Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гавж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Чойжамц ламтанд Монголын Бурхны шашны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн 2018 оны есдүгээр сарын 29-ний тогтоолоор “Хамба Номун Хан” цол өргөсөн билээ.

Уг тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 14-ний зарлигаар батламжилсан юм. Өчигдөр Гандантэгчэнлин хийдээс Батцагаан цогчэн дуганд Хамба Номун Хан, гавж Д.Чойжамц ламтанд намрын эхэн сарын шинийн 4-ний бэлгэ дэмбэрэлтэй өдөр “Бат оршил өргөх” ёслол зохион байгуулсан юм. Уг ёслолын МҮОНТВ орон даяар шууд дамжуулав.

Аврал итгэлт шашныг мандуулагч Богд Жэвзүндамба хутагтын 1654 онд байгуулсан Ривугэжэй Ганданшаддүвлин буюу Номын Их хүрээний шашин номын үйл хэргийг тэргүүлэгч 28 Хамба номун хан заларсан бөгөөд 29 дэх нь Д.Чойжамц хамба болж байна.

No description available.

IХамба Номунхан Агваанлувсанжамбал данзан, II Хамба Номун хан Балжорравдан нар: Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш нар байжээ.

III Хамба Номунхан Лувсанданзанжанцан: Эрдэнэ мэргэн бандида хутагтын (Ламын гэгээн) анх дугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуварга болж, Өндөр гэгээн Зана базар хутагтын шавь болж , багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна.

IV Хамба Номунхан Лувсангэлэгравдандорж: Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.

V Хамба Номун хан Содномринчин: Дүлба лам хэмээн алдаршсан. Төвөд лам

VI Номун хан Лувсандаржаа. Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш

VII Хамба Номун хан Жамбалдорж: 1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун хан хэмээн алдаршсан.

No description available.

VIII Хамба Номун хан Лувсанжамбал: III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.

IX Хамба Номун хан Цэвээндорж: 1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан.

Х Хамба Номун хан Лувсантүвдэнванчүг: Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.

XI Хамба Номун хан Жанчивдорж: 1806-1820 он хүртэл хашсан.

XII Хамба Номун хан Лувсанпринлайдандар: 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ.

XIII Хамба Номун хан Рэнчинжав: 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан болой.

XIV Хамба Номун хан Лувсаншарав: Төвд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)

XV Хамба Номун хан Агваанхайдүв: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэд мэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан.

XVI Хамба Номун хан Лувсанжамъян: Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.

XVII Хамба Номун хан Дорж: Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.

XVIII Хамба Номун хан Лувсаннамжил: Төвөд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.

XIX Хамба Номун хан Лувсанчүлтэмжигмэд: 1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.

ХХ Хамба Номун хан Дорж: 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.

ХXI Хамба Номун хан Балданчойнпэл: Төвөд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон.

ХXII Хамба Номун хан Пунцаг-Осор: Их шавийн Цуян отгийн харьяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан.

ХXIII Хамба Номун хан Лувсанхаймчиг: 1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан.

ХXIV Хамба Номун хан Найдангийн Эрдэнэпэл: Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавилан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон

ХXV Хамба Номун хан Самаагийн Гомбожав: Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан.

ХXVI Хамба Номун хан Хархүүгийн Гаадан: Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан.

ХXVII Хамба Номун хан Сугарын Дагвадорж: Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгийнхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.

ХXVIII Хамба Номун хан Төмөрийн Дамдинсүрэн: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 1990 онд гавжийн дамжаа барьсан. 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашсан.

No description available.ХXIX Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц: Хамба номун хан Д.Чойжамц нь билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Монгол улсын Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар мэндэлсэн. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ. Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн хамба" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм. Тэрбээр Монгол Улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, үндсэн хуульд "Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн Бурхны шашны байр суурь бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачилгыг гарган ажиллаж байсан. Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамцыг Монголын ард түмэн, сүсэгтэн олон Чой хамба хэмээн авгайлдаг. Энэ хүн Монголд Ардчиллын салхи сэвэлзсэн үеэс Бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж, залуу халуун насаа зориулсаар өнөөдрийг хүргэсэн билээ. Социализмын их яргалалд сүйдэж хоцорсон Бурхны шашныг дахин дэлгэрүүлэх үйлсэд энэ хүн оройлон зүтгэснийг бүгд мэддэг.

