Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн  хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-нд өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Эндээс Монгол улсын эдийн засаг ямар байгааг дүгнэж болохоор байв.  Ингээд хуралдаанд хэн юу хэлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Монгол Улсад эдийн засгийн хямрал буюу "төлбөрийн балансын, ханшийн хямрал" нүүрлээд байна. Оношоо зөв тавих хэрэгтэй. Асуудлыг улстөржүүлж, улс төрийн намууд оноо цуглуулах гээд байгаа юм алга. МАН, АН-ын эдийн засаг гэж тусдаа зүйл байхгүй. Үрэлгэн данхар бүтэц, төсвийн бодлогоо эргэж харцгаая. Мөнгөний бодлого, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг эргэж харцгаая. Татварын бодлогын шинэчлэлийг яаралтай хийцгээе. Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд УИХ дорвитой шийдвэр гаргамаар байна. 
Бусад улсын туршлагыг авч хэрэгжүүлцгээе. Азийн орнуудын бэлээхэн жишээ байна. Олон улсын байгууллагуудын зөвлөгөөг хүлээж авч ажиллах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монголын эдийн засаг "хатгаа" тусчээ. Гэвч энэ "хатгаатай" эдийн засгийг эрх баригчид зөвхөн "чихийг"  нь л эмчилж байна. Ханшийн хямрал болоод байна. Одоо л өнөөдөр л үнэнд гүйцэгдэж Монголбанкны ерөнхийлөгч үнэнээ хэллээ.
Одоо ажлын хэсэг гаргая. Эхлээд үнэнийг нь хэлэх хэрэгтэй. Үндэсний статистикийн хороо тоо засдаг байдлаа одоо болимоор байна. Монголын төр хэзээ ч тоогоо засч хуурч мэхэлж байсангүй. 
Мөнгөний бодлогын өөрчлөлтөө оруулаад ир. Төсвөө оруулаад ир. Цөөн аж ахуйн нэгжид мөнгө өгдөг юмаа битгий оруулж ир. Данхар бүтцээ одоо цомхотгохоос ажлаас эхлүүл. Дэд сайдуудыг одоо боль. "Давхар дээлийн тухай" хуулийг хэлэлцэж байгааг АН ашиглаад Засгийн газраа нэг сайн янзлаад авах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  АН,  МАХН 2016, 2020 онд хамтарч ялах гэрээ байгуулчихсан байхад энд эдийн засаг гэж яриад байх хэрэг байгаа юм уу? АН,  МАХН хоёр нийлээд Монгол Улсын 10 жилийн ирээдүйг шийдчихсэн байхад одоо юу ярих юм. 100 хоногийн кампанит ажил гээд хоёр хуудас юм оруулж иржээ. Энэ тогтоолын төслийн 17-д казино оруулж ирэх заалт байна. Олон юм ярьж бүтэхгүй төсөл оруулж байхаар тэр төмөр замын төслөө оруулаад ирэхгүй яасан юм бэ?
Ухаалаг төртэй болох гээд байгаа юм бол бүтэц бүрэлдхүүнээ эргэж харахгүй юм уу? Ийм бүтэцтэй байхад ажил явагдахгүй, бүтэхгүй. Зарим нь ажлаа өгөх хэрэгтэй. Энэ чинь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад 50 хувийн дэмжлэг болно шүү!
Данхайсан бүтцэд 40 тэрбум төгрөг зарж байгаагаа хэмнэхгүй юм уу? 0 үнийн дүнтэй объектуудаа яах юм? Төсөвт 1380 төгрөг гээд тусгачихсан ам.долларын асуудлаа яах юм? Галзуу хүн л Засгийн газрын тендерт орно шүү. Өнөөдрийн Засгийн газрын хийж байгаа ажил зүгээр л хэвлэл рүү анхаарч байгаа болохоос бүтээн байгуулалт руу анхаарч байгаа юм алга.
Нам дээрээ сайн ярьцгаа. Үндсэн хууль, төр хоёрыг наймаалцсан хуйвалдаанаа одоо зогсоо. Бодитой асуудлуудаа оруулж ир! Төсөв, төмөр замаа оруулаад ир Н.Батбаяр сайд аа.  Юмаа унш. Алийн болгон цаашдаа улс орныг ингэж байлгах гэсэн юм?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнөөдөр л Засгийн газрын "солиорлын хөөс" хагарч байна. Энэ чигээрээ байвал намар маш хүнд байдалд орно. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны хувь нэмэр их байна. Цаг алдаж их хэмжээний хохирол амсаж байна. Төсвийн тасалдал 1.8 их наядаар тогтохгүй. Төсөв, татвар хоёроо эргэж харцгаая. Засгийн газрын данхар үрэлгэн байдлыг цаашид яах вэ? Нийгмийн хамгааллын чиглэлээр ямар ч асуудал энэ 23 төлөвлөгөөнд чинь алга. Ард иргэдээ газар хаяж байгаа юм уу?
