-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ МАХН-Д 700 ГИШҮҮН ЭЛСЭХ ГЭНЭ-

МАХН-ынхан энэ долоо хоногт “Ардын намын нөлөө бүхий гишүүд манай намд элсэнэ” гэж шоудсан. Үнэн хэрэгтээ тус намд Ардын намаас татгалзаад ирсэн гэх 200 хүний дунд олны танил, шийдвэр гаргах түвшинд нөлөө бүхий ажил эрхэлдэг гэчих хүн огт байгаагүй юм. Ямартай ч тэр өдрөөс хойш “Ардын намын угшилтай шижигнэсэн 200 залуу МАХН-д элслээ. Энэ үйл явдал хүч нь суларсан Ардын намд хүнд цохилт өглөө” гэсэн утгатай мэдээлэл гарах болсон нь Н.Энхбаярын хүмүүсийн удахгүй болох Бага хурлаа угтан хийж буй төлөвлөгөөт пиарынх нь нэг бололтой. Мэдээж хурлынхаа үеэр дарга нар нь “Зуун зуун хүн итгэл үнэмшлээрээ  намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаа нь…” гэж ирээд л ярих болов уу.

Тэд ингэж ярьж байгаа бол нөгөө талд “Ардын намын гол судсыг атгаж байсан залуус МАХН-д элслээ” гэсэн мэдээллийг Ардын намын дарга юман чинээ бодохгүй байгаа бололтой юм билээ. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд “Манай намын анхан шатны байгууллага,   нийслэлийн  хэмжээний байгуул­лагад гишүүд ол­ноороо намаасаа гарах талаар мэдээлэл өгсөн, ярьсан зүйл байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй яригдаж байгаа зүйл. Нөгөөтэйгүүр ганц хоёр хүн МАХН-д элсэх нь тухайн хүмүүсийн хувийн улс төрийн үзэл байх” гэсэн тайлбар өгсөн байна билээ. Тэдний хэн нь үнэн ярьж байгааг мэдэхгүй. “Нөлөө бүхий гишүүд нь манай намд элсэнэ” гэж байснаа цаг нь тулахаар “Тэдгээр гишүүдийн нэрийг хэлэх боломжгүй байна” гэснийг нь бодоход гишүүн элсүүлэгч тал асуудлыг хэт дэвэргэн мэдээлээд, түүндээ бантсан байх магадлалтай. Түүнчлэн ийм мэдээлэл тараасан ч сэтгүүлчдэд олны танил хүн харуулж чадаагүй МАХН-ынхан өөр хоорондоо зохион байгуулсан арга хэмжээнийхээ дараа “Ардын намаас ирэх нөлөө бүхий улстөрчид чинь хаана байна” гэж маргалдсан гэсэн мэдээлэл бий.  Худлаа хэлсэн тус намынхныг шоглох хүн олон байсан нь маргаан үүсгэсэн бололтой.

Тэгвэл өчигдөр МАХН-ынхан  “Ардын намын 700 гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ” гэсэн мэдээллийг өгч эхэллээ. Энэ үйл явдлыг намын баярын хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тус намынхнаас тодруулахад “Хөдөө орон нутагт байгаа Ардын намын гишүүд гээд нийтдээ 700 хүн намын гишүүнчлэлээ сэргээх гэж байгаа” гэж мэдээллээ. Ямартай ч иймэрхүү мэдээлэл гарсны дараа Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба тэргүүтэй тус намын  удирдлагуудын хүмүүст намынхаа батлахыг гардуулж байгаа дүр төрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг ч, тэднийх нь дунд нөлөө бүхий эрхэм бараг л байдаггүй юм. Яах вэ, үүнийг нэг гишүүний санал ч үнэтэй гэдгээр тайлбарлаж болох юм.

 МАХН-ын Бага хурал удахгүй болно. Намын гишүүд,  удирдлагуудынх нь байдлыг харвал хурал нэлээд ширүүн болох магадлалтай. Учир нь тус намын гишүүд удирдлагууддаа шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлэх болсон юм. Үүнийг нь бодохоор тэд намынхаа дотоод асуудал, зөрчилдөө анхаарлаа хандуулмаар ч юм шиг. Саяхан тус намынхан Н.Энхбаяр даргатайгаа золгоод ирсэн. Энэ үеэрээ ч гэсэн Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлаас эхлээд цөөнгүй зүйл дээр маргаан өрнүүлсэн гэдгийг өөрсдөө  хэлж буй. Ийнхүү дотооддоо зөрчилтэй МАХН-ынханд “МАН-ын гишүүд манайд элслээ” гэдгээс өөр хийх зүйл алга бололтой.

 

Т.УРАНГЭРЭЛ