Үр хөндүүлэж буй монгол эмэгтэйчүүдийн 50 хувийг насанд хүрээгүй охид эзэлдэг
2014/05/17
Хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлэх нь манай оронд сүүлийн жилүүдэд төрөлтийг хол даваад байна. Үр хөндөлт гэдэг нь эхийн хүсэлтээр жирэмсний 10 дахь долоо хоногийг хүртэлх хугацаанд орчин үеийн вакум буюу соруулах аргаар төгсгөх үйл явцыг хэлдэг. Харин ”Үр хөндөлт нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний аминд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Эхийн хэвлийд бойжиж буй үр хичнээн хөөрхөн хичнээн цагаахан гээч. Хүн төрлийг зүүн дээр будаа асгахад тогтох мэт ховор тохиолоор олон хүний ертөнцөд ирмэгцээ эхийнхээ хэвлийнээс цухуйж ч амжаагүй байхдаа бяцхан үрийг арга алдарсан эх нь үгүй болгон гадагшлуулж хаядаг нь харамсалтай.
Өсвөр үеийнхний сэтгэхүй ямар харгис харанхуй болж буйг сүүлийн үед гарж буй нийгмийн олон үзэгдлээс харж болохоор байна. Өсвөр насны хүүхдүүд элдэв садар самуун, алан хядлага, ямар ч цензургүй мэдээ мэдээллээр дүүрэн цахим ертөнцөд хамаг цагаа өнгөрөөж охид хэрхэн хүүхэн болоход суралцаж, харин залуус ямарч хамаагүй аргаар хэрхэн нэгнээсээ илүү баян харагдах вэ? Хэрхэн шоудаж, хэрхэн охин найрах вэ? гэдэгт суралцах болсон гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ.
Энэ нь нийгэмд гарч буй гэмт хэргүүдийн дийлэнхид өсвөр насныхан буюу насанд хүрээгүй том толгоотой хүүхдүүд хамрагдаж байгаагын том шалтгаан болно. Үүнийгээ дагаад хүсээгүй жирэмслэлтээр үрээ хөндүүлэж байгаагын мөн л дийлэнх хувийг насанд хүрээгүйчүүд эзлэж байна.
Эрүүл мэндийн яам өсвөр насны охидын жирэмслэлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжиж байгаа орнуудад жил бүр 7 саяас дээш тооны охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа талаар дурджээ. Хүүхэд насандаа ээж болж байгаа энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг гэр бүл, хамт олон, төр засгийн үйл ажиллагаатай холбон үзэх цаг болсныг илтгэж байгаа.
Манай орны хувьд 1997 оны байдлаар 1000 амьд төрөлтийн 38 нь өсвөр насны ээж байсан бол 2000 он гэхэд энэ тоо 14 болтлоо буурч байжээ. Гэсэн ч 2006 оноос өсч 1000 амьд төрөлт тутмын 33 нь өсвөр насны ээж байна. Нийслэлд 150 орчим эмэгтэйчүүдийн гэх нэрийдэлтэй эмнэлэгүүд байдаг. Эдний зөвхөн 10 орчим нь л үр хөндөх эрхтэй байдаг. Гэтэл одоо эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх хаягтай бүх эмнэлэгүүд үр хөнддөг болжээ.
Ганц эмнэлэг гэхэд үр хөндүүлэх гэсэн эмэгтэйчүүдээр өдөр бүр дүүрдэг гэхээр энэ асуудал ямар хүнд түвшинд очсоныг харуулж байгаа юм. Үр хөндүүлэх нас харьцангуй залуужиж зөвхөн нэг жилийн дотор 3000 гаруй насанд хүрээгүй охид үр хөндүүлжээ. Өөрсдөө аав ээжийн гараас гараачгүй эцэг эхийнхээ нүдэнд бяцхан охид атлаа хэвлийдээ бяцхан үр бүрэлдүүлээд хөнөөчихдөг гэхээр үнэхээр харамсалтай.
Насанд хүрээгүй охид үр ихээр хөндүүлэх болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Өнгөрсөн жил 12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг охин нь хүүхдийнхээ хамт нас барсан нь олныг шуугиулаад л өнгөрсөн. Эмч нарын хэлж байгаагаар “13 настай охидууд ирж үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд, өмнө нь хамгийн отгон охид нь 17-18 настай охидууд ирдэг байсан бол өдгөө 13-16 настай охидууд ирдэг болсон” гэжээ. 13 нас гэдэг хэвлийдээ үр тээх байтугай хүний бие организм ч бүрэн бүрэлдэж тогтож насанд хүрээгүй, ухаан сууж өөрийн үзэл бодлыг бүрэлдүүлээгүй хүүхэд нас шүү дээ. Өдийд тэд хүүхэлдэйгээр тоглохгуймаа гэхэд хүүхэд насны томоогүй зангаасаа салаагүй байдагсан.
Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ. Сүүлийн хоёр жилд 30 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик мэдээ байна. Нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь үр хөндүүлдэг бол үүнээс 52 хувь нь 25-аас доош насныхан байдаг байна. Үүнийг дагаад гам сайн бариагүйгээс болоод насаараа үргүй болох эмэгтэйчүүд ихэссэн байна. Үр хөндүүлэх нь өөрөө өндөр эрсдэлийг дагуулдаг. Эм ууж ургыг гадагшлуулах аргаар үр хөндүүлж буй охидууд их хэмжээгээр цус алдан амиа алдах, эм уусны дараа эхэс нь бүрэн гаралгүй үлдэх тохиолдол цөөнгүй байдаг байна. Мөн үр хөндөх явцад эмчийн буруугаас умай цоорох явдал гардаг байна.
Энэ их эрсдэлийг давж, сэтгэл санааны болоод биеийн маш их зовиурыг тэвчин байж юунд бяцхан үрээ хөнөөнө вэ? Мэдээж цаг нь болоогүй, эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй гээд тэднийг өмөөрөх олон ч шалтгаан бий. Гэвч өөрийгөө ч, хэвлийдэх үрээ ч бодоод ухаалаг, үнэнч, сэрэмжтэй байж, эрүүл хүүхдийнхээ эрүүл ээж нь байгаасай.
Үр хөндөлтийг хэрхэн хийдэг болон үр хөндөлт ямар ямар эрсдэл дагуулдаг талаар хүргье.
Үр хөндөлтийг яаж хийдэг вэ?
Үр хөндөлтийг хийх явцад хагас мэдээ алдуулалт, бүтэн мэдээ алдуулалтын аргуудыг хэрэглэж болно. Юуны түрүүнд жирэмсний долоо хоногийг хэт авиан дурангаар тодорхойлж эмэгтэйчүүдийн үзлэгийг мэргэжлийн эмч хийнэ. Дараа нь үтрээ, савны амсар хэсгийг халдваргүйжүүлж цэвэрлээд үтрээгээр савны амсарт тулган хуванцар багаж байрлуулан савны амсар хэсэгт мэдээ алдуулах тариаг хийнэ. Тусгай багажны тусламжтайгаар савны амсарыг нээж доторхийг нь соруулж авна. Ингэж соруулж цэвэрлэх ажиллагаа нь нэг удаагийн багаж хэрэгслээр, амархан хийж болох ажилбар юм.
Савны дотор хэсгийг сайтар соруулж цэвэрлэсний дараа хуванцар багажийг гаргаж, өвчтөнг 10 минут амраана.
Үр хөндөлт хийлгэх нь ямар эрсдэлтэй вэ?
Жирэмсний 10 дахь долоо хоног дотор хийж буй үр хөндөлтийн ажилбарт эрсдэл гарах эсэх нь үр хөндөлтийг хийж буй мэргэжлийн эмчийн туршлагаас шууд хамаарна.
-Үр хөндүүлсний дараа хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол дотор муухайрах, огиулах үзэгдэл байