Ханилж явсан нөхрөө хээр орхихоор шийдсэн Р.Бурмаа гишүүн намынхаа эсрэг дахиад л “Түгжилдэв”. Орчин цагийн Түгжил хэмээн эрхгүй нэрлэмээр ичгэвтэр явдал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тохиолдлоо.

Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлэгийн гол асуудал нь “Давхар дээл” тайлах хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарны нэгнээс байх уу, аль эсвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн заалтыг хэвээр үлдээх буюу 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг асуудал байв.

АН-ын гишүүд хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэрэгжүүлэхийг дэмжиж, харин дээрх асуудлыг УИХ-ын чуулганаархэлэлцэх үед намынхаа эсрэг кноп дарж “унагааж” байсан Р.Бурмаа гишүүн байнгын хорооны хуралдааны үеэр ч мөн л эсрэг санал өгч “Түгжилдэв”.

Түүнтэй хамт Ж.Батзандан гишүүн ч бас дөрөө нийлүүлэн эсрэг санал өгч намынхаа өөдөөс ташуур далайсан нь тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн үлгэрийг харууллаа. Ж.Батзандан гишүүний тухайд 2008 оны долдугаар сарын нэгний дуулиант хэргийн дараа “Амьтан” болсон нөхөр “Аавынхаас” гарч ирэн АН-ыг түшин хөл дээрээ боссон нь хөдлөшгүй үнэн. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж энэ.

Яг өнөө үед шинэчлэл нь удааширч, хорь гучин жилийн турш хөгжил ярьж дороо дэвхэцсэн оронд нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хурдтай хэрэгжүүлье, үр дүнд хүргэе, богино хугацаанд шим шүүсийг нь хүртэе гэж байгаа бол Ардчилсан Нам, нам дотроо эв нэгдлийг хатуу барьж, нэгдмэл санаа, зангидмал бодлогоор л ажлаа явуулах учиртай.

Олгой хагаравч тогоон дотроо гэж үг бий. Ерөөс улстөрийн нам гэж байхын, үзэл бодлоороо нэгдэн зохион байгуулалтад орж Засгийн эрхийг сонгуулийн замаар авахын гол утга учир нь ч энэ. Намын гишүүн бүхэн хувийн бодлоороо ч юмуу, хувийн эрх ашгаараа дор дороо том толгойлж, “Түгжил” зан гаргаад байх юм бол нэгдмэл бодлого явуулах, улс орны хөгжлийг түргэтгэх, шинэчлэл хийх хөрс нь өттэй байна гэсэн үг.

Тиймээс намын гишүүн гэж яваа бол хариуцлага хүлээж, дүрэм журамдаа захирагдах ёстой. Энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд  Төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэн хүртэл санаа тавьж байна. Дэлхий нийт ч Монголыг ажиглаж шинэчлэлийн замаар урагшлах нь уу, эсхүл эргэж буцаад ухрах нь уу хэмээн шинжиж байгаа нь тодорхой.

20 гаруй жил үргэлжилж байгаа энэ зовиуртай удаан, эмзэг хөндүүр шинэчлэлийг үр дүнд хүргэж эрчимтэй хөгжлийн зам дээр гаргаж ирэх нь Монгол улсын эрх ашиг. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх, Засгийн газрыг байн байн огцруулах нь ихэнх тохиолдолд  муу үр дагавартай байдаг гэдгийг “Түгжил”-ийн дүрд тоглож буй Р.Бурмаа, Ж.Батзандан нарын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж буй.

Хатуухан хэлбэл шинэчлэлийн замд саад тээг тавих гэсэн сөрөг хүчний санаатай явуулгыг дэмжиж намаасаа урваж буй хэрэг ч гэж болохоор байна. Төрд “Түгжил” л дутаж гэнэ дээ. “Түгжил”-тэй түжигнэж байхаар нэг мөсөн намаасаа хөөчихвөл яасан юм.

Т.Оргил