Г.ЭНХГЭРЭЛ

Дэлхийн ихэнх улсын иргэн бүр амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалахын тулд учирч болох эрсдлээс сэргийлж даатгалд хамрагддаг. Бид сар бүрийн хөдөлмөрийн хөлс буюу цалингаасаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгуулдаг.

Харин бид Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж байгаа бол төлөх ёстой эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчин болон амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа. Даатгал эрсдэлээс сэргийлдэг тухай дээр өгүүлсэн. Бидний эрүүл мэндэд ч тодорхой хэмжээгээр эрсдэл учирдаг. Шүдний өвчлөл, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ өгөх, жирэмсний хяналтад орох гэх мэтчилэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгцээ байнга үүсдэг. Үүнтэй зэрэгцэн сар бүр цалингаасаа суутгуулдаг эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх эмнэлэгт хандах уу эсвэл мөнгөө төлөөд хувийн эмнэлгээр үйлчлүүлэх үү гэсэн хоёр сонголттой нүүр тулна. Мэдээж, эхний сонголт нь зөв болоод эдийн засагт хэмнэлттэй.

Гэвч бодит байдал огт өөр. Өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл эхлээд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, дараа нь дүүргийн амбулатори, нэгдсэн эмнэлэг цаашлаад улсын төв эмнэлгүүдэд хандах шаардлагатай. Гэхдээ улсын эмнэлгийн ачаалал, дугаараас болоод хувийн хэвшлийн эмнэлэг барааддаг хүн олон болохыг сурвалжилгынхаа явцад анзаарсан юм. Үүнтэй зэрэгцэн сар бүр цалингаасаа суутгуулдаг эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх эмнэлэгт хандах уу эсвэл мөнгөө төлөөд хувийн эмнэлгээр үйлчлүүлэх үү гэсэн хоёр сонголттой нүүр тулна. Мэдээж, эхний сонголт нь зөв болоод эдийн засагт хэмнэлттэй. Гэвч бодит байдал огт өөр. Өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл эхлээд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, дараа нь дүүргийн амбулатори, нэгдсэн эмнэлэг цаашлаад улсын төв эмнэлгүүдэд хандах шаардлагатай.

Гэхдээ улсын эмнэлгийн ачаалал, дугаараас болоод хувийн хэвшлийн эмнэлэг барааддаг хүн олон болохыг сурвалжилгынхаа явцад анзаарсан юм. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хорт хавдрыг эрт илрүүлэх, санхүүгийн дарамтаас ангижруулах зорилгоор баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Үндэсний зөвлөлийн III тогтоол 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд авууштай зүйл олон. Жишээ нь, иргэдийн дунд танигдсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хийгдэж байсан зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд эрүүл мэндийн даатгалын сангаас ердөө гурван сая төгрөг олгодог байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрд дунджаар найман сая төгрөгийн санхүүжилт гаргахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал буюу эмчилгээний өртгийг 100 хувь ЭМД-ын сан гаргадаг болов. Мөн хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг ч 100 хувь санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Манай улсад хүүхэд төдийгүй насанд хүрсэн иргэдийн дунд шүдний өвчлөл түгээмэл. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018 онд баталж 2019- 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч 2021 оны хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрт төсвөөс тодотгол хийгээгүй учир тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм. Тус хөтөлбөрт энэ оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд 154 мянга гаруй хүүхэд хамрагджээ. Түүнчлэн хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, В, С вирус тоолох, илрүүлэх, сувилалд амрах гээд олон төрлийн үйлчилгээнд ЭМДаараа хамрагдаж болно. 100 хувь хэрэгждэг бол 100 хувь дэмжиж, талархахаар эрх зүйн орчин. Ерөөс ЭМД-ын тухай хууль цаасан дээр бичигдсэн дүрэм, журам шигээ хэрэгждэгсэн бол өвчтний эрүүл мэнд, санхүү, ар гэрт томоохон дэмжлэг болох шийдэл байлаа.

