Номин их дэлгүүрийн электрон бараа, бэлэг дурсгалын  гээд дээд давхрын тасгийн худалдагч, кассчид өчигдөр өглөө 1 цаг гаруйн хугацаанд ажлаа хаяж үйлчлүүлэгчээ чирэгдүүлэв.

Дэлгүүрийн зааланд худалдагч, касс байхгүй хэсэгхэн хугацаанд үйлчлүүлэгч нар гайхаж юу болсон вэ хэмээн асууж байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн худалдагч "Манай худалдагч кассчид ажил хаяж байгаа. Маш бага цалинтайгаар ажилладаг. Энэ талаараа удирдлагадаа гомдол гаргах гэж байна. Бага цалинтай дээр нь элдэв суутгал авдаг" гэж хэлээд явав. Худалдагч, касс байхгүй үед хамгаалагч нар нь их л хариуцлагатай ажиллаж байлаа.

Удалгүй зохион байгуулагч бололтой бүсгүй хэдэн худалдагч, кассчдыг ширүүхэн загинаж дагуулаад явж одов. Үйлчлүүлэгч олонтой, байнга хөлд дарагдаж байдаг Номин дэлгүүрийг тойрсон гомдол, санал байнга гарч байдаг. Энэ удаа худалдагч нар нь ээлжит дуулианы эзэн болж байна. Ингээд 10 цагийн үед худалдагч нар нь ажилдаа орсон юм. Тэгэхээр худалдагч нарын тэмцэл тэгсгээд намжсан бололтой.

Ажилчдынхаа эрх ашгийг хэрхэн хангаж байгаа, санал хүсэлтийг нь хүлээж авсан эсэхийг тодруулахаар Номин холдинг компанийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Золзаяатай холбогдоход "Ийм асуудал одоогоор мэдэгдээгүй, ажил хэвийн явж байгаа. би тодруулаад эргээд мэдээлэл өгье" гэв.

Удалгүй тэрээр дахин холбогдож "Өчигдөр  цалин буусан юм. Өнөө өглөө хоёр худалдагч цалиндаа сэтгэл ханамжгүй байсан юм байна. Гэхдээ ажил хаясан зүйл байхгүй. Одоо ажил хэвийн явж байгаа гэж дэлгүүрийн дарга мэдэгдлээ" гэв. Тэгэхээр худалдагч нарын тэмцэл тэгсгээд намжсан бололтой. Томоохон сүлжээ дэлгүүрүүд хүмүүсийг бага хөлсөөр ажиллуулдаг төдийгүй бараа бүтээгдэхүүн дутахаар цалингаас нь суутгадаг тул ажиллах сонирхолтой хүн тун цөөн байдаг. Номингийн хувьд ийм л зүйл  тохиолдсон байна. Номингийн удирдлагууд худалдагч нарын гомдол, ажил хаялтыг хэрхэн зохицуулсан нь тодорхойгүй  үлдэж байна. Энэ тухай эргэн сурвалжлан хүргэх болно.