Хөгжлийн банкийг байнгын хороо ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Монголбанк Засгийн газрын кассын машин байхаа болимоор байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Жилийн өмнө ам.долларын ханш ингэж эрчтэй өсөх шинжтэйг бид анхааруулж байлаа. Уг нь та нарын ажилд сөрөг хүчин туслаад дэмжээд байсан юм. Гэтэл Засгийн газар хэтэрхий биеэ тоож байлаа. Статистикийн тоо, бодит байдал хоёр маш зөрүүтэй байна. Авах арга хэмжээгээ түргэн авцгаая.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Монгол Улс их багагүй бүгд өрийн сүлжээнд орчихлоо. Ард түмний халаас хоосон болчихлоо. Косметик засвар хийх гээд ямар ч нэмэргүй. Одоо хамгийн үр дүнтэй асуудлуудаа оруулаад ир, тэрийг ярьцгаая. Сүүлийн үед хамгийн муу муухай мэдээг гадаадын хэвлэлүүд цацаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдаа хорьж цагддаг талаар чинь бичиж байна. Хувийн хэвшилдээ саад болохгүйгээр дэмжээд өгмөөр байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Та нарын оруулж ирсэн 23 зүйл арга хэмжээ чинь нэрнээсээ авахуулаад буруу байна. Эдийн засгаа буруу оношилж байна. Ажлын хэсэг байгуулаад тогтоолын төслөө дахиад сайтаар боловсруулж ажилламаар байна. Казино байгуулах, тусгай хамгаалалттай газрууддаа уул уурхайн ажил эрхлэх гэх мэтээс өөр юм бодож олох хэрэгтэй. 
ТЭЗҮ нь бэлэн батлагдчихсан үндэсний компаниуддаа хандъя. Дарга цэрэггүй барьж хорьдгоо больцгоо. Та бүхэн зөвхөн эдийн засгаа хумих бодлого л бариад байна. Олон улсад Монголын үзүүлэлтүүдийг харуулж байгаа тоонууддаа анхаарах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудын үнэн зөв мэдээллийг өг. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Төрийн сайд, дарга нарын ярьж байгаа эдийн засгийн салбарын мэдээлэл, баримтууд бvгд зөрvvтэй байна. Та нар vvнийгээ эхлээд янзал. Сул бодлого, тодорхойгvй байдал чинь олон улсын тvвшинд гологдоод шvvмжлэгдээд байна. Тvрvv жилийн өдийд анааруулсаар байхад зvгээр байна гэж ярьсаар сая л ухаан орж "төлөвлөгө" гэж юм оруулж ирж байна. Энэ "төлөвлөгөө" дотор чинь vндэсний томоохон компаниудаа хэрхэн яаж дэмжих вэ, бондуудаас ямар дэмжлэг vзvvлэх вэ гэдэг талаар ямар ч vг vcэг алга. Нэн чухал зvйлсээ тодорхойлох хэрэгтэй. Чанаргvй зээл 92,6 хувиар өслөө. Ажлын байргvй, vйлдвэрлэлгvй болсон аж ахуйн нэгжvvд зээлээ телж чадахаа байлаа. Vvн дээр салбарын яам нь анхаарах цаг болжээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Валютын ханшийг өсөлтийг дагаад юмны үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал таатай биш байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ буурч байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан сигналыг бид авч байгаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:  Засгийн газар нэн яаралтай асуудлыг нэн яаралгүй оруулж ирлээ. Эдийн засгийг хүндрэлээс гаргах анхны санаа гарснаас хойш одоо хэдэн сар ч өнгөрөв дөө. Анх 2013 оны дөрөвдүгээр сард эдийн засгийн гадаад дотоод байдлын судалгаа гарсны дараа эдийн засгийг богино, дунд хугацаанд хүндрэлээс гаргах УИХ-ын тогтоол гарах ёстой гэж зарим гишүүд үзсэн. Гэвч тогтоол гарахгүй их удсан. Харин энэ тогтоол яаж үүссэн бэ гэхээр Гарамгайбаатар гишүүний өрөөнд тав зургаан гишүүн уулзаж, миний санаачилсны дагуу эдийн засгаа хүндрэлээс гаргах талаар нэн яаралтай арга хэмжээ авахгүй болохоо болилоо гэдэгт санал нэгдсэн. Гэтэл явцын дунд энэ тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж үзсэн ч тэрнээс хойш бас л удаашруулсан. Одоо энэ тогтоолын төслийг хартал өөрчлөгдсөн юм юу ч алга. Яагаад Засгийн газар өөрсдийнхөө хийх ажлыг нэн яаралтай гэж нэрлээд Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэх гээд байгаа юм. Засгийн газрын ажил эрчимгүй явж байвал түүнийг эрчимжүүлэх үүргийг яагаад УИХ-аар өгүүлэх гээд байгаа юм. Засгийн газар ажлаа эрчимжүүл л дээ.

Асуудал нь нэн яаралтай боловч Засгийн газар нэн яаралгүй, монгол хүний тайван, уужуу хүлээцтэй байдлаар оруулж ирж байна. Яагаад ийм байдлаар асуудалд хандаж байгаа юм бэ, яасан Засгийн газар гэж энийг хэлэх юм бэ, яагаад ажил нь ийм удаан явдаг юм бэ гэж өөрсдөөсөө асуух цаг болжээ.

Тогтоол нь нэн яаралтай гэчихээд ямар ч хугацаа байхгүй. Хэтэрхий ерөнхий, яах гээд байгаа нь тодорхойгүй тогтоол болжээ. Дахин боловсруулалт хийх хэрэгтэй. Судалгааг анхаарах ёстой. Валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцож байгааг юу гэж үзэх юм. Хэн яаж гаргасан тооцоо вэ. Тодорхой хариулт өг. Инфляцид валютын ханш нөлөөлөөд ард иргэдийн худалдан авах чадвар муудсан бол ингээд яваад л байх юм уу. Ядуурлыг бууруулах чиглэлээр яагаад тодорхой үүрэг өгөгдөхгүй байгаа юм бэ. "Newsweek "-т бичсэнээр Монгол Улсын нэр хүнд унаж байна. Дэлхий гэж их ярьдаг хүмүүс дэлхий, бас хөрөнө оруулагчдад ямар хариу өгөх гэж байна. Сүүлийн мэдээгээр 1000 гаруй  компанид татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн гэж сонслоо. Яагаад татварын реформ, өршөөлийн тухай энэ тогтоолын төсөлд оруулаагүй юм. Монголын эдийн засгийг сайжруулъя гэвэл яаралтай асуудлаа цаг хугацаатай нь шийдвэрлэх ёстой. Яагаад Монгол Улсын талаар олон улсын байгууллагууд өөр өөр байр суурьтай, яагаад Монгол Улсын төрийн байгууллагууд нь олон цонхоор яриад байна вэ. Үүний хариу болгож Засгийн газар ба хөгжлийн түншлэлүүдийн өмнө нь хийгдэж байсан уламжлал уулзалтуудыг яагаад хийж болдоггүй юм бэ гэж байв.  

Эндээс үзэхэд Монгол улсын эзийн засаг хүндэрсэн нь үнэн бөгөөд  бүсээ чангалах ёстой   гэсэн ойлголтыг төрүүлж байна. Тэгвэл  бүсээ  суллахын  тулд дараах арга хэмжээг авах ёстой гэж Засгийн газар үзэж тогтоолын төсөл гаргасан байна. Тэрхүү тогтолын  төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны ... дугаар                            Дугаар                        Улаанбаатар

сарын ….-ны өдөр                                                                                        хот

 

 

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/ Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай:

                                    1/Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсантай уялдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    2/ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах;

                                    3/Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын Баялаг” Холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх;

                                    4/үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг санхүүгийн, бодлогын болон зохицуулалтын арга хэрэгслүүдээр дэмжих хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх:

                                                4.1.Жижиг бизнес эрхлэгчидтэй яриа, хэлэлцээр хийсний үндсэн дээр тэдэнд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийн зохистой хэлбэрүүдийг тодорхойлж, тэдгээрийн үндсэн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, улмаар бууруулах арга хэмжээ авах, жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх.

                                                4.2.Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх.

                                                4.3.Томоохон компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх.

                                    5/хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих;

                                    6/Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкнаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    7/бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

                                    8/Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах;

                                    9/валютын ханшийн эрсдэлийг бууруулах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлэх;

                                    10/хөрөнгийн зах зээл, корпорацийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих;

                                    11/гадаадад байгаа Монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

                                    12/үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор CВОП(SWAP) хэлцэлээр бий болсон боломж,  нөхцөлүүдийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

                                    13/улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    14/Таван толгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх;

                                    15/үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх, ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

                                    16/хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх;

                                    17/гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;

                                    18/экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    19/эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх;

                                    20/төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    21/бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиглэлээр УИХ-аас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх;

                                    22/төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийж байх;

                                    23/хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох;

                        2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                   З.ЭНХБОЛД

 

Тэгвэл өнөөдөр  эдийн засаг хүнд байгааг  төсвийн орлого тасарч байгаа ганц жишээнээс харж болно.  Тодруулбал  улсын төсвийн орлого оны эхний улирлын байдлаар 160 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа. Тодруулбал% Татварын ерөнхий газар 520.9 тэрбумын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 119 тэрбумаар дутуу буюу 401.9 тэрбумын орлого төвлөрүүлсэн байна. Харин Гаалийн ерөнхий газар 59.4 тэрбумаар дутуу буюу 302.9 тэрбумыг төвлөрүүлсэн байна.

Нэгэнт хүндэрсэн  эдийн засгаа танай манай нам гэж улс төржилгүй  сайжруулж,  иргэдийнхээ нурууг жоохон ч гэсэн тэнийлгэхийг  улс төрчдөөс  хүсэх байна.  

Т.Энгүүн