Талийгаач гал сөнөөгчийн эхнэр Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм аа гэхэд ард нь үлдэж байгаа ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна
уржигдар
Одоогоос яг жилийн өмнө Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гал гарсан. Харамсалтай нь гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив амиа алдаж, онцгой байдлын алба болоод гэр бүлийнхэнд нь нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Түүний эхнэр Б.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Таны хань онцгой байдлын албанд хэдэн жил ажилласан бэ. “Миний сүлжээ” дэлгүүрт гал гардаг өдөр таны хань хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан уу?
-Миний хань анх 2002 онд онцгой байдлын албанд орсон. Нийтдээ 25 жил 8 сар ажилласан гэж нийгмийн даатгалын архивын лавлагаагаар гарсан. Хань минь гал унтраах 14 дүгээр ангиас ажлынхаа гарааг эхэлж, дараа нь Гал унтраах, аврах 10 дугаар ангид орж ажилласан.
Одоогоос жилийн өмнө миний хань жирийн л нэг өглөө дуудлагын ажлаараа гараад явсан. Хань бид хоёр гэрийнхээ гадна байдаг хүүхдийн тоглоомын талбайг өдийд, урин дулаан цаг болж байх үед заншил болгоод сайн дураараа угааж өгдөг юм. Ноднин хавар бас хүүхдүүдтэйгээ хамт ус зөөх нь зөөгөөд, тус тусынхаа ажлыг хуваарилж аваад, тоглоомын талбайгаа угаагаад нэлээд оройтож ороод амарцгаасан. Маргааш өглөө нь миний хань энгийн ээлжиндээ гардаг шигээ л гараад явсан. Тэр өдөр миний ханийн ээлжийн амралтаа авах сүүлийн өдөр нь байсан. Өнөөдөр ажиллачихвал амралтаа аваад, эргэж ороод тэтгэврийнхээ материалыг бүрдүүлж өгөх хугацаа нь болсон гэж тооцоолж байсан юм. Дүү нар нь “Та өнөөдөр яасан сайхан ааштай байна” гэтэл “Ахынх нь өнөөдөр сүүлийн гараа” гэж хэлээд хонх нь дуугараад гараад явсан. Тэгээд л тэр гал руу ороод харамсалтайгаар буцаж гарч ирээгүй дээ.
-Таны хувьд олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцгой байдлын алба хаагчдад холбоо станц байдаггүй гэж ярьсан. Энэ харамсалтай үйл явдал гарснаас хойш алба хаагчдын хувцас хэрэглэл, хангамж нь ямар байгаа юм бол?
-Одоо бол төхөөрөмжтэй болсон гэж сонссон. Алба хаагч нар ашиглаад явж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ би Онцгой байдлын алба хаагчдын хувцас хангамжийн стандарт, чанарын асуудлыг нэхэж яримаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний бие эрүүл мэндийн асуудалтай тулгарч явахдаа Япон, Солонгос, Хятад орнуудын онцгой байдлын хувцас хэрэглэлийг өөрийн гараар шалгаж, харж үзлээ. Ард түмнийг аврагч авардаг. Харин аврагч хүнийг хувцас авардаг. Одоо бол сайжирсан гэсэн. Гэхдээ өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ.
Миний хувьд нэг зүйлийг залруулж хэлмээр байна. Би Онцгой байдлын алба хаагч нарын эсрэг, тэднийг үгүйсгэх зорилгоор мэдээлэл хийгээгүй гэдгийг тодруулж, чин сэтгэлээсээ хэлмээр байна. Би ханийнхаа амь насыг ч нэхэх гэсэнгүй. Яагаад гэвэл Онцгой байдлын алба хаагч нарыг манай гэр бүлийнхэн, бид маш их хүндэлдэг. Миний гол зорилго бол дээр байгаа дарга нар анхаараач ээ, байгууллага гэдэг нэрийн дор энэ хүмүүс чинь зовоод байна шүү дээ. Би 25 жил ханийнхаа хажууд зовлон, жаргал бүх л цаг үед нь хамт байсан учраас бодит байдлыг бүгдийг нь мэдэж байгаа. Тийм учраас нэг ч худлаа зүйл байхгүй. Буруу гэдэг зүйлийг хүлээж авч чаддаггүй нийгэм бий болчихсон юм уу бүү мэд. Үнэхээр буруутай байвал буруугаа зүгээр хүлээчих л дээ. Хадам аав маань онцгойд ажилладаг байсан, би Онцгой байдлын бэр байж үзсэн, эхнэр байж үзсэн, одоо би Онцгой байдлын алба хаагчийн ээж. Гурван үеийн түүхэн гэрч нь би өөрөө учраас ээж хүний хувьд ч, эхнэр хүний хувьд ч үгээ хэлмээр байна. Төрдөө тангараг өргөж, албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж явсан алба хаагчаа ялгаварлаж болдог юм уу.
