Триатлоны улсын аварга Г.Амарсанаа: Намайг энэ спорт зоригтой, дайчин болгодог
2019/08/03
Б.ДАРЬСҮРЭН
Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26,27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуурт болж өнгөрлөө. Түүхэндээ хамгийн олон буюу 307 тамирчин оролцжээ. Тэмцээний эрэгтэй элитийн төрөлд хоёр дахь удаагаа аварга болсон Г.Амарсанаатай ярилцлаа.
-УАШТ-д амжилттай оролцож, хоёр дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэе. Энэ төрлөөр хэзээнээс хичээллэсэн бэ?
-Намайг Ганбаатарын Амарсанаа гэдэг. 17 настай. “Олонлог академи” сургуулийн ХII ангид сурдаг. Би зургаан жилийн өмнөөс усан спортоор хичээллэж эхэлсэн. Энэ маань давуу тал болж, 2018 оноос Г.Одгэрэл багшийн удирдлаган дор хичээллэж байгаа. Мөн аав маань их дэмждэг. Хамгийн сайн туслагч. Триатлон нь Монголд 2000-аад оны үеэс үүсэлтэй. Шинэ тутамд хөгжиж буй спорт л доо.
-Энэ спорт нь гурван төрөлтэй гэж сонслоо. Өөрөө аль төрөлд нь илүү давуу талтай оролцдог вэ?
-Усан сэлэлт, унадаг дугуй, гүйлт гэсэн төрлүүдтэй. Бас эд нар нь дотроо ангилалтай. Өсвөрийн буюу Sprint ангилалд унадаг дугуй уралдаан 20 км, гүйлт таван км, 750 метр сэлэлттэй. Энэ бол миний хичээлдэг төрөл. Хамгийн хэцүү ангилал гэвэл мэргэжлийн тамирчдын Iroman юм. 3000 метрийн сэлэлт, дугуйн уралдаан 100 км, 42 км гүйлттэй.
-Ямар шалгууруудыг хангаж байж, мэргэжлийн болдог вэ?
-Тив дэлхийн том тэмцээнүүдэд оролцоод, дор хаяж 500-аад оноо цуглуулах ёстой. Онооныхоо эрэмбээр эхний 10 тамирчин ч гэдэг юм уу, тэгж мэргэшинэ. Жишээлбэл би 540 орчим оноо авч байсан.
-Хичнээн тэмцээнд оролцож, ямар амжилтууд гаргасан бэ?
-Залуучуудын олимпын эрх авах тэмцээн 2018 онд Филлипин улсад зохиогдсон. Энэ тэмцээнд дугуй маань эвдрээд, нийлбэр оноогоор сайн оролцож чадаагүй. Замдаа дугуйгаа хийлсээр байгаад, бариандаа орж байсан. Энэ хамгийн гоё дурсамжтай нь. Мөн онд Хонгконгод болсон Азийн цомын тэмцээнд 39 тамирчнаас 18 дугаар байрт шалгарсан. Энэ оны нэгдүгээр сард Тайландад болсон “Rayong” цомын тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Зургадугаар сард БНАСАУ-д зохиогдсон ААШТ-ий залуучуудын ангилалд 39 тамирчнаас 29-т бичигдсэн. Залуусын ангилал гэхээр 19 хүртэлх насны хүмүүс оролцоно. Хамгийн сүүлд миний түрүүлсэн тэмцээнд хамгийн залуу нь 10 настай охин. Харин ахмад нь 60-70 орчим насны эмээ өвөө нар оролцсон. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил УАШТ-д 200-аад тамирчин оролцож байсан бол энэ жил 300 гаруй болж нэмэгдсэн байна лээ.
-Бэлтгэл сургуулилтаа хаана базааж байна вэ. Энэ спортын онцлог нь юу вэ?
-Усан сэлэлтийн бэлтгэлээ “Виста клуб”-т, дугуй спортыг Хасбанкны “Хас клуб”-т бэлтгэдэг. Гүйлтийн бэлтгэлээ чөлөө цагаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж хийдэг. Учир нь тэнд агаар хамгийн сайхан. Триатлоноор хичээллэгчдэд хүчилтөрөгч, цэвэр агаар хамгийн чухал.
-Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш бие болон сэтгэлзүйд нь өөрчлөлт гарсан уу?
-Гаралгүй яахав. Өмнө нь би өөртөө итгэдэггүй байсан. Тийм хол зайд уралдаж чадах болов уу. 20 км зайд дугуй унаж, таван км-т гүйнэ гэхээр нэг л сонин санагддаг байсан. Одоо бол өөр шүү. Амжилт гаргахын хэрээр өөртөө итгэлтэй болж, би чадна аа л гэдэг болсон. Мөн аливаа асуудалд зоригтой, дайчин байдлаар ханддаг болж байгаа.
-Тэмцээнд оролцож байхад нь бодогддог зүйл бий юу?
-Байгаа. Дээгүүр байр эзлэчих юмсан. Бариандаа заавал орно гэсэн бодолтой оролцдог.
-Триатлоны спорт нь манай улсад сайн танигдаагүй байгаа. Энэ спортын хүмүүсийг татах тэр зүйл нь юу вэ?
-Одоо миний үеийн хүүхдүүд хүртэл фэйсбүүк, инстаграм зэрэгт маш идэвхитэй байдаг. Манай ангид жишээ нь фэйсбүүкгүй хүн байдаггүй. Ийм учраас телевиз, сонин, сайтуудаар мэдээлэл тарааж өгмөөр санагддаг.
–Дүү нар тань бас энэ спортын төрлөөс хичээллэдэг гэл үү?
-Миний дүү 12 настай. Миний адил усан спортын дэд мастер цолтой. Надтай хамт хичээллэдэг. Бага дүү жаахан болохоор спорт энэ тэр гэж сайн мэдэхгүй ээ.
-Спорттой холбоотой дурсамжуудаасаа хуваалцаач?
-Дурсамж гэвэл зөндөө. Олон найз нөхөдтэй болж, бусадтай нээлттэй харьцаж чаддаг. Миний сурдаг “Олонлог академи” сургууль нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай учраас өөр орны тамирчидтай амархан ойлголцчихдог. Бараг нэг гэр бүл болсон доо. Одоо би тэмцээнүүддээ амжилттай оролцож, ирээдүйд олимпод орохыг мөрөөдөж, зорьж байна.
Эх сурвалж:www.polit.mn