Намын дээд сургуулийн орлогч захирал, Улсын прокурор (ерөнхий), Монголын Радио, Телевизийн Улсын хорооны дарга зэрэг ажил хийж байгаад 1971 онд суга дэвшиж Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан.

Тэр бүү хэл 1973 онд Ж.Самбуу гуайг нас барахад Ю.Цэдэнбал дарга түүнийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргад зүтгүүлсэн боловч өөрөө эрс татгалзсан гэдэг юм. 

Ийм их нэр хүндтэй, асар нөлөөтэй хүнийг гэнэт 1983 оны өвөл “Намын эсрэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг байсан аюулт этгээд” хэмээн буруутгаж цаазлахаас наагуур шийтгэл оногдуулсан юм. Цагдаагийн хяналтын дор нутаг заан суулгах, орон сууцыг нь хураан авах, зохиол бүтээлүүдийг устгах, үр хүүхдийг нь шоронд хийх, бүх шагналыг нь хүчингүй болгох, ажил төрлөөс нь халах зэргээр хамгийн хатуугаар шийтгэсэн  байдаг.

 

Намайг МАН-ын нарийн бичгийн дарга байх үед “Жа” дарга хэд хэдэн удаа уулзсан. Намаас зохион байгуулсан уулзалт, арга хэмжээнүүд дээр ч ирж оролцдог байсан. Барагтай бол дуугарахгүй, хүмүүсийг анхааралтай сонсч сууна. Их хашир, олон таван үггүй, хааяа нэг ам нээвэл шинжлэх ухааны үндэстэй ярихыг хичээдэг, алиа марзан зангүй, асуудалд их голч байр сууринаас хандахыг чармайдаг хүн юм байна гэсэн сэтгэгдэл надад үлдсэн. Хамгийн сонирхолтой нь, өөрийг нь золигт гаргасан (би тэгж ойлгодог байсан) Ю.Цэдэнбал даргын талаар муу үг огт унагахгүй байсан. Харин бүр Ю.Цэдэнбал бол мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг, туйлын ажилсаг, нам, төрийн ажлын баялаг туршлагатай, өндөр шаардлагатай удирдагч байсан. Хоцрогдсон Монголыг өнөөдрийн түвшинд хүргэхэд Ю.Цэдэнбалын гавьяа асар их. Тэр илтгэл, цаасан дээрээ өөрөө өдөр, шөнөгүй суудаг, дэндүү бүтээлч хүн байв гэхчлэн магтаж байсан. Би гайхаад: Таныг 1983 онд хэлмэгдүүлэхэд Ю.Цэдэнбал дарга гол үүрэг гүйцэтгэсэн биз дээ? гэхэд “Мэдээж, Түүнгүйгээр нам, төрийн аль ч дээд байгууллага ямар ч шийдвэр гаргадаггүй байсан нь үнэн л дээ. Гэхдээ манай дарга чинь 70-аад оноос айхавтар мартдаг өвчтэй болж тэр нь 80-аад оны эхээр бүр хүндэрсэн юм шүү дээ. Өчигдөр, уржигдарынхаа юмыг ч мартана. Түүнийг нь Б.Дэжид мэтийн хүмүүс ашиглаж их аюултай шийдвэрүүд гаргуулдаг байсан. 1964 оны “намын эсрэг бүлгийн хэрэг” гэдэг зохиомол юм даргын тархи, толгой, зүрх сэтгэлд гүн бат суусан нь мэдэгддэг байсан.

 

Түүн дээр нь Б.Дэжид мэт нөхөд тоглоод “Даргаа, нөгөө С.Жалан-Аажав чинь Лоохууз, Нямбуугийн эсэргүү бүлгийн гол хүн байсан юм байна ш дээ. Үүнийг нь бүх талын баримт, нотолгоогоор хөдөлгөөнгүй тогтоолоо. 20 жил нууж явсан тун аюултай этгээд байж” гэж хэлсэн бололтой юм билээ.

 

Тэгэхлээр хэн ч гэсэн цочирдолгүй яахав. Эхлээд Намын хянан шалгах хороо хуралдаж шийдвэр гаргаад дараа нь Улс Төрийн Товчоо 80 дугаар тогтоолоо гаргасан түүхтэй юм. Ер нь нам маань намайг хэлмэгдүүлсэн гэж би үздэггүй. Овилгогүй хоёр, гурван хүний хийсэн ажил л байдаг юм. Харамсалтай нь, намын шийтгэлээ эдэлж ажил алба ч үгүй зовж явсан намайг 1990 онд намынхан маань хоёр дахь удаагаа шийтгэсэн. Инээдтэй нь, Ц.Лоохууз нарын хамсаатан байсан гэдгийг худлаа байж гэж хүчингүй болгоод харин Ю.Цэдэнбалын итгэлийг олсон хамсаатан байж, тийм учраас Ю.Цэдэнбалын ноцтой алдаа, дутагдлуудыг хуваалцах ёстой этгээд мөнөөс мөн гээд буруутгасан. Энэ дүгнэлт Онц Их Хурлаас байгуулагдсан Комиссын илтгэлд бий. Үзээрэй. Тэр үед комиссынхонд “би үнэхээр Цэдэнбалын хамсаатан мөн юм бол тэр намайг яалаа гэж онц хатуугаар шийтгэх билээ дээ” гэж тайлбарласан. Анхаарч үзээгүй. Бас л энэ бол хэд гурван хүний хийсэн ажил л даа. Ер нь тэгээд манай нам нэг дутагдлаас ангижирч ер чадахгүй байна. Тэр нь бүхэл бүтэн системийн буюу тогтолцооны гажиг, согогийг ганц нэг хүнд тохох гэж оролддог буруу хандлага. Үүнийг ойлгоогүй цагт хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байх болно. Бас ямар ч шинэчлэлийн тухай яриад хэрэггүй” гэсэн билээ. С.Жалан-Аажав дарга 2010 онд 88 настайдаа тэнгэрт хальсан билээ.

 

 

Үргэлжлэл бий...

 

Ө.Энхтүвшин