-Шийдвэр гартал гэр бүлээрээ суулт зарлана гэж мэдэгдсэн. Суулт зарлаад ямар үр дүн гараасай гэж бодож байна?
-Хүн болгон өөрийн гэсэн харах өнцөгтэй. Хүн бүр намайг өөрийнхөөрөө дүгнэх байх. Зарим нь намайг барьцаж байна гэж бодно, шуналтай юм бэ гэж харах байх, харин зарим нь арай өөр нүдээр харж байгаа байх. Ер нь аль ч талаасаа бодсон надад ганц л зорилго бий. Яг л бусдад олгосон шигээ миний ханийн ажилласан жилийг нь үнэлээд, Ерөнхийлөгчийн амласан гурван өрөө байрыг өгөөсэй л гэж бодож байна. Улсаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид ажилласан арван жилтэй нь тэнцэх хэмжээний мөнгийг бодож олгодог. Тэрийгээ бид авсан. Амь насны даатгал ч гэж авсан. Энэ хоёр тусламжийг л авсан. Мэдээж тэжээгчээ алдсаны тэтгэмжээ миний хүүхдүүд хууль ёсны дагуу аваад явж байгаа. Ноднин жил Дүнжингаравын уулзвар дээр Онцгой байдлын гурван алба хаагч, хайран сайхан залуус амь насаа алдсан. Тэрэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө “Ажил үүргээ гүйцэтгэж байгаад Онцгой байдлын албанаас амь насаа алдвал гурван өрөө байр буюу 80 м.кв-аас доошгүй, зах зээлийн үнэлгээ нь 350 сая бүхий үнэд дүйцүүлэхээр байртай болгоод, хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл нь аавынх нь цалинг олгоно” гэсэн хууль санаачилсан шүү дээ. Тэдгээр алба хаагчдад ар гэрт нь нэг удаадаа буцалтгүй тусламж олгосон. Тэрний дараахан миний ханьд ийм зүйл тохиолдоход ийм хууль байхгүй гэдэг бол шударга бус биз дээ. Төр засаг, удирдах албан тушаалтнууд маань хүн чанар гаргаад харж үзэж болоогүй юм уу. Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм аа гэхэд ард нь үлдэж байгаа ар гэр нь юу билээ гээд өнгийж хараагүйд гомдолтой байна.
-Хууль зүйн туслалцаа авч байгаа юу?
-Өмгөөлөгч бий. Хууль зүйн туслалцаа авч байгаа. Адилхан хүний амь нас байхад ялгаад байна шүү дээ. Дүнжингаравын дэлбэрэлт шиг том дэлбэрэлт биш болохоор, миний хань олны анхааралд өртөж чадаагүй болохоор ингэж ялгаад байгаа хэрэг үү. Би шударга л баймаар байна. Хэчнээн тангараг өргөсөн ч үр хүүхдийнхээ төлөө л бүгд ажиллаж, амьдардаг. Хамгийн бага охин маань дөнгөж гурван настай. Насан туршдаа аав гэдэг хүнийг дахиж дуудахгүй. Төр төмөр нүүртэй байдаг юм уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхдүүдээ дагуулаад суулт зарлаж байна. Тэд ичихгүй байгаа учраас би суулт зарлахаасаа ичихгүй.
Зочин · өчигдѳр
ОБЕГ дарга Ариунбуян гэж хөлдүү нөхөр болохоор ингэхээс яахав. Тэр байр сууцыг нь өгөх хэрэгтэй. 25 жил ажиллахдаа 7000 хүний амь аварсан хүнд өгч болох юм байдаг бол бүгдийг л өг л дөө.
Зочин · уржигдар
DYRN ODOON80955877
Зочин · уржигдар
3 өрөө байр өгөөд хамгийн бага хүүхдийг нь насанд хүртэл цалинг нь олгоно гэж ойлгож байгаа шүү дээ.
Зочин · уржигдар
SHAAX ERD80955877
Зочин · уржигдар
нөхөн олговор овоо юм авсан юм биш үү жирийн албан газарт ийм юм байдаггүй штээ харин ч хангамж нь сайжирсан юм байна
Зочин · уржигдар
SEXSDI80955877