Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоох саналыг Тэргүүлэгчид дэмжив.



Эдгээр 38 байршлын тухайд, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрхан дүүрэгт зураа, Сүхбаатар дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт ес, Чингэлтэй дүүрэгт найм тус тус байна. Түүнчлэн дээрх байршлуудаас онцлоход Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Дарь-Эх цогцолбор, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны гэр хороололд байгуулсан тохижилт бүхий жишиг гудамж, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулсан Булагтай, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалт хийгдсэн газрууд байгаа юм.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Түгээх: