Б.Өнөржаргал: Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон
2021/10/12
Гуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан бяцхан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз.
2006 онд анхныхаа “Найзаа намайг хараарай” цомог, 2009 онд “Дуугаар мэндчилье” хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө зохиосон дуунуудаас бүрдсэн “Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд”, 2013 онд 20 гаруй дуугаа клипжүүлэн “Уртын дуундаа би хайртай” цомгоо гаргасан, урын сандаа 100 гаруй дуутай ийм л авьяаслаг охин эдүгээ бидний дунд чимээгүйхэн амьдарч байна. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг “Найзаа намайг хараарай” дуу бол цэцэрлэгийн хүүхдүүдийн сүлд дуу гэж хэлж болохоор. Балчир үрсээ өглөө цэцэрлэгт нь өгөхөд, орой тарахад нь авахад ч энэ дуу эгшиглэж, сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн “Энэ дууг дуулсан бяцхан Өнөрөө одоо их том болсон байх даа, Монголд байдаг юм болов уу, авьяастай охин гадагшаа уран бүтээл хийх гээд явчих вуу, нэг уулзахсан” гэж бодож явсаар саяхны нэг өдөр утасны дугаарыг нь олж, ярилцах завшаан олдсоноо уншигчидтайгаа хуваалцья.
Хоёр жил дамнасан цар тахал, хөл хорио, өвчин эмгэг, улс төр, сонгуулийн солиорлын хажууд нэгэн үе олны хайрыг татаж, өхөөрдөл бахдалыг төрүүлж явсан Б.Өнөржаргалтай ярилцсан богинохон ярилцлага сонирхол татах нь дамжиггүй.
-Сайн байна уу, миний дүү. Долоохон настайгаасаа ая зохиож уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан Б.Өнөржаргал охин их том болжээ. Их сургуулиа төгссөн гэж сонслоо?
-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ сая энэ хавар СУИС-ийг Хөгжмийн зохиолч мэргэжлээр амжилттай суралцаж төгслөө. Одоо үргэлжлүүлээд магистраар сурч байгаа.
-Хөгжмийн зохиолчид өөрийг тань их өндрөөр үнэлдэг байсан. Дуулахаасаа илүү хөгжим зохиох гоц авьяастай гэж. Сүүлийн жилүүдэд их нам гүм байлаа. Хөгжим бүжгийн коллежид морин хуурын ангид сурч байсныг чинь л мэдэх юм байна?
-Хамгийн сүүлд 2013 онд “Уртын дуундаа бид хайртай” дуугаа хийснээс хойш дууны уран бүтээл хийгээгүй их удсан шүү. “Уртын дуундаа бид хайртай” дуугаараа “Морин хуур” Их наадамд шилдэг 25-т шалгарч мэргэжлийн хүмүүсээс их өндөр үнэлгээ авч байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн тэмцээн уралдаанд ахлах сургуулиа төгстөл нээх оролцоогүй ээ. Зөвхөн хичээлдээ анхаарч сургуулиа амжилттай төгсөх л зорилготой байсан. СУИС-д Хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байхдаа Хөгжмийн онолын тэнхим болон Орчин Үеийн Хөгжмийн Онолын Тэнхимээс хамтран зохион байгуулсан “Бид бүтээнэ” анхдугаар уралдаанд “Хайраа асууя” дуугаараа “Шилдэг ая зохиогч”-оор тэргүүн байр, “Шилдэг дуучин”-аар дэд байр, “Шилдэг найруулагч”-аар дэд байранд орсон. Дууны уран бүтээл гаргаагүй их удсан байсныг ч хэлэх үү энэ уралдаанд ялахдаа үнэхээр их баярлаж байсан шүү. Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон. Морин хуурч мэргэжлээр суралцаж төгссөн болохоор ч тэрүү морин хуур хөгжмөөр бүтээл хийхэд арай ойр юм шиг санагддаг.
2020 оны “Алтан намар” хөгжмийн их наадмын “Цөөхүүл бүтээлийн төрөлд” Морин хуурын дөрвөлийн зохиолоороо тэргүүн байранд орсон.
-Мундаг хөгжмийн зохиолч болоод дэлхийд алдартай болохыг хүсдэг гэж хүүхэд байхдаа ярьж байсан. Тэр мөрөөдөл нь хэвээрээ юу. Би чамайг гадагшаа сурах гээд явчих вуу гэж хүртэл бодож байлаа?
-Багадаа мундаг хөгжмийн зохиолч болно гэж хүсдэг байсан мөрөөдөл минь хэвээрээ байгаа. Мөрөөдлөө эхнээс нь бага багаар хэрэгжүүлээд л явж байна даа. Намайг хүсэл мөрөөдөлд минь хөтлөх хэдхэн л зүйл бий.
Түүний минь нэг хэсэг нь миний хайрт мэргэжлийн багш Ш.Өлзийбаяр болон миний хичээл зүтгэл, мөн миний бүх арыг даадаг ГЭР БҮЛ минь юм. Энэ бүхэн миний амжилтанд хүрэх зам гэж бодож явдаг даа.
-Чиний зохиосон болон дуулсан дуунуудыг цэцэрлэгийн жаахан дүү нар нь анддаггүй юм билээ. Тэдний дуулж байгааг харах чамд ямар санагддаг вэ?
–Би оюутан байхдаа цэцэрлэгт дуу хөгжмийн цагийн багшаар ажилладаг байсан. Анги даасан багш нараас нь өмнө нь ямар дуу заасныг нь асуухад миний багадаа дуулж байсан дуунуудыг зааж өгч байсан юм байна лээ. Би гайхсан шүү. “Найзаа намайг хараарай” дууг дуулсанаас хойш 16, 17 жил болж байхад одоог хүртэл цэцэрлэгт заагддаг гэхээр. Миний багадаа дуулж байсан “Цаг”, “Амин хүүдээ би” зэрэг дуунуудыг дуулуулаад бэлдүүлэх надад маш гоё санагддаг байсан. Хэдэн үе дамнаж мартагдахгүйгээр заагдаж байгаа гэхээр үнэхээр баярлууштай, урамтай байдаг. Бас энэ дуугаараа урлагт анх хөл тавьсан болохоор хэзээ ч мартагдашгүй нандин түүх болж үлдэж байна. Хэдхэн жилийн дараа манай охинд бас цэцэрлэгт нь зааж өгвөл “Ээжийнх нь чиний насандаа хамгийн анх дуулж байсан дуу шүү дээ” гэж хэлнэ ээ.
-Өнөрөөгийн маань зохиосон маш олон дуунууд хаа сайгүй эгшиглэдэг. Дуунуудынхаа зохиогчын эрхийг баталгаажуулсан уу, 100 гаруй уран бүтээл туурвисан гэж уншиж байсан?
-“Найзаа намайг хараарай”, “Дуугаар мэндчилье”, “Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд” цомгуудын маань зохиогчийн эрхийн гэрчилгээ бий. Гэхдээ цэцэрлэгт ажилладаг байхдаа хаанаас олж авсан юм бол гэмээр миний дуунуудын фонаграмм байдаг байсан. Энэ бол зохиогчийн эрх зөрчсөн хэрэг л дээ. Үе үеийн дүү нарт маань миний багадаа дуулж байсан дуунууд минь өвлөгдөөд, дуулагдаад явж байвал надад сайхан санагддаг болохоор би мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг дөө. Би Хөгжмийн зохиолч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан болохоор Хөгжмийн зохиолчийнхоо эрхийг хараахан авч амжаагүй л явна.
Ер нь бол урын сандаа 100 гаруй дуутай. Одоогоор бүгдийг нь нэгтгээд яг тоолж чадаагүй л байна. Зарим зохиосон дуунуудын маань нот энд тэнд хаягдаад, алга болсон. 2013 оноос хойш дууны уран бүтээл нэг их гаргаагүй болохоор дууны урын сан маань олигтой нэмэгдээгүй ээ. Хөгжмийн бүтээлийнхээ урын санг чанартай бүтээлүүдээр өргөжүүлэх зорилготой байгаа.
-“Шүдээ угаацгаая”, “Мэлхий” зэрэг дуу нь Ерөнхий боловсролын сургуулийн I, II дугаар ангийн номонд орж, “Оны шилдэг хүүхэд” болж тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шагнал авч байсныг тань тод санаж байна. Өөрөө хүүхэд, тэгээд хүүхдийн сурах бичигт уран бүтээл нь орно гэхээр гоё байсан байх?
-“Мэлхий”, “Шүдээ угаацгаая” дуунууд ЕБС-ийн бага ангийн номонд орно гэхэд тухайн үедээ их л гайхаж байж билээ. Өөрөө сурагч байж зохиосон дуунууд нь сурагчийн сурах бичигт орно гэхээр ямар ч хүнд гоё, бас их үнэ цэнэтэй санагдана шүү дээ. Түүний дараахан “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарсан шүү. Ирж шагналаа аваарай гэхэд бас л гайхах баярлах хоёр зэрэгцэж байсан даа. Яг шинэ жил болохын өмнөхөн болохоор маш тод санаж байна.
-Тэртээ 2014 онд бяцхан охин Б.Өнөржаргал маань ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” тоглолт хүртэл зохион байгуулж байсан. Харамсалтай нь хайртай ээжийгээ хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр алдсан шүү дээ. Дүү нар нь одоо их том болоо доо?
-Тухайн үед би 15 настай, том дүү маань таван настай, бага дүү маань нэгхэн настай хоцорч байсан. Одоо би өөрөө хөөрхөн охины ээж болсон байна. Том дүү маань 12 той, бага дүү маань найман настай болсон.
Ээжийн минь авъяас бидний цусанд байдаг юм шиг. Ээж маань 10 жилдээ бүжиглэдэг, дуулдаг, шүлэг бичдэг, бас сагс сайн тоглодог, хичээлдээ маш сайн охин байсан гэж ярьцгаадаг л даа. Яг л тэрийг нь бид гурав өвлөөд авчихсан юм. Манай том дүү хичээлдээ сайн, бас бүжиглэх, сагс тоглох дуртай. Бага дүү маань ч ялгаагүй хичээлдээ сайн, бас бүжиглэнэ. Өөрийнхөө авъяас билгийг үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээгээд биднийгээ үүрд орхиод явсан ээжийгээ их л санах юм.
Ярилцсанд баярлалаа