Тэд бодлоо мэдрүүлэх биш бодлогоо хэлэх цаг болсон
2019/03/18
Монголын улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байна. Эрх баригчид болон бизснесмэнүүдийн хооронд дайн дэгдэж магадгүй боллоо. Сөрөг хүчин дотроо нүдэлдээд эхэллээ.
Хамгийн гол нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан компанийн удирдлагуудыг барьж хориод, ганц хонуулаад сулласны дараа далдуур өрнөж буй үйл явдлууд ирэх өдрүүд тун чиг халуухан харуулж байна.
Мөн ЕТГ-ын Тамгын газрын дарга З.Энхболд эхэлж яриад, засаг залгуулаад хэрэгжүүлэхээр болж байгаа уул уурхайн 400 лицензийг цуцлах асуудал улс оронд нэлээд бужигнуулах шинжтэй байгаа юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн нэхээд байсан "эзэн” ил гараад ирлээ. Гарч ирэхээр барахгүй, хэвлэлээр маш том ярилцлага өглөө. Ц.Нямдорж нэгэнтээ Худалдаа хөгжлийн банкны О.Орхоныг хэлж байсанчлан "эзэн” маш том ярьсан байгаа юм. Д.Эрдэнэбилэгийг ярьсны дараа Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд байр сууриа илэрхийлэх байх гэж олон нийт нэлээд харлаа. Таг чиг.
Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний хэрхэн дуугарах болоод тэдний бодлого дээрх асуудлууд дээр ямар байгааг нийтээрээ харж, сонирхож байгаа. Ямар "хөдөлгөөн” хийхийг нь ч ажиглаж байна. Ингэхдээ тэднээс Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан, 49 хувийг худалдаж авсан асуудал, цуцлах 400 лицензийг ямар шалгуураар сонгосон зэргийг Монголын ард түмэн мэдэхийг хүсч байгаа юм. Гэвч өнөөг хүртэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав өөрсдөө ямар ч тайлбар, байр суурь илэрхийлэхгүй байгаа учраас нийгэмд хардлага бий болж эхэллээ.
Нэг. Ерөнхийлөгч Х.Баттулга
ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгыг ацан шалаанд орчихоод байгаа гэж улс төрийн хүрээнд, төрийн ордон, намуудын байр хавиар яриад эхэллээ. Хар багын андаа яаж ч чадахгүй суугаад байна гэх хардлага Ерөнхийлөгч болсноос нь хойш дагасан. Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг "сөхсөн” сүүлийн өдрүүдэд энэ яриа улам батжин ирж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Тиймээс Х.Баттулгыг Ерөнхийлөгч учраас прокурорыг зандарч, шүүхийг загнаж байгаад Д.Эрдэнэбилэг нарыг дахин хориод шалга гэж хэлэх боломжгүй. Гэхдээ Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг хуулийн дагуу болгох талаар гаргасан Ауюлгүйн зөвлөлийн зөвлөмжид гарын үсэг зурсан гэх мэдээллээ тэр нотлох шаардлагатай болоод байгаа юм. Бас Тамгын газрын дарга нь "талаар нэг” ярьсан 400 лицензийг цуцлах нь ард түмний эрх ашигт хэр зэрэг нийцэж, үр дүн нь ямар байхыг яаж харснаа хэлэх хэрэгтэй.
Товчхондоо, Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна вэ гэдэг бүрхэг. Харин Х.Баттулга иймэрхүү бодолтой байна гэдэг ойлголт олон нийтэд төрчихөөд байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний эрх ашгийн төлөө байна уу, андаа бодоод сууна уу гэдэг нэг тийш шийдэх ёстой гэсэн үг.
Хоёр. УИХ-ын дарга Г.Занданшатар
Цагаан сарын өмнөхөн энэ суудалд заларсан Г.Занданшатар бараг хоёр сар УИХ-ын даргын ажлыг хийж байна. ЗГХЭГ-ын даргаас зад дэвшиж УИХ-ын дарга болсон нь түүний улстөрчийн хувьд үсрэнгүй хөгжил мөнөөс мөн.
Харин тэр одоо хэр зэрэг улстөрч болохоо УИХ-ын даргын өндөр сэнтий дээрээс ард түмэнд харуулах ёстой болоод байна. Уг нь ЗГХЭГ-ын дарга байхдаа "Төрийн өмч, ард түмний эрх ашгийн төлөө цогтой галтай явна” гэж яриад Салхитын мөнгөний орд руу зэвсэглэн очиж лицензийг нь цуцалж байсан.
Тэрээр ЗГХЭГ-ын даргаар жил гаруй ажиллахдаа Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлаар ямар нэг "хөдөлгөөн” хийж байгаагүй. Хийж болохоор байсныг дараагийн дарга нь харуулсан гэхэд болно. Гэхдээ одоогийн өндөр дээд албан тушаал нь ихийг хийх боломж, бас эрх мэдэл юм. Үндсэндээ Засгийн газар энэ талаар хийхээ хийчихсэн гэж харагдаад байгаа. Тэгэхээр өнөөдөр эхлэх Ээлжит бус чуулганы хугацаанд Г.Занданшатарыг юу хийх нь вэ гэдгийг ард түмэн, намынхан нь, сөрөг хүчнийхэн харж буй.
Эх сурвалжийн мэдээллээр мань эр дээрх тулгамдсан асуудлуудаар Нийтийн сонсголыг хийж, УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах гэж байгаа гэж байна. Хэрэв тэгж чадвал Г.Занданшатар аль нэг улстөрч, бүлэглэлтэй "хамаарал бүхий” бус гэдгээ нотлох төдийгүй, нэр бүхий улстөрчдийн дохио зангаагаар алхаа "нүддэг” УИХ-ын дарга биш гэж ард түмэн түүнийг мэдэх болно. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх өдрүүдийн улс төрд ихээхэн үүрэгтэй "дүр” болох юм.
Гурав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн байр суурь бас л тодорхой бус байна. Цагдаа, тагнуулыг хөдөлгөж Эрдэнэт дээр авсан арга хэмжээг нь харахаар мань эр тушаал командаа өгөөд яваад байгаа нь харагдана. Харин Ерөнхий сайд болохдоо, дараа нь огцрох эсэхээ шийдүүлэхдээ УИХ-ын индэр дээрээс хэлж байсан цогтой үгнүүд нь ойрд сонсогдсонгүй. МАН-ын дарга болохдоо, дараа нь намынхаа Их хурлын индэр дээрээс хэлж байсан шударгын шударга үгүүд нь бас сураггүй боллоо. Хамгийн гол нь өөрөө нэг ч үг дуугарахгүй байгаа нь авч байгаа арга хэмжээнээсээ эмээгээд байна гэсэн хардлагыг нийгэмд түгээгээд байгаа юм.
Зүй нь Г.Занданшатар Салхитын орд руу тагнуулын тусгайгийнхныг телевизийн камертай дагуулаад очиж байсан шиг Эрдэнэт рүү өөрийн биеэр очиж онцгой дэглэм тогтоож, газар дээр нь ажиллах байв.Гэтэл мань эр Эрдэнэтийн асуудал халуурахтай зэрэгцээд дэлхийн халуун цэг Өмнөд Судан руу "…Цэргүүдээ эргэнэ” гээд арилж өгсөн. Явж явж ирлээ.
Одоо тэр яах вэ. Эх сурвалжуудын мэдээлэлд дурдаад байгаачлан Эрдэнэтийн асуудал, 400 лиценз цуцлах талаар Нийтийн сонсгол хийх саналыг УИХ-д өргөн барих уу. Мөн өөрөө эдгээр үйл явдлын талаар Засгийн газрын тэргүүний байр суурийг зоригтой, шийдэмгий илэрхийлэх үү. Аль эсвэл нийтийн харж байгаа шиг хийснээсээ эмээгээд таг чиг суусаар байх уу.
Энэ мэтчилэнгээр Ерөнхий сайдыг ээрэх асуулт олонтойгоор Ээлжит бус чуулган эхлэх гэж байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав яг ямар байр суурьтай асуудалд хандаж байгаа нь ард түмэнд ил болох цагийн шаардлага гарч ирээд байна.
Товчлоод хэлэхэд, тэд бодлоо мэдрүүлэх биш бодлогоо хэлэх цаг болсон байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 2019.3.18 № 55, 56 (6022, 6023)
Б.ДАМДИН-ОЧИР
Иргэн · 2019/03/18
Эрдэнэбилэг чинь зайлуул ядаж байхад бас юБаянхонгорынх юм гэнэшдээ?! Одоо үнэхээр бодлогоо ярих цаг болсон байхоо?!
Зочин · 2019/03/18
ийм хөлдүү нөхдүүд арай арай лай болохгүй байж байгаад хугацаагаа дуусгаад зайлцгаа