Хүний эд, эрхтнийг хууль бусаар авсан гэх хэрэгт шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял сонсоод буй П.Батчулуун эмчтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариулт өглөө.

Тэрбээр “П.Батчулуун эмчийг шинээр халдвар авсан, сүрьеэ туссан гэдэг мэдээллийг би хийсэн. Гэтэл үүний араас ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор “Тийм өвчин тусаагүй” гэдэг хариулт өгсөн. Мөн "Оношилж чадсан юм уу" гэж 100 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Эрүүл мэндийн салбараа дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү.

Би Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв рүү хүсэлт явуулснаар дөрөвдүгээр сарын 7-нд П.Батчулуун эмчийн эмчилгээний тухай албан тоот ирүүлсэн.

Хоёр уушгиндаа сүрьеэгийн халдвартай, тэр халдвар нь цээжний хөндийн дотор хальстай наалдсан задрах хэмжээнд хүрчихсэн ноцтой байдал үүссэн байна. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Сүрьеэгийн эм ууж байна. Зүрхний шигдээс болж байсан. Зүрхний хэм алдагдалтай, зүрхний дутагдлын C түвшинд байна. Дээрээс нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин хүндэрсэн. Судсанд өөрчлөлт орсон. Стент тавиулсан. Албан тушаалтан, авлагчдыг өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хэвтүүлж болдог. Яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм. Өвчтэй, ядарсан эмчийг дээрэлхээд бараг өвчтэй ч юм уу үгүй ч юм уу гэдэг байдлаар ярьж байна.

Цагдан хорих 461 дүгээр ангид очсон хүнээс хамгийн эхэнд сүрьеэгийн шинжилгээ аваад сүрьеэтэй байх юм бол ХӨСҮТ-д бүртгүүлдэг. Б.Нандинболор даргаас П.Батчулуун эмчээс шинжилгээ авсан эсэхийг асуумаар байна. 

Жилийн өмнө 23 настай залуу хорих ангиас III эмнэлэгт очоод нас барсан. Тэр залууг үзсэн эмч “Олгой нь задарчихлаа. Хорих ангиас гаргаж эмнэлэгт аваачъя” гэхэд гаргаагүй. Наадмын үеэр бүтэн таван хоног байлгаж байгаад нас барахаас нь 24 цагийн өмнө эмнэлэгт аваачсан. Олон эрхтний дутагдал болоод олгой нь задарчихсан, хэвлийн гялтан үрэвсчихсэн байсан. Тухайн үед үнэнийг хэлсэн эмчийг нэг сарын өмнө ажлаас нь халсан байна. Эмч нар ажлаа шударга хийж байгаа шүү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх том байгууллага удирдаж байгаа дарга ийм байж болохгүй" гэлээ.