Нас барсан дөрвөн иргэний хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа, хоёр нь эмчилгээний явцад эндсэн
2021/02/02
“Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 иргэнээс коронавируст халдвар илэрсэн талаарх мэдээлэл өчигдөр үдээс хойш гарч, иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагт халдварын 18 тохиолдол илэрсэн болохыг мэдээлэв.
Өчигдөр үдээс хойш 31 тохиолдол нэмэгдсэн байхад өнөөдөр 18 тохиолдол нэмэгдсэн гэж мэдээлсэн нь эргэлзээ дагуулсан юм. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёр зүйл дээр тайлбар мэдээлэл өгье. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн нас баралт бүртгэгдээд байгаа. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчин/зүрх судасны дутагдал, зүрхний хэм алдалт/-ий улмаас нас барсан. Хоёр тохиолдол нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод эмчлэгдэж байх явцдаа нас барсан. Тухайн хоёр хүний хувьд мөн архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Эхний нас баралт 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүртгэгдсэн бол 2021 оны нэгдүгээр сарын 5, 12, 22-ны өдрүүдэд дараа дараагийн нас баралтууд бүртгэгдсэн байна. Өнөөдөр нас баралтын нийт тоог мэдээлсэн.
Дараагийн мэдээллийг хүргэе. Бид халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт өдөртөө 25-35 тохиолдол нэмэгдсэн. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлын тоо нэмэгдээд явдаг. “Тоёоко Инн” зочид буудалд сүүлийн долоо хоногт өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтал 300 орчим хүн тусгаарлагдаж байсан. Тусгаарлалтад байсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингээд халдвартай иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.
Тусгаарлан ажиглах байранд хавьтлуудыг долоо хоног тусгаарлах хугацаанд хоёр удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй бол гэрийн ажиглалтад шилжүүлэн долоо хоног ажиглаж байгаа" хэмээв.
ЭМЯ-ны зүгээс “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь өчигдрийн 11:00 цагийн мэдээлэл дунд багтсан. Иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх ажил 11:00 цагийн мэдээллээс хойш зохион байгуулагдсан учраас буруу ойлголт үүссэн байна хэмээх тайлбарыг мөн өгсөн юм.