Н.Лхамсүрэн, Ю.Цэдэнбал дарга, академич Б.Ширэндэв нартай ЗХУ-д хамт суралцаж байсан, уг нь оюутан цагийн найз нар байжээ. Тэгээд ч тэр үү Ю.Цэдэнбал дарга түүнийг Гадаад явдлын яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улс Төрийн Товчооны гишүүн хүртэл дэвшүүлсэн гэдэг. Дараа нь түнжин хагарч албан тушаалаас нь буулгасан бөгөөд “Лоохуузын хамсаатан” хэмээн буруутгасан. 

Би Н.Лхамсүрэн агсантай 1989 оны өвөл уулзан нилээн дэлгэрэнгүй бичлэг хийж Намын архивт өгсөн. Тэр үед би Москвагийн Нийгмийн Ухааны Академи төгсөөд ирчихсэн, Гарбочёвын “перестройка”-гийн үзэл санааг талархдаг, түүхийн үнэнийг сэргээх тухай ярьдаг хүмүүсийн бодлыг дэмждэг нэг саваагүй нөхөр таваргаж явав.

Тийм ч учраас тэр хүний хаягийг сурагласаар байж III хороолол дахь гэрийг нь олж очсон билээ. Бие нь хүнд өвчний улмаас их доройтож, хэвтэрт орсон байв. Эхнэр нь эхлээд дургүйцсэн боловч би арга эвийг нь олж ярьсаар нэг цагийн хугацааг зөвшөөрүүлэв.

Н.Лхамсүрэн гуайн ярианы ихэнх нь Ю.Цэдэнбал даргын тухай л байсан. Улаан-Үд, Эрхүүд яаж суралцаж байсан, нэг зун удаан хугацаагаар алга болсон, тэгснээ нэг өдөр гэнэт шал өөр Цэдэнбал болчихсон гараад ирсэн, Зөвлөлтийн тусгай албаныхан яагаад түүнийг сонгож авсан, 1940 онд маршал Х.Чойбалсан түүнийг Зөвлөлтийн удирдлагуудын даалгавараар Намын ерөнхий нарийн бичгийн даргаар тавьсан гэх мэт үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан юмдаг.

 

Ю.Цэдэнбал даргад их гомдсон хүн байна гэсэн сэтгэгдэл надад шууд төрсөн. Би сэдвийг өөр тийш нь хандуулж миний анхаарлыг илүү их татаж байсан асуултууддаа хариулт авахыг оролдсон боловч олигтой амжилт олоогүй. 

 

“Цэдэнбалын бас нэг том алдаа бол...” гээд л өнөөх сэдэв рүүгээ буцаад орчихно. Ингэсээр байтал гэргий нь орж ирээд “Наад хүн чинь бүр ядарчихлаа. Одоо эмчилгээ хийнэ. Болно, өрөө чөлөөлж өг” гэж шаардав. Би тун дуулгавартай босонгоо “маргааш 30-хан минутын цаг өгөөч. Үүнийгээ дуусгамаар байна. Түүхийн үнэнийг тогтооход их хэрэгтэй зүйлүүд ярилаа, тэгэх үү?” хэмээн гуйж чихэр горьдсон хүүхэд шиг өрөвдмөөр царай үзүүлэхэд “За тэгэхээс дээ. Нойтон хамуу шиг нөхөр байна” гэсэн шинжтэй толгой дохив. Гэргий нь ази царайтай хэрнээ оросоор ярьдаг хүн байсан бөгөөд нөхөртөө тун халамжтай хүн бололтой санагдсан. Өвгөн гэргийгээ өрөөнөөс гарах мөчийг ашиглан “Жаахан балгах юм байвал маргааш аваад ирээрэй” гэж шивэгнэж амжив. Маш хүнд өвчтэй байгааг нь мэдсээр байж архи авч очиж болох эсэх талаар би их эргэлзэж тээнэгэлзсэний эцэст “өөрөө зориуд хүссэн юм чинь дүүрсэн хэрэг” гэж шийдээд 200 гр орчмыг жижиг эмийн саванд савлаад автобусанд суув. Хэрэв авгайд нь баригдвал “өвчин намдаадаг эм” гэж нэг эмч надад өгсөн хэмээн аргалахаар төлөвлөв. Намайг очиход авгай нь түр гарсан байв. “Таны захисаныг авчирлаа үүнээс илүү болохгүй байх гэж айж байна” хэмээн өнөөхөө үзүүлтэл “Юун сайн юм бэ” гээд хоёр хуваагаад балгав. “Энэ гайхлыг чинь хүртээгүй их удаж, ямар амттайг нь ч мартах дөхөж” гэж билээ. Удалгүй бага зэрэг халамцав бололтой дуу нь шингэрээд нүд нь сэргээд явчихав. Тэр өдөр миний асуусан зүйлүүдэд хариулахаас илүү хувийн амьдралынхаа талаар голчлон ярив. Өөрийг нь ажилгүй болгож шийтгэсэн, анхны эхнэр Намсрайжавыг нь бас хэлмэгдүүлсэн, Буян-Очир гэдэг хүү нь учир битүүлэг байдлаар нас барсан, найз нөхөд нь зангаа хувиргасан, сүүлд “Лоохуузын хэрэг”-т холбогдуулсан, 30 шахам жил тасралтгүй тагнаж мөрдөж байгаа тухай зэргийг зарим үед хоолой нь зангиран байж ярьсан. Ингэж байтал гэргий нь “Папа, Надо почистить” гэсээр ороод ирсэн. Ашгүй минь, бидний тарьсан хэргийг мэдсэнгүй (зориуд цонх онгойлгож салхи оруулсан юм) бололтой, юм хэлсэнгүй. Би ч баригдаагүйдээ баярлан ерөөлийн үг хэлж нэг үнсүүлээд түргэхэн гарсан.

Энэ ярилцлагаа диктафоноос бага зэрэг хураангуйлан буулгаж Хэлтсийн дарга доктор Л.Бат-Очир гуайдаа үзүүлтэл “сонин материал байна. Архивт шилжүүлэх” гэж цохсон. Надад тэр үед сонинд өгөх ухаан байсангүй, нэг хувийг нь өөртөө авч үлдэх сүйхээ ч байсангүй. 

 

Надаас хойш хэд хоногийн дараа Н.Лхамсүрэн гуай “Үндэсний телевиз”-д товч ярилцлага өгч байсныг харсан. Надтай уулзаж байснаас бүр илүү турсан харагдсан. Октябрын хувьсгалтай чацуу Н.Лхамсүрэн гуай 73 наслаад 1990 оны 1 дүгээр сарын 13-нд тэнгэрт хальсан. Тэр жилдээ түүнийг цагаатгажээ. 

 

 

Үргэлжлэл бий...

 

Ө.Энхтүвшин