Булган аймгийн Могод сумын харьяат “Хангарьд” спорт хорооны бөх улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбаттай ярилцлаа. Тэрбээр өнөө жилийн наадмаар улсын начин Баатарын Амарзаяагаар тав давж улсын наадамд дөрөв дэх удаагаа шөвгөрсөн юм. Энэ амжилтаараа өнөө цагт барилдаж буй улсын начингуудын манлайд гараад байгаа юм.


-Сайхан наадсан уу. Наадмаас хойш хаагуур явж барилдав?

-Сайхан наадлаа. Баяр наадмаас хойш ийшээ тийшээ явж зодоглосонгүй ээ. Эндээ л байлаа. Маргаашнаас хөдөө гадаа явахаар төлөвлөөд сууж байна.

-Таван жилийн дараа улсын наадамдаа дахин шөвгөрлөө. Шөвгийн давааны ам тань олон хүний сонирхол татсан шүү дээ. Аралтай начин Амарзаяагаас ямар хий, зай харж амласан бэ?

-Энэ жилийн тухайд бэлтгэл сайн байсан. Тавын даваанд би таван хүнээс ам авахаар нэр сонссон. Д.Амарсайхан начингаа амлачих юм бол нутгийнхан муу хэлээд унах биз. Б.Амарзаяа, аймгийн арслан Ц.Сандагдорж хоёрын нэгийг амлаад барилдъя гэсэн бодол толгойд бууж байгаа юм. Өмнөх даваанд Амарзаяагийн алхаа гишгээг анзаарахад давхар аччихаж болох юм шиг санагдаад болдоггүй. Ингээд л шийдсэн дээ. Барилдаан яг л миний төлөвлөж байснаар болсон. Анарын тухайд энэ жил онцгой сайн байсан. Б.Орхонбаяр гэж хүүгийн од нь гүйчихсэн байсан шүү дээ. Юу ч хийж мэднэ. Осолтой.

-Дөрвийн даваанд сайн найзтайгаа оноолт таарсан. Чанга гэхээс илүү барилдахад халгамаар оноолт басан болов уу. Г.Отгонбаатар арслангийн тухайд олон жил улсын цолны тааварт сайн барилдаж байгаа шүү дээ?

-Хэцүү байсан шүү. Бид хоёрын тухайд наадмын дэвжээнд хоёр дахь удаагаа оноолт таарч байгаа маань энэ. Отгоо олон жил тууштай хөдөлмөрлөж байгаа бөх. Улсын цол авах байх аа.

-Та 2012 оны наадмаар начин цолоо батлаад П.Бүрэнтөгс арсланд өвдөг шороодож байсан. Энэ жил харцага цолны даваанд дахиад л уналаа. Ямар барилдаан төлөвлөж гарсан бэ?

-П.Бүрэнтөгс арслангийн барилдаан надад эвгүй байдаг юм. Илүү хөдөлгөөн хийхгүй, хий зай гаргадаггүй онцлогтой сайн бөх. Энэ жилийн тухайд төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадахгүй зогсож байгаад өвдөг шороодсон доо. Бүрэнтөгс намайг амлах болов уу гэсэн тооцоо надад байсан нь зөрөөгүй. Болохгүй юм болдоггүй л юм байна шүү дээ. Наадам сайхан боллоо. Э.Оюунболдын тухайд энэ жил онцгой сайн байсан. Хүн болгон л хэлж байна.

-Таны нас 30 гараад явчихлаа. Цолоо ахиулчих боломж хэр байсан бэ?

-Надад начин цолтой дуусахад харамсаад байх зүйл алга. Хэн ч намайг муу начин гэж хэлэхгүй байх. Цолондоо дүүрэн байх сайхан шүү дээ. Том цол авч түрүүлж, үзүүрлэх сайхан л байх. Гэхдээ хүн сайн барилдах нь чухал. Нэг их том цол авчихдаг, унаад байж болохгүй биз дээ. Томдчихсон дээлтэй хүүхэд шиг онцгүй. Би ч өөрийгөө 30 гарчихлаа, хөгширлөө гэж санаад байдаг. Сая наадмаар дунд шөвөгт шалгарсан найман бөхийн зургаа нь манай үеийнхэн байсан шүү. Бас ч гэж юу юугүй зайгаа тавиад өгчих болоогүй ээ, манайхан (инээв).

-Ер нь ямар зорилго өвөртөлж бөхийн ертөнцөд орж ирэв. Зорилгодоо хүрч чадсан уу та?

-Бүүр бага байхад юм даа, өвөө маань орсон гарсан хүмүүст миний өвдгийг бариулж үзүүлээд л “Миний хүү улсын цолтой том бөх болно” гэж хэлдэг байсан нь миний санаанд тод үлджээ. Б.Бат-Эрдэнэ аварга манайхаар буугаад мордоход өвөө маань өнөөх үг л хэлж байсан. Хожим аваргын үүсгэн багуулсан “Аварга” дээд сургуульд элсч амжилтын гараагаа эхэлж байсан юм даа. Өвөө маань хүүгийнхээ сумын заан болохыг л харчих юмсан гэж хэлдэг байж билээ. Жаахан хүү байхад л би бөх болно гэсэн сэтгэхүй миний ой тойнд суучихсан байсан. Бөхийн спортоор оргилд нь гарна гээд л бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Сумын наадам гэснээс энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Гэр бүлийнхэнтэйгээ сумын наадам үзээд явж байсан олон дурсамж надад бий. Наадмын өглөө аавыгаа дагаад гарна гэдэг аз жаргал шүү дээ. Бага байхдаа хурдны морь их унана. Арай хүнддээд ирэхээрээ бөх үзээд суучихдаг болсон. Ноцолддог болоод ирэхээр наадам илүү гоё. Үеийнхээ залуусаас онцгойрч түрүүлнэ гэдэг амаргүй даваа. Түрүүлчхээд зогсож байх ч дэндүү сайхан шүү дээ. Наадамчид бүчээд л баяр хүргээд.

-“Бөхийн өргөөн”-ний барилдаануудад хэзээнээс гарч эхэлсэн бэ. Анх ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Жүдогийн бэлтгэл хийнэ. Завсар зайгаар нь заалны барилдаанд гарна. Бүтэн жил аманд гарч унасан байдаг юм. Ёстой нэмэргүй. Том бөхчүүдэд түлхүүлээд л унана. Гэхдээ тэр бүртээ хүн чинь чангараад л байдаг юм билээ. 2003 онд юм уу даа. Хаврын улирлын хаалтын барилдаанд Увсын Эрдэнээгийн Батбаатар харцагыг аймгийн арслан байхад нь өвдөг шороодуулж байлаа. Батбаатар чинь аймаг цэргийн цолтнуудын барилдаанд таван удаа түрүүлчихээд байсан босоо үе нь шүү дээ. Тэр жилээ улсын харцага цол хүртэж байсан санагдаж байна. Аймгийн арслан болж ирчихээд гайгүй үзсэн шүү. Өмнөговийн С.Идэрсүрэн арслантай үлдэж анх удаагаа аймаг цэргийн цолтнуулын барилдаанд түрүүлж байлаа.

-Булганы Энхбат гэж туранхай, нарийхан залуу И.Доржсамуу гардиар тав давж улсын начин болж байсныг тань санаж байна. Та начин болохдоо хэдэн кг-ын жинтэй байсан бэ?

-2009 онд шүү дээ. 80 гаруй кг жинтэй залуу улсын начин болж байлаа. Одоо бол захын сумын заан 80 гаруй кг жинтэй болсон. Тэр жил дөрвийн даваанд Г.Элбэг харцагатай оноолт таарч их хүнд барилдаан хийж туг тойрч байлаа. Элбэг харцага ч жин ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладгийг хэлэх үү. Амаргүй байсан шүү.

-Шинэ начин бөхийн өргөөнд бас л шуугиулж байсан шүү дээ?

-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч оролцдог, ачаалалтай бэлтгэл хийдэг, өндөр формтой байлаа шүү дээ. Анх улсын арслан До.Ганхуягийг өвдөг шороодуулж дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлж байлаа.

-Ажиглаад байхад таныг улсын наадмын зургаагийн даваанд өвдөг шороодуулсан бөхчүүд түрүүлж үзүүрлэсэн зүй тогтол харагдаж байна?

-Зургаагийн даваанд их сайн бөхтэй л таараад байсан юм байлгүй дээ. 2012 онд Бүрэнтөгстэй тунаж барилдаанд унасан. Өнөөх маань тэр чигээрээ яваад түрүүлчихэж билээ. Сүүлд Б.Гончигдамбад унасан. Тэр жил үзүүрлэсэн байдаг байх аа.

-Жүдо бөхийн арга барил, мэх техникийг монгол үндэсний бөхөд ашиглаж өндөр амжилт үзүүлсэн хүн бол та. Энэ арга барилыг танд хэн суулгаж өгөв?

-Хөдөөнөөс орж ирээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсч гавьяат тамирчин Халиуны Болдбаатарын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Энд л миний барилдааны суурь тавигдсан болов уу гэж ойлгодог юм. Миний ур чадвар өдрөөс өдөрт өсч удсан ч гүй улсын аварга шалгаруулах барилдаанаас медаль хүртэж үндэсний шигшээ багт багтсан даа. Ардын багш Ч.Насантогтохын удирдлагад бэлтгэл сургуулилт хийх болсон. Хүүхэд байхдаа бол Булганы Эрдэнэ-Очир багшийн удирдлагад улсын заан Н.Түвшинбаяр бид хоёр хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Наймдугаар ангиасаа л хамтдаа явсан даа.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар хоёр ч олимпийн наадамд оролцсон шүү дээ. Багын найзынхаа олимпийн аварга болох баярт мөчийг дэргэдээс хуваалцсан хүн бол та?

-Одоо бодоход дэндүү сайхан шүү дээ. 2008 онд аймгийн арслан цолтой хоёр залуу олимпийн наадмыг зорьж байлаа. Найз маань хэнтэй ч таарсан дайраад гардаг. Сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй. Сэтгэл зүйгээрээ л бусдаасаа онцгойрч чаддаг. 2008 онд чинь эхний даваанд Кейжи Сузуки гэж домог болсон бөхтэй сугалаа таарч байлаа шүү дээ. Гараад л давхар хамаад чулуудчихсан. Ингээд түрүүлэх замаа зассан юм даа. 2012 онд бол медаль зүүх хамгийн өндөр магадлалтай нь л Түвшинбаяр байлаа. Манай хүн ч найдвар алдаагүй.

-Бөхийн дэвжээ рүү хамт алхаж орсон найзтайгаа наадмын дэвжээнд хоёр ч удаа оноолт таарч барилдаж байсан санагдаж байна. Амар биш биз?

-Хэцүү хэцүү. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Анх 2007 онд билүү дээ аймгийн арслан цолтой байхдаа улсын наадмын гурвын даванд нугарч барилдаанд Түшинбаяр давж байлаа. Сүүлд тавын даваанд Түвшээ намайг амлаад даваа ахисан байдаг.

-Бөх хүн ямар байх ёстой вэ. Танаас үлгэрлэж өгсөж яваа олон залуус бий дээ?

-Энэ их соёлыг өвлөж дараа үедээ залгамжилж үлдээж байгаа. Бидний ах нар зөв үлгэрлэж бидэнд үлдээсэн. Иймээс бид хазгай гишгэх эрхгүй юм даа. Залуу үеийн хүчтэнүүдэд зөв үлгэр дуурайл өвлүүлэх ёстой. Ингэж байж л төгөлдөр их монгол бөх мөнх оршино шүү дээ. Биеэ зөв авч явж уран сайхан барилдаж олон хүмүүсийг үндэсний бөхрүү татах нь бидний үүрэг гэж боддог. Бөх хүн “Би ингээд дуусч байна, маргааш монгол бөх ямар байх нь надад хамаагүй” гэж сэтгэж болохгүй. Энэ замаар явж энэ зэрэгт хүрсэн болохоор сайхнаар нь авч явж дараа үедээ үлдээх ёстой гэж боддог юм.

-Залуу үе гэснээс таны дүү Э.Энх-Амгалан гэж залуу шаггүй барилдаж байна?

-Тийм. Сая аймгийн арслан болчих болов уу гэж харж байсан болсонгүй. Хоёр ч аймгийн наадамд барилдаж Өмнөговьд үзүүрлээд, Дундговьд их шөвөгт шалгарсан байсан. Би улсын наадмын өмнө “Чи энэ жил аймгийн арслан болохгүй юм байна, улсын наадамдаа барилдаад аймгийн наадмаа нэг удаа өнжчих” гэж зөвлөсөн юм. Улсын цол авчих болов уу гэж харсан болохоор тэр лээ. Дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргад унасан. Энэ жилдээ аймгийн заанаараа үлдэх байсан юм болов уу даа.

-Бөхөөр хичээллээд та юу хожив. Амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авсан бэ?

-Үндэсний бөх хүн хүндлэх ухаан, тэвчээр хатуужил гээд амьдралд хэрэгтэй бүх л зүйлийг хүнд суулгаж өгдөг дөө. Энэ бүгдийг би үндэсний бөхөөс суралцсан.

-Одоо нөгөө допингийн шинжилгээний хариу ирэх дөхөж байгаа байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Байж болохгүй зүйл. Өнөөдөр допинг хэрэглээд барилдаж буй цөөхөн хүмүүс байгаа. Гэхдээ манай үзэгчид бөхчүүд бүгд хэрэглэж байгаа юм шиг ойлголттой болчихжээ. Хий хоосон хардаад л. Тэр тийм хэрэглэдэг. Тэдэн төгрөг өгөөд хариуг нь аргалчихсан ч гэх шиг. Монгол бөх өнөөдөр арай ийм дээрээ тулаагүй ээ. Бэлтгэлийн сайнаар цол чимэг аваад явж байгаа залуус олон бий. Халуун гал тогоонд нь байгаа хүний хувьд сайн мэднэ.

-Гарч ирсэн цагаасаа л “Хангарьд” спорт хороогоор зарлуулж байсан. Одоо хэвээрээ юу?

-Тийм ээ. Одоо ч хэвээрээ. Удирдлагууд нь солигдоод цалин мөнгөө өгөхгүй үе байсан л даа. Бусад спорт хороодоос надад санал тавьж байсан. Би зөвшөөрөөргүй. Залуу бөх Энхбатыг тоож дэмжиж байсан болохоор Хангарьддаа хайртай байдаг юм. Би дөрөв таван компани, байгууллагын нэр дээрээс зэрэг барилдаад байгаа бөхчүүдийг нэг их таашаадаггүй юм. Миний хувьд “UFC” группийн нэр дээрээс барилддаг.