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙН ТУЛД 14 ХОНОГ ХҮЛЭЭНЭ

Улсын I төв эмнэлэгт ирэхэд үүдэнд нь коронавирусийн халдвараас сэргийлэх тандалт, судалгаа авч байна. Тус эмнэлэг 2020, 2021 оны Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан 31 эмнэлгийн нэг. Энд хэвтэн эмчлүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх багц үзлэг, мөн бүхий л төрлийн шинжилгээг хийдэг. Эрүүл мэндийн даатгалын сан жил бүр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй ийнхүү гэрээ байгуулдаг юм. Цааш явсаар цахим бүртгэлийн хэсгээс цаг авахаар зогсох 50 орчим насны эмэгтэйтэй таарав. Халдвараас сэргийлж цахим бүртгэлийн ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дунд хаалт хийсэн тул ойлголцоход төвөгтэй аж. Тус эмэгтэйн хувьд нийслэлийн Сүхбаатар дүүргийн оршин суугч бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх багц үзлэгт орох хүсэлтэй иржээ. Гэтэл цахим бүртгэл дээр цаг олгосонгүй. Тэрбээр “Сүүлийн үед дотор эрхтний аль нэг нь шөнийн цагаар их зовуурьтай өвдөх болсон. 

Эрүүл мэндийн даатгалаар ЭХО оношилгоо, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг зэрэг багц шинжилгээнд хамрагдах боломжтой гэсэн мэдээлэл байсан. Хоёр сарын өмнө өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгсөн ч тодорхой онош гараагүй.Ганц шинжилгээнд хамрагдах гэж ажлын 1-2 өдөр зарцуулдаг. Өнөөдөр гэхэд цаг авч чадсангүй, дэмий өнгөрчихлөө. Харин шинжилгээний цаг хоёр долоо хоногийн дараа олдох юм билээ. Зохих журмын дагуу үйлчлүүлж болох ч хүнд суртал, дараалал, хүлээгдэл угтдаг. Дээр нь цаг хугацаа алддаг учраас ах дүү, хамаатан садан, танил тал эрж хайгаад үзүүлсэн нь амар байдаг юм” гэв. Энэ тухай тус эмнэлгийн резидент эмч Н.Бямбадоржоос лавлахад “Урьдчилан сэргийлэх үзлэгийн тухайд, иргэд нас насныхаа онцлогт тохирсон шинжилгээнд хамрагдах боломжтой.

18-34 насанд биеийн ерөнхий үзлэг, БЗХӨ-ий илрүүлэг, рентген, хэвлийн ЭХО, 35-45 насанд зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцоо, цусан дахь сахарын хэмжээ үзэх, умайн хүзүү эсвэл түрүү булчирхайн хорт хавдрын эрт илрүүлэг гэх мэт нас насны онцлогт тохирсон багц шинжилгээнд хөнгөлөлттэй хамрагдах боломжтой. Гуравдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдсэнээр багц шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо эрс өссөн учраас дараалал их байгаа” гэж тайлбарлав.

 

MRI АППАРАТААР ӨВЧНИЙ ОНОШ БҮРЭН ТОГТООГДДОГ Ч ЭМД ҮЙЛЧЛЭХГҮЙ

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчин, зовлон хэцүү. Нөгөөтэйгүүр, хэнэггүй, хайнга зангаасаа болж өвчнөө хүндэрсэн архагшсан хойно нь эмнэлэгт ханддаг хүн олон. Эмнэлгээр үйлчлүүлж үзсэн ихэнх хүн “Энэ шинжилгээг манайд хийхгүй. Өөр лаборатори, эмнэлэгт очиж өгөөд, эргээд ирээрэй” гэх үгийг сонссон. Үнэхээр тоног төхөөрөмж, шинжилгээний аппарат, хэрэгсэл дутагдалтай байдаг уу эсвэл бизнесийн ашиг сонирхлын үүднээс ийш тийш нь гүйлгээд байна уу гэдэг нь тодорхой бус. 

УНТЭ-ийн хүлээлгийн сандалд гутрангуй харцтай суух 65 орчим насны өвөө, эмээ хоёр дээрх асуудалтай тулгарчээ. Эрэгтэйн нуруу нь үеэ даган янгинаж, явахад ч хүндрэлтэй болсон аж. Тэрбээр “Улсын төв эмнэлэг хэмээн итгэл тээж ирж, эмчийн зөвлөснөөр рентген зураг авахуулсан юм байна. Харамсалтай нь, рентген зураг авахуулсан ч онош нь бүрэн тодорсонгүй” гэв. MRI аппаратаар онош нь бүрэн тогтоогдох бөгөөд тус эмнэлэгт энэ шинжилгээг хийх боломжгүй. MRI оношилгооны аппарат нийслэлд цөөн тоогоор байдаг бөгөөд үйлчилгээний хөлс нь даатгалаар хөнгөлөгддөггүй. Дунджаар 300 мянгаас дээш төгрөгийн өртөгтэй үйлчилгээ юм байна. Тэдний хувьд АШУҮИС-ийн харьяа МонголЯпоны сургалтын эмнэлэгт MRI-д харуулахаар цаг авчээ.

