Айл хэсэхгүй байж, аав ээжээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна
2020/02/17
Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.
“Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлийн Засаг Даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхий нийтэд коронавирусын 64161 тохиолдол бүртгэгдэж,1485 хүн нас барсан, 6891 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас авсан давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Нийслэлийн харьяа Эрүүл мэндийн байгууллага иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс 24 цагаар зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.Харин арга хэмжээ авах багийг НМХГ-т байгуулаад явж байна. НМХГ-аас нийт байцаагчдын 60 хувьд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангаад байна.НМХГ-аас 380 хүнд сургалт зохион байгуулж, нийт байцаагч нарт зааварчилгааг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Нийслэлийн Засаг Даргын 168 дугаар захирамжийн хүрээнд сүм хийдийн удирдлагуудад хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг хүргүүллээ. 889 аж ахуй нэгжийн баар, караоке зэрэгт хяналт хийж зөрчил тухай бүрт хариуцлага тооцон ажиллалаа.Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа бүрэн зогссон гэж” мэдэгдлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үргэлжлүүлэн нийслэлд хийгдэж байгаа ариутгал халдавргүйтгэлийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.“Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ,хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гээд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийлээ. Холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд ариутгалыг хийж байна. Мэргэжлийн байгууллагаас ариутгалын бодисыг шинжилсэн. Мөн нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс 58 мянган тонн хур хогийг төвлөрсөн хогийн цэгрүү зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.Мөн төмөр хайс хашлага тэмдэг тэмдэглэгээг угаах ажлыг зохион байна”гэв
Ийнхүү урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Онцгой Комиссын Дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө. "Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Өглөө болгон нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай байна.Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна. Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах,хүнд нөхцөл байдлыг даван туулна.Энэ хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өглөө.Мөн хуралдааны төгсгөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.