No description available.Д.Чойжамц хамба 2020 оны зургадугаар сард Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан “Өдрийн сонин”-д ярилцлага өгөх үеэрээ “Юм боддог хүн “1990 онд Ганданд хэн хэн байсан юм бэ” гэж бодох байх. Ганданд 30, 40-хөн л лам байсан. Гандангаас өөр сүм хийд байгаагүй. Ганцхан хийд ажиллаж байсан нь Гандан. Уламжлалт өвгөчүүд нь 80, 90 хүрчихсэн, ямар ч ажил хийх бололцоогүй. Шинээр ирсэн лам нар нь 13, 14 наснаас дооших хүүхдүүд. Эднүүдээс мянга юм шаардаад юу бүтээлгэх юм бэ. Үнэхээрийн боловсон хүчний гачаалд орчихсон байсан юм шүү дээ. Тэр үеэс л “Өнөө гийгүүлнэ гээд байсан шашин чинь хаачив” гээд л эхэлсэн. Одоо үеийн хүн бол боддоггүй, шаарддаг. Ийм нэг үе эхэлчихээд байна. Цаад талд нь ямар гачаал зовлон байгаа билээ гэдгийг мэддэггүй. Эдийн засаг, боловсон хүчингүй 30, 40-хөн хүн Монгол орон даяар явж ажил хийж чадах уу, үгүй юү гэдгийг бодож үзэлгүй шүүмжилдэг байсан даа. Одоо бол огт өөр боллоо. Тэр үеийн хүүхдүүд лам өвөөгөөсөө уншлага цээжлээд л дууссан. Яагаад вэ гэвэл 1937 онд ном үзэж байсан хүмүүс 1990 онд 100 шахам настай байсан. Тэгээд тэд бурхан болсон. Уншлага л цээжилснээс биш шашны гүн ухаан, сургаалыг огт үзэж чадаагүй хүүхдүүд орон нутаг, хөдөөд үлдсэн. Үүнийг харин Монголын Бурхан шашины төв маш яаралтай олж харж, сургалт явуулж, цогчин курс нээж, тэрэнд нь уншлага, урилга, ламрим тэргүүтэй номнуудыг маш хурдацтай заасан. Шашны их сургуульдаа удирдах ажил хийдэг хамба, ловон хийж байгаа хүмүүсийг төгсгөж гаргасан. Үүний үндсэн дээр богинохон хугацаанд удирдлага нь жигдрээд мэдлэгтэй улсууд очиж ажиллах нөхцөл шалтгаан болсон.

No description available.Буддын философи үздэг 17 жилийн сургалт аль хэдийнэ тасраад алга болчихоод байсан. Тэр сургалтаар сургахын тулд, том эрдэмтдээ бэлтгэхийн тулд Энэтхэг рүү явуулж эхэлсэн. Тэгээд Энэтхэгт очоод 17, 18 жил болоод одоо л түрүүч нь ирж байна. Тэгтэл одоо ирчихсэн байгаа арваадхан хүн гэдэг бол үнэхээрийн сайхан соён гэгээрүүлж явна. Энэ дотроос түрүүчийн эрдэмтэн мэргэд, гавж, гэвш нь гарчихсан, овоо болоод байна. Өнөөдөр бол ард түмэндээ Бурхны шашныг тайлбарлан таниулах үйл ажиллагааг явуулахад гарын ая даах тийшээ хандаж явна. Үүнээс хойш улам чангарна. Улам их эрдэм мэдлэгтэй улсууд ирнэ. Эндээсээ ч бид зохих хэмжээний эрдэм мэдлэгтнүүд төрүүлнэ. Ингэсний эцэст Бурхны шашин жигдрээд ирэхийн алдад гадуур яригдаад байгаа бусармаг явдал, элдэв өнгийн дөвчигнөл алга болж шашин ёстой өөрийнхөөрөө ажиллах өдөр ирнэ ээ гэж боддог. Энэ сайхан цаг удахгүй ирнэ гэж би сэтгэл хангалуун байгаа” хэмээсэн юм. Үүнээс үзэхэд үнэхээрийн хүнд байсан салбарыг өдий зэрэгтэй хүргэж, Монголын ард түмнийг соён гэгээрүүлж яваа Хамба номун хан, шашин болон нийгмийн түүхэн зүтгэлтэн юм.

No description available.

No description available.

No description available.