Ч.Хүрэлбаатар: Алтанхуяг, Баттулга хоёрын хэнийг Ерөнхий сайд болгох нь АН-ы хэрэг, гэхдээ тэд нэг тэрэгний хоёр дугуй
2014/04/25
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
- Монгол улсын өнөөгийн эдийн засгийг та хэрхэн дүгнэж байна вэ?
- Хоёр хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдалд МАН-ын бүлгээс хийсэн маш тодорхой дүгнэлтийг танилцуулсан. Товчхон дүгнээд хэлэхэд энэ Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн буюу ханшны хямрал бүтэн жил үргэлжилж одоо санхүүгийн, эдийн засгийн хямралд ороод байна. Ийм дүгнэлтийг эдийн засгийн бодит тоон үзүүлэлтүүдээс гадна ард иргэд, бизнесс эрхлэгчид, эдийн засагчид, судлаачид, олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын судалгаа, санал бодолд үндэслэн хийсэн юм. Үнэхээр монголчуудын олон олон жилийн хүч хөдөлмөрөөр бий болсон эдийн засгийн өндөр өсөлт, мөнгө санхүү, нэр хүндийг хоёр хүрэхгүй жилийн дотор яаж үрэн таран хийж болдогийг энэ Засгийн газар яруу тодоор харууллаа даа. Үнэхээр харамсмаар.
- Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол эдийн засаг сайжирч байгаа. Гадаад худалдааны алдагдал 97 хувиар буурсан гэж мэдээлж байгаа. Хэн нь үнэн яриад байна вэ?
- Засгийн газар бодлогын алдаагаа засахгүй бол төгрөгийн ханш унана, эдийн засаг хүндэрнэ ээ гэдгийг манай намын бүлэг яг нэг жилийн өмнө УИХ-ын чуулган дээр мэдэгдэж байсан. Бас 2013 оны 8 дугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх бас даван туулах арга замуудыг хэлэлцэхийг Засгийн газраас шаардаж байсныг та санаж байгаа биз дээ. Тэр бүрт Ерөнхий сайд “Байдал маш сайн байгаа. Та нар битгий улстөржүүлээд бай” гэж мэдэгдсэн. Харин өнөөдөр энэ Засгийн газар үнэнд гүйцэгдэж, эдийн засгийн байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буюу хямралаас гарах төлөвлөгөөг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Бүтэн жил алдлаа ш дээ, энэ Засгийн газрын бодлогын алдаа, хариуцлагагүй байдлаас болж бий болсон алдагдал, хохирлыг ард иргэд, аж ахуйн нэгжүүд энэ Засгийн газраас нэхэх байх аа даа.
- 23 заалт бүхий “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслөөр Монгол улсын эдийн засгийг 100 хоногт сэргээх боломжтой юу?
- Боломжгүй. Бодлогын алдаагаа засах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа юм. Ингэж хэлэх олон үндэслэл бий. Нэг, дахиад л зээл авна гэж байгаа юм. Гэтэл энэ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 300 сая ам.долларын Самурай бонд авсан. Бас 2014 оны төсвийг батлахдаа 1.4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн. Ийм их хэмжээний зээл аваад үр дүн нь юу болов оо, долларын ханш 1800 болж, төгрөгийн ханш 30 хувиар буурлаа, эдийн засгийн хямрал нүүрлэлээ, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа, 23 мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Дахиад зээл авах юм гэнэ, ард иргэд, аж ахуйн нэгжээ өрөнд баригдуулахаас өөр арга энэ Засгийн газрын толгойд орохгүй байна гэж үү? Зээл биш хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ мэдэхгүй байна гэж үү? Хоёр. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлэх юм гэнэ. Тэгвэл төгрөг үнэгүйдэж цаас болно биз дээ. Гурав, Төсвөөс гадуурх олон хөтөлбөрөө төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохгүйгээр үргэлжлүүлэх юм гэнэ. Төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлнэ гэсэн үг биз дээ. Тэгэхээр Засгийн газраас өргөн барьсан 23 заалт бүхий төлөвлөгөөгөөр эдийн засаг биш харин хямрал эрчимжинэ. Үүнийг баталгаатай хэлэх байна. УИХ-ын эдийн засгийн Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллах байх, хир зэрэг төлөвлөгөө боловсруулж оруулж ирэхийг нь харъя.
