, захиран зарцуулах, өмчлөх, зорчих гэх мэтээр хүний эрхийн талаар ярихаас илүү нийтийн эрх ашиг, үр дүн нь эргээд хүмүүст эерэг нөхцөл байдлыг бий болгоно гэдгийг ойлгуулах хэрэг гарч байна. Хүн бүр эрхээ эдэлж, автомашинтай болно гэвэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөн өнөөдрийнхөөс улам дордож, нам зогсоно. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин зам тээврийн осолд нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Мөн түгжрэл болон аюулгүй байдалд ч нөлөөлдөг. Иймд буруу талдаа хүрдтэй автомашины импортод хязгаарлалт тогтоохгүй бол нөхцөл байдал илүү дордоно. Иргэдийн амьдралын төвшин, амьжиргаа эсвэл тэр улсынх сайн, муу гэж ярихаас илүүтэй бид баруун уу, зүүн гарын дүрэмтэй байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Уүнийгээ шийдээгүй байж аюулгүй байдал ярих нь өрөөсгөл ойлголт мэт санагдаж байна.

-Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн чадварлаг бага байхгүйгээс болж өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, хийж хэрэгжүүлсэн ажил тодорхой үр дүнд хүрсэнгүй гэлээ. Түгжрэлийг бууруулах зорилгоор байгуулсан ажлын хэсгийнхэнд та шүүжмлэлтэй хандаж байна уу?

-Автозамын хөгжил, Ерөнхий төлөвлөгөө болон Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Газрын албанаас хамтарсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг удирдах албан тушаалтан мэргэжлийн бус хүн зонхилж байдаг учраас тэдний гаргасан шийдвэр мэргэжлийн бус хандлагатай байдаг нь олон зүйлд харагддаг. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний зохион байгуулалт, урсгал чиглэл, хот төлөвлөлтэй холбоотой тооцоолол, инженерчлэлийн асуудлаа зөв шийдэж чадахгүй байгаа юм. Иймд нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас замын хөдөлгөөний хэт их ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр ажиллах бие даасан мэргэжлийн бүтэц байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү бүтцэд хот төлөвлөлт, замын зохион байгуулалт болон инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд судлаач эрдэмтэд багтах ёстой. Асуудлыг олж харж дүрэм журмыг нь өөрчилж, шийдвэрлэх мэргэжлийн баг л хэрэгтэй байна. Бид арав гаруй орноор явж туршлага судалж, судалгаа хийсэн. Дээр дурдсанчлан манай жолооч нарын дүрэм зөрчиж хийдэг үйлдпийг Япон, Хонконг, Сингапур, Хятад улсын зарим хот хуульчилж өгсөн байдаг.

-Дээр дурдсан улс орон автомашиныхаа түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн байдаг юм бэ. Олон улсын туршлагаас авч хэрэгжүүлэх зүйл юу байна вэ? 

-Автомашины түгжрэл бол дэлхийн бүх улс орны туулж ирсэн асуудал. Шведүүд "Та нар бидний туулсан зовлон, амжилтгүй болсон арга туршлагыг давтах хэрэггүй. Яг одоо бидний хийж хэрэгжүүлж байгааг өөрийн улс оронд нэвтрүүл” гэж хөгжиж байгаа орнуудад уриалсан байдаг. Зарим улс орон гүүрэн болон давхар замаа буулгаж, зарим нь нэмж барьж байна . Зам өргөтгөх тусам автомашин олноор зорчих нөхцөл бий болж энэ нь сөрөг үр дагаврыг бий болгоод байна. Жишэапбэл, “Нарны гүүр”-ийг барьвал түгжрэл буурчих юм шиг ярьж байсан ч одоо хэвээрээ л байна. Италийн эрдэмтэн судлаачид “Танай замын хөдөлгөөнийг бусад улс оронтой харьцуулахад автомашины түгжрэл биш” гэж дүгнэж байсан. Түгжрэл гэхээс илүүтэй автомашины хэт их бөөгнөрлийн эсрэг ямар нэг ажил хийгээгүйн хор уршиг гэж хэлж болохоор байна. Шведээс гадна Норвеги, Дани зэрэг түгжрэлээ шийдэж чадсан улс орон нийтийн тээврийг дэмжиж, өндөр төвшинд хөгжүүлсэн байдаг. Хүн бүр автомашинтай байхаас илүүтэй явган алхах эсвэл унадаг дугуй унахыг чухалчилдаг.

-Манай улсад нийтийн тээврийн хүртээмж муу, тав тух, аюулгүй байдлыг хангаагүй, хөгжүүлээгүй учраас хүн бүр хувийн унаатай болох хүсэлтэй. Ийм үед автомашины тоонд хязгаарлалт тогтоох санал нэлээд шүүмжлэл дагуулж, эсэргүүцэлтэй тулгарах болов уу?

-Энэ л асуудал болоод байна. Автомашин нэмэгдэж буйн нэг шалтгаан үнэ цэнэгүй болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, Японд ашиглалтаас гарсан автомашиныг хямд үнээр авч ирээд зардаг. Сүүлийн үед урьдчилгаа, барьцаа, орлого шаардахгүй компанийн эсвэл хувь лизингээр авах зар их явдаг. Хоолны мөнгөгүй байсан ч автомашин унаж болох нь. Энэ нь түгжрэл бий болгож, автомашиныг унэгуйдүүлсэн байдал юм. Автомашиныг хэрэглээ гэдэг ч миний бодлоор тийм биш. Онцгой буюу орон нутаг руу явах, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, яаралтай эмнэлэг явах гэх онц шаардлагатай үед автомашиныг хэрэглэдэг баймаар байна. Жишээлбэл, Токио хотын 96 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Бээжин хотын хувьд автомашины хэрэглээ нь 34 хувьтай байдаг. Харин манай улсын хувьд үүний эсрэг 20, 30 хувь буюу ахмад настан, оюутан үйлчлүүлдэг жишиг тогтсон. Дахин хэлэхэд ажлыг өндөр төвшинд шүүмжлэл дагуулахгүй хэмжээнд хүртэл хийх мэргэжлийн чадварлаг байгууллага, мэргэжилтэн байхгүй. Эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд нь нэгдэж чадахгүй. Тэднийг төр дэмжиж, уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаа нь асуудлын гол зангилаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарсан эдгээр өдөр автомашины түгжрэл бага байгаа нь мэдрэгдэж байна. “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэх санал гарч байсан. Үүнийг хэрэгжүүлбэл тодорхой үр дүнд хүрэх юм шиг санагдлаа?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амраагүй үед ажилдаа явахад автозамын ачаалал нэмэгдсэн, түгжрэлтэй байдаг. Амарсан үед хүүхдийг сургууль руу нь хүргэх, авах үеэр сийрэг байгаа нь харагдаж байна. Харин бусад цагт түгжрэлтэй байгаа юм. Иймд хүмүүсийн хэлж байгаа шиг сургуулиуд автобустай болчихвол түгжрэл буурахгүй бусад арга хэмжээг давхар авах ёстой. Улаанбаатар хотын их ачаалалтай буюу Их тойруу дотор 46 мянган хүүхэд хувийн унаагаар сургуульдаа хүргүүлдэг юм билээ. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан тооцоо судалгаагаар 200 автобус гаргаж, хүүхдүүдийг нэгдсэн журмаар тээвэрлэвэл түгжрэл тодорхой хэмжээнд буурна гэж үзсэн. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд энэ талаар хэлэлцэж, Засгийн газарт оруулж шийдвэрлэх асуудлыг ярьж байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулиуд автобустай боллоо. Гэтэл бага насны буюу нэг, хоёрдугаар ангийн хүүхдээ эцэг, эхчүүд хараа хяналтгүй явуулахгүй гэх асуудал гарах байх. Энэ эрсдэлийг тооцсон уу. Дахиад үр дүнгүй ажил болохвий?

-Нэгдүгээр ангийн хүүхдийн тухайд авч үзвэл сургуулийн автобусаа олж сууж, бууж чадах эсэх, суусан тохиолдолд биеэ авч явж чадах болов уу гэх хүндрэлтэй асуудлын талаар ажлын хэсгийн хуралдаанд хөндсөн. Гэхдээ үүнийг шийдэх гарц гаргалгаа бий. Автомашины түгжрэлийг бууруулахын тулд хүн бүрт зааж, зааварчилж, хэвшүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Холбогдох газраас ерөнхий чиглэл гарч, хүмүүс түүнд хувийн зохион байгуулалтаар хандах учиртай. Нийслэлийн Боловсролын газраас хоёр төсөл боловсруулсны нэг нь энэ. Нөгөөх нь олон улсад хэрэгжүүлдэг автомашины хуваалцах явдал юм. Нэг орцны хүүхдийг эцэг, эх нь ээлжилж сургуульд нь хүргэж өгдөг, авдаг. Ийм арга барилыг зарим сургуулийн эцэг, эх хэрэгжүүлээд эхэлчихсэн юм билээ. Нэг өдөрт дунджаар нэг цаг түгжирдэг гэж үзвэл замын хөдөлгөөнд оролцох хугацааг найман цагаар тооцоход жилд 45 өдрийг буюу 360 цагийг зөвхөн түгжрэлд үрдэг гэсэн үг. Ингэснээр амжуулахаар төлөвлөсөн гурван ажил тутмын хоёрыг хойшлуулдаг гэсэн сүдалгаа бий.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин