Монгол мастерын урласан контрбасаар Монгол эмэгтэй анх удаа
2014/03/25
Энэ бүсгүй өөрөөсөө өндөр хөгжмөөр тоглодог. Түүний хүүхэд байхаасаа сурч өнөөг хүртэл тоглож, дэлхийн болон Монголын сор болсон хөгжмийн бүтээлүүдийг тоглож үзэгч, сонсогчдод хүргэдэг энэ зэмсэг нь хоёр метр орчмын өндөртэй. Босоогоороо тоглоно. Бүсгүй турьхан, хонгорхон. Харин түүний хамгийн дотнын анд контрабас хөгжим хэзээд бүдүүн хадуун дуугарах. Тэглээ гээд Л.Сугархүү хэзээ ч "найзаа" ад үзэж байгаагүй, залхаж цааргалж үзээгүй. Яагаад гэхээр тэр хөгжимдөө дурлачихсан. Контрабасын бүдүүн дуугүйгээр хөгжим хэзээ ч гоё байдаггүй. Яагаад гэхээр хүний хорвоо дандаа нялцганаж наалинхайтаж байдаггүйтэй агаар нэгэн.
Монгол мастер АЖ Дамчаагийн Түвшинтөрийн эх орондоо урлан бүтээсэн Контрабасс хөгжмөөр анх удаа Монгол эмэгтэй тоглох гэж байгаа нь онцлог юм.Стандарт контрабасс 13кг жинтэй байдаг бол Монгол контрабасс нь арай хүнд 15кг. Симфони найрал хөгжмийнхэн энд тэнд нүүж тоглох нь элбэг. Тэр үед хөгжмөө зөөвөрлөх нь турьхан эмэгтэй хүнд ахадсан ачаа болдог ч Монголд цор ганц эмэгтэй тоглооч түүний 35 жилийн хөдөлмөр шингэсэн ажил нь болохоор хэзээч төвөгшөөдөггүй.
Хөгжмийн зэмсэг бүр симфони найрал хөгжмийн амин сүнс байдаг. Тэдгээр сүнснүүдийн нэгэн болох ийм нэгэн бараа сүртэй, бас (bass) дуутай зэмсгээр, түүнийг эзэмшигч, эзэмдэгч Л.Сугархүү бүсгүй гоцлон тоглох уран бүтээлийн үдшийг танд бэлэглэх гэж байна.
Түүний виолончель (морин хийл) хөгжимчин Т.Аззаяатай хамтарч үзэгчдэдээ хүргэх тоглолт энэ сарын 28-ны 19:00цагт Улсын филармонийн концертын танхимд болно. Ийм нандин тоглолт хамгийн сүүлд хэзээ болсон бэ. Санаанд лав юм алга