- МАН-ын бүлгийн гишүүд энэ ажлын хэсэгт орж ажиллана биз дээ?
- Манай бүлгийн гишүүдийн ихэнх нь нэг байнгын хороонд буюу бүтэн жилийн хугацаанд гурван удаа хуралддаг өргөдлийн байнгын хороонд харъяалагддаг. Бид орж ажиллах Байнгын хорооныхоо нэрийг өргөдөлдөө бичээд, УИХ-ын даргад өгөөд бараг хоёр жил болж байна. Шийдэхгүй л байна. Энэхүү үйлдлээрээ манай намыг хохироож байгаа биш Монголоо хохироож байгаагааа энэ АН-хан ойлгохгүй л байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид монголд улс төрийн зөвшилцөл ойлголцол алга болчихож, дарангуйлал бий болчихож гээд айгаад хөрөнгөө оруулахгүй байгааг АН-хан ойлгохгүй байгаа юм.
- Ам.доллар түүхэндээ байгаагүйгээр өсөж 1800 төгрөг боллоо. Үүнд олон хүн санаа зовниж байна?
- Засгийн газар бодлогын алдаагаа засахгүй бол төгрөгийн ханш цаашид унаж, эдийн засгийн уналт үргэлжилнэ. Нэг ам.долларын ханш 1800 төгрөг хүрлээ. Энэ бол ам.долларын өсөлтийн дээд хязгаар биш ээ. Энэ шинэчлэлийн Засгийн газар манай улсын эдийн засгийн муу үзүүлэлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байгаа. Муу үзүүлэлтийн рекордыг “шинэчлэн” тогтоогч гэсэн агуулгаараа “шинэчлэлийн” болж монголын түүхэнд үлдэх байх аа, энэ Засгийн газар.
- Сэдвээ өөрчилье. Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжинг огцоруулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
- Тэмүүжинг өөрийн эрхэлсэн салбарынхаа хууль, эрх зүйн орчинг шинэчлэхийн тулд идэвхитэй санаачлагатай ажиллаж байгаа сайд гэж үздэг. Хийж байгаа ажлын нь үр дүн гарах болоогүй ээ. Уг нь хийж байгаа ажлын нь үр дүнг үзээд энэ сайд сайн ажилласан уу муу ажилласан уу гэдгийг дүгнэж хэлэх нь шударга ёсонд нийцнэ. Одоо үүсээд байгаа асуудлын хувьд гэвэл Тэмүүжиний талаар хууль хяналтын байгууллагын гаргаж өгсөн нууц танилцуулгатай танилцсан. Хэдийгээр нууц гээд танилцуулж байгаа хэдий ч зарим нь аль хэдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчихсан зүйл байна лээ. Анх удаа үзэж байгаа материал ч бас байна лээ. Хүний буруутай эсэхийг шүүх л тогтоох учиртай. Тэгэхээр шүүхийн шийдвэргүйгээр хүнийг буруутгаж болохгүй биз дээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үед нь нууц танилцуулга гаргаж өгсөн хууль хяналтын байгууллагууд болон Х.Тэмүүжингээс өөрөөс нь асууж тодруулах олон зүйл байна гэж үзэж байгаа.
- Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлэгийн өргөтгөлийн барилгыг Хууль зүйн яамны албан тасалгаа болгосон нь Төсвийн хууль зөрчсөн нь Х.Тэмүүжинг огцоруулах нэг үндэслэл болсон?
- Хууль зөрчсөн зөрчөөгүй гэдэг нь тусдаа асуудал, харин эмнэлгийн барилгыг өөрчилж контор болгосон нь маш бүдүүлэг хэрэг гэж үзэж байгаа. Монгол контороор дутаагүй харин эмнэлгээр дутаж байгаа шүү дээ. Уг нь иргэний нийгэм, ард иргэдийн дуу хоолойг сонсдог Засгийн газар байсан бол ийм шийдвэр гарахгүй л байсан. ОХУ-ын Санкпетрбургт нэгэн сургуулийн барилгыг мужийн шүүх болгох шийдвэр гарахад 500 орчим хүн эсэргүүцэн жагсаал хийхэд тэр өдөрт нь шийдвэрээ өөрчилж байсан жишээ бол бий.
- Н.Алтанхуяг энэ суудлаасаа буухгүйн тулд Х.Тэмүүжин сайдаар “туг тахиж” байна гэсэн яриа байгаа?
- Надад байгаа мэдээллээр Х.Тэмүүжингийн асуудал бол албан тушаал, эрх мэдлийн төлөө Ардчилсан намын бүлэг фракцийн хоорондын зөрчилдөөнөөс үүссэн. Давхар дээл тайлах асуудал бол өөр асуудал. Одоохондоо энэ хоёр тусдаа асуудал гэж ойлгож байна. Тэмүүжинг огцруулах саналыг АН-тай хамтран эрх барьж байгаа МАХН-ны гишүүн Баасанхүү өргөн барьсан. Давхар дээлийн тайлах асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжье, төрийн тогтолцооны гажуудлыг цаг алдалгүй засъя гээд санаачилсан. Энэ хоёр асуудал хэдийгээр тусдаа боловч яваандаа холбогдож болохыг бас үгүйсгэхгүй ээ.
- “Давхар дээл”-ний асуудал дээр Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татах боломжтой. Ерөнхийлөгч хуулийн төслөө эргүүлэн татах болов уу?
- “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжье, төрийн тогтолцооны гажуудлыг цаг алдалгүй засъя гээд санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татвал Ерөнхийлөгчийн нэр хүнд, түүнийг нэр дэвшүүлсэн Ардчилсан намын нэр хүнд ард иргэдийн дунд маш их унана аа гэдгийг аль аль нь мэдэж байгаа байх аа. Татахгүй гэдэгт итгэлтэй байна.
- Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр сайдын суудлын төлөө “дайтаж” байна. Х.Баттулга Ерөнхий сайд болох болов уу?
- АН-ы бүлэг фракцуудын хоорондын зөрчил нь монгол улсын эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүргэж байгаа нь санаа зовоож байна. Засгийн газар нь нэгдмэл бодлоготой, санаа нэгтэй ажиллаж байж хөгжлийг бий болгодог, харамсалтай нь энэ Засгийн газрын хувьд АН-ын фракцууд яамдуудыг хувьчилаад авчихсан юм шиг ажиллаад байгаа юм. Тэгэхээр энэ Засгийн газарт аливаа асуудлыг цогцоор нь авч үзэх, хамтын шийдэл гаргах чадвар байхгүй учраас аливаа хүндрэлтэй асуудлыг шийдэхгүйгээр орхиод байгаа. учраас эдийн засгийн байдал хүндрээд байна гэж би үздэг. Хэнийг Ерөнхий сайд болгох нь АН-ы хэрэг. Миний хувьд энэ хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй, ямар ч ялгаа байхгүй.
- “Шинэчлэлийн” засгийн газрын гишүүдээс хэн хэнд хамгийн түрүүнд хариуцлага тооцмоор байна вэ?
- Энэ Засгийн газарт чадварлаг сайдууд бий. Нэрийг нь хэлж магтах шаардлага алга. Бүтэхгүй хүмүүс ч бас бий. Эдийн засгийг хямралд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан сайд нартай юуны өмнө хариуцлага тооцох хэрэгтэй.
- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
А.Баярмаа
Зочин · 2014/04/26
Chadaltai zaluu
Зочин · 2014/04/26
ZUV ugtei ZUV zaluu shuu
Зочин · 2014/04/26
Яг үнэнийг хэлэхэд чадалтай сайдуудыг нь нэрлээд өгсөн бол сайн байх байсан юм аа. Хүрэлбаатар гишүүн өөрөө чадалтай гишүүний хувьд засгийн газрын гишүүдийн алдаа нь яг ийм юманд байна гээд л хэлээд өгсөн бол дараагийн ажил төрөлд хэрэгтэй байх байсан болов уу гэж бодож байна.
Зочин · 2014/04/26
hurelbaatar gj neg ****** shig harahaas ***lichgar tsbgaamu da araitai gar ediin zasag hyamarsan gj bayarlaad