Монголчуудад мал сэтэр­лэх гэж ёс бий.Олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн болохоор амьдралынхаа гол эх үндэс болсон мал сүргээ хамгаалах үүднээс малаа од, гал, бурхан, овоондоо даатган сэтэрлэж ирсэн уламжлалтай.

Үүнтэй адил болдог бол сэтэрлэчихмээр хэдэн нөхөр байх юм.Тэр дундаа Д.Сугар, Т.Бадамжунай тэргүүтнийг шүү.Үнэндээ энэ эрхмүүдийн тухай таагүй дуулиан бишгүй бий.Хэдийгээр эрхэлж бай­сан салбарууд нь өөр, өөр ч татвар төлөгчдийн мөнгөөр, төрийн өмчөөр тансаглаж байсан баримт нь адилхан.Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өчнөөн олон хууль зөрчиж байсныг аудитын байгууллагынхан баримтаар баталгаажуулсан байдаг.Харин хууль хянал­тынхан шалгах болохоор хэрэг нь хаашаа ч юм замхраад алга болчихдог зуршилтай. Иймээс Д.Сугар, Т.Бадамжунай тэргүүтэй улстөрчдийг шалгаж чадахгүй, шалгахад хүндрэлтэй байгаа бол гар хүрч болдоггүй мал шиг сэтэрлээд тавьчихвал сэтгэлд сэвгүй биш үү, Х.Тэмүүжин сайд аа.

Сайд таны зориг хүрдэгсэн бол уг нь Т.Бадамжунай, бас ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга нартай холбоотой таагүй мэдээллүүд даанч их. Зах зухаас нь сөхөх төдийд л Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй. Тодорхой хэмжээг нь хувьхандаа завшсан гэсэн үндэслэлээр УМБГ-ынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гараад л ирэхвий. Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд хүртэл энэ тухай “Тэдэнд холбогдох хэргийг хянаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байсан шүү дээ.Гэвч асуудал өнөөдрийг хүртэл хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгүй л байна.

Ямартай ч тэдний үйлдлийг хууль хяналтын байгууллагууд шалгаж зүрхлэхгүй болохоор бид ноцтой но-той мэдээллүүдийг нь цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Нэгэн зүйлийг онцлоход Т.Бадамжунайг энэ салбарыг толгойлж байхад тус яаманд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, “Атрын 3” аян зэрэг хэд хэдэн хөтөлбөр, сан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ удаад зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих санг хэрхэн “сааж” байсан мэдээллийг хүргэж байна.

Т.Бадамжунай хаана ч явсан Т.Гантулга гэх нөхрийг чирч явдаг.Энэ нь тэдний санаа зорилго нэг байдагтай холбоотой биз.Гол нь хууль зөрчин байж түүнийг өөд нь татаад байдаг өгөөмөр хүн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг зохицуулсан журмын заалтууд хэрэгжихгүй байгаа тухай хэдэн жилийн өмнө холбогдох салбарынхан хэлж байв.“Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-ын 5-д “… сангийн удирдах зөвлөлийн дарга нь Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд байна” гэж заасан байдаг аж. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай 2009 онд “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 98 дугаар тушаал гээчийг гаргаж, дээрх албан тушаалд Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгыг хууль зөрчин томилуулан, ажиллуулж эхэлсэн аж. Энэ үеэс ХХААХҮЯ-нд олон ноцтой зөрчлийн эхлэл тавигдсан гэдэг.Улмаар тус сангийнхан төлөвлөсөн орлогоо төвлөрүүлж чадахгүйд хүрсэн нь тус сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсанаас үүдэлтэй аж.

Энэ тухай зарим баримтыг сөхвөл, Т.Гантулга дээрх сангийн үйл ажиллагааг мэдэлдээ авсан үеэс буюу 2009 оноос эхлэн тус сангийн нийт орлогын төлөвлөгөөг 8274.6 сая төгрөгөөр тасалдуулжээ. Тэгсэн атлаа огт төлөвлөөгүй зүйлд нэлээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан баримт нь бий. Тэрбээр тус сангаас 2009 онд төлөвлөсөн 23 нэр төрлийн зардлаас 13-ыг нь хэтрүүлж, төлөвлөөгүй байсан найман төрлийн зардлыг нэмж санхүүжүүлж байсныг холбогдох газраас тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь, тэрбээр 2009 онд батлагдсан төсвөөс цалин, нийгмийн даатгалын зардлыг 76.3 сая, гэрэл цахилгааныг 27.8 сая, тээвэр шатахууныг 32.2 сая, шуудан холбоог 10.5 сая, бичиг хэргийг 9.0 сая, дотоод томилолтыг 22.1 сая, эд хогшил худалдан авах зардлыг 28.8 сая, төлбөр хураамжийг 179.3 сая, урсгал засварын зардлыг 51.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулжээ. Мөн 5215.0 сая төгрөгийн төлөвлөгдөөгүй зардал гарсан гэх бөгөөд ажиллагсдад олгосон урамшуулалд 53.8 сая, хоолны зардалд 9.9 сая, ОХУ-аас техник, тоног төхөөрөмж, буудай нийлүүлэх ажлыг зохион байгуулахад 454.2 сая, өмнөх оны буудайн төлбөрт 4697.1 сая төгрөг гарчээ. Гол нь Т.Бадамжунай, Т.Гантулга нарын гар нийлсэн энэ ажлын цаана маш их зөрчил, мөн хөрөнгө санхүүгийн асуудал яригдаж буй гэдгийг онцлох нь зүйтэй биз.

Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаагүй арга хэмжээг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн. ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 175, 274 дүгээр тушаалаар яамны өргөтгөлийн барилгын ажлыг тус сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэн тухайн ондоо 317.5 сая төгрөг, харин 2010 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 669 сая төгрөг гээд нийт 986.5 сая төгрөг зарцуулсан баримт ч байгаа аж. Мөн 2006-2010 онд тус сангийн үйл ажиллагаанд хамаарахгүй ХХААХҮЯ-ны гадаад, дотоод томилолтын зардалд 142.4 сая, яамнаас зохион байгуулсан хурал, зөвлөгөөн, хүлээн авалт, бусад зэрэг төвлөрсөн арга хэмжээний зардалд 242.4 сая, бүгд 384.8 сая төгрөгийг тус тус санхүүжүүлжээ.

Үүнээс гадна Т.Бадамжунай хууль зөрчсөн бас нэг тушаал гаргасан нь тус сангийн хөрөнгөөс Төв аймгийн Баянчандмань сумын Доргонтын эхэн дэх амралтын барилгын цахилгааны шугамын холболтын ажлыг зураг төсөвгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 16.3 сая төгрөгийг “Цэлмэг ази” ХХК-д, зам, талбайн барилгын ажилд 17.2 сая төгрөгийг “Цүүрдэн” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. Эдгээр нь эрхэм сайд асан Т.Бадамжунай өөрийн хүн гэгддэг Т.Гантулгыг хууль зөрчин сангийн тэргүүнээр тавьснаас үүдэлтэй гэлцдэг.Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дураараа ашиглаж байсан зарим баримтыг дараагийн дугаарт хүргэх болно.

 

Д.ДОРЖ