Гэхдээ үзүүлэх цаг нь зургадугаар сарын 25 буюу бараг нэг сарын дараа юм байна. Дарааллаа хүлээх хугацаанд тэдний урд нь цаг авсан аль нэг үйлчлүүлэг цагаа цуцалбал эрт шинжилгээнд хамрагдах магадлалтай. Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Өмнө нь өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан. 

Харин шинэчилсэн найруулгаар төр, хувийн хэвшлийн аль ч эмнэлэг даатгалтай гэрээтэй л бол өндөр өртөгтэй шинжилгээний 70 хувийг даатгалын сангаас, 30 хувийг иргэнээс авах заалттай” гэв. Иргэд мэддэггүй, эсвэл ихэнх эмнэлэг ЭМДС-тай гэрээ байгуулаагүй байх аж.

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ МӨНГӨ БАЙХГҮЙ

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал зуршил төлөвшөөгүйн улмаас шүд цоорох, буйл үрэвсэх тохиолдол ихэсжээ. Ээж, аав, асран хамгаалагч нь энэ талаар мэдлэггүйн улмаас хүүхдүүд багаасаа шүд өвчинтэй болох нь элбэг гэсэн судалгааны дүн ч байдаг. Тодруулбал, нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуульд хийсэн судалгаагаар 1408 сурагчийн 66.0 хувь нь чихэрлэг ундаа, 39.1 хувь нь хямд үнэтэй сахарын агууламж өндөр бүтээгдэхүүн хэрэглэдэг нь нотлогджээ. Гэтэл шүд цоорол нь чих, хамар, хоолой цаашлаад амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болдог.

 Түүнчлэн хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан юм. Тэр утгаараа эрүүл мэндийн даатгалын зайлшгүй анхаарах, үйлчлэх ёстой чиглэл нь амны хөндийн эрүүл мэндийн тусламж юм. Энэ оны байдлаар Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулж, иргэдэд үйлчлэх хувийн хэвшлийн шүдний эмнэлэг нийслэлд 23, орон нутагт 65 байна. Насанд хүрсэн хүн даатгалаар жилд гурван шүд эмчлүүлэх эрхтэй. Харин хүүхдүүдийн хувьд 2018 оноос хойш хэрэгжиж байгаа ”Эрүүл шүдЭрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан ч санхүүжилт нь зогссон. Бид эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх жагсаалтад багтсан 23 шүдний эмнэлгийн нэг болох “Болор Дент”-ээр орлоо. Хүлээлгийн сандалд суух 35 орчим насны эмэгтэйгээс лавлахад “Хүүхдийнхээ шүдийг ломбодуулахаар ирсэн. Уг нь “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байсан ч зогсчихсон юм билээ. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хаягт даатгалаар үйлчлэх ёстой олон эмнэлэг байгаа ч ихэнх нь санхүүжилт ороогүй учраас та мөнгөө төлөх ёстой гэдэг” хэмээн өгүүлэв. Даатгалаар үйлчлэх гэрээтэй “Энх инээмсэглэл”, “Тэргүүн Дент” зэрэг хэд хэдэн эмнэлгээс лавлахад мөн л “Даатгалын сангаас санхүүжилт ороогүй тул иргэдэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Эрүүл мэндээ хамгаалах нь иргэний үүрэг. Гэвч эрсдэл үүссэн үед оношлуулж, эмчлүүлэх гэж сар бүр төлдөг шимтгэлийн үр дүн таарууг, тааралдсан хүн бүр хэлж байна. Шуудхан хэлэхэдцаасан дээр олзуурхууштай зүйл олныг буулгасан ч амьдрал дээр төдийлөн сайн хэрэгжихгүй буйг холбогдох мэргэжилтэн, салбарын яаманд дуулгая.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН