Ард АЮУШ
2019/03/01
Зургийн тайлбар: 1930 он Нийслэл Улаанбаатар МАХН-ын YIII Их хурлын Ховд аймгийн төлөөлөгч АЛДАРЖАВЫН АЮУШ...
Алдаржавын Аюуш 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. 1911 онд өөрийн хошууны ардуудыг удирдан захирагч ноён Маньбазарын эсрэг 10 орчим жил заргалдан тэмцсэнийхээ төлөө хүнд эрүү шүүлт хүлээж гянданд хүртэл хоригджээ. Тэрбээр хошууны засаг ноёд, хятад худалдаачдын эсрэг зарга үүсгэн тэмцэж, янз бүрийн эрүү шүүлт хүлээж, тэр бүхнийг өөрийн зориг тэвчээрээр даван гарч ард олны дунд “Ард Аюуш” хэмээн алдаршжээ. Аюуш эцгийгээ дуурайсан цэцэн цэлмэг ухаантай, хурц үнэн үгтэй, бичиг үсэг гадарладаг, сэргэлэн, авхаалжтай нэгэн байсан болохоор нутгийн олондоо их хүндлэгддэг байжээ.
Маньбазарын эцэг Юндэндорж Захчин аймагтай нутаг булаалдсан заргандаа Аюушийг сул зөвлөгчөөр авч явж, түүний ачаар нутгийнхаа нэг хэсгийг авч байсан гэдэг. Хошуу ноён Маньбазар мянган хонь, гурван мянган адуу, мянга гаруй тэмээ, мөн адил үхэртэй байжээ. Хошууны айлууд малыг нь ээлжлэн хариулж, хонь хяргах ажлыг нь өөрсдийн хүчээр амжуулж байхад Маньбазар ноён гэртээ 50 гаруй хүнийг зарцлан, эмнэг сургах зэрэг ажилд 60 орчим эрсийг албадан гаргадаг байжээ. Мориноос унаж нас барвал ар гэрт нь 25-хан лан мөнгө өгч, сар бүр хошууны зарлага хэмээн айл бүрээс 6 лан хураан авч, өөрийн дуртай цагтаа түлээ түлш, өвс хадлан, сүү тос зэргийг айлуудаас дээрэмдэх шахуу татаж авдаг, булааж авсан зүйлсээ өөрөө идээд зогсохгүй хятад худалдаачдад найр тавин бялдуучилдаг шунахай нэгэн байжээ. Маньбазар ноёны ачаар хятад худалдаачид өөрсдийнхөө үзэмжээр барааны үнийг тогтоож ард олныг шулж, татвар болон өрөө төлж чадахгүй байгаа ядуусыг гавлан дөнгөлж, эрүүдэн шүүж хэрээсээ хэтэрсэн дарангуйллыг явуулдаг байсан тул хошууны ардууд 1903 оноос эсэргүүцэн босож, заргачаараа алдартай Аюуш толгойлжээ. Хамгийн эхний заргын бичгээ үйлдэн Аймгийн чуулганд өгөхөөр явах гэтэл Маньбазар ноёнтон мэдэж амжаад тэдгээр хүмүүсийг 5 толгой малаар торгож хашраажээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн тэдний эх оронч үзэлийг сэргээн Аюуш тэргүүтэй хэсэг хүмүүс олон жил нутгийн ард түмнийг шулсан Буянтын пүүсний төлөөлөгчийг хөөн гаргахад хамаг эд хөрөнгөө 20 тэмээнд ачин, эд малаа үлдээж амь зулбан зугтжээ. Удалгүй Богд хаант засаг тогтож, Буянтын пүүс эргэн ирсэн бөгөөд Маньбазар ноёнд хахууль өгч алдагдсан эд хөрөнгийг маань олж өгөөч хэмээн гуйжээ. Маньбазар дээрэм хийсэн гэх нэрийдлээр 165 хүнийг баривчлан Аюуш зэрэг толгойлогч нарт 80 жингийн төмөр дөнгө зүүж шоронд хорьсныг нутгийн ардууд эсэргүүцэн чулуу, мод барин тэмцэж тэднийг суллан авч, “Хөндийн ам” гэдэг газарт нуугджээ. Босогчид санал нэгтэйгээр “Цэцэг нуурын дугуйлан”-г байгуулж, хошууны ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг үйлдэн хүргүүлэв. Тус бичигт хошууны засаг ноёдыг шүүмжлэн тэдний зүгээс үзүүлж буй дарамт шахалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, тэрхүү цаасан дээрээ аяга тавьж байгаад дугуй тойрог үүсгэн 165 хүн гарын үсэг зуржээ. Тэгээд 6 хүнийг сонгон Аймгийн чуулганд хүргүүлсэн боловч ардын бослогыг дэвэргэхээс эмээж хариу өгөлгүй сунжруулж байгаад Маньбазарын хүсэлтээр эзэн ноёноо эсэргүүцсэн, хятад пүүсийг дээрэмдсэн хэргээр Аюуш нарын хэдэн хүнийг баривчилж эрүүдэн шүүж, тэмцлээ зогсоохыг шаарджээ. Эл бүхнийг эсэргүүцсэн Аюуш тэргүүтэй хэсэг айл нутгаасаа дүрвэж 2 жил гаруй өөр нутагт амьдарч байгаад улмаар Нийслэл Хүрээ орж давж заалдахаар заргын бичгээ аван, эрүү шүүлтийн үеэр тасарсан биенийхээ хэсэг махыг аваад очжээ. Нийслэл Хүрээнд ирээд Шүүх яаманд орно гэдэг амаргүй даваа байсан болохоор дайран орж учир байдлаа хэлэхэд “энд шийдэх боломжгүй” хэмээгээд Аймгийн чуулган руу шилжүүлж, нэг хүнээр харгалзуулан буцаасан ажээ. Ингэж Аюушийн зарга Шүүх яам, аймаг хошуугаар сунжирч явсаар 10 гаруй жил болоход Маньбазар ноён ч өвчнөөр нас барж эл хэрэг эцэстээ эсэргүүцэн тэмцэх эзэнгүй болсон хэдий ч олон хүнд үлгэр дуурайл бахархал болон үлдсэн юм.
Ард Аюуш хожим Ардын хувьсгал ялсны дараа Цэцэг сумынхаа даргаар сонгогдон ажиллаж, 1930 онд МАХН-ын YIII Их хурлын төлөөлөгчөөр Улаанбаатарт ирж үг хэлж байсан нь орос хэл дээр бичигдэн үлджээ. А.Аюуш 1939 онд 80 насандаа таалал төгссөн ба 1959 онд Ховд хотод түүний хөшөөг босгож, Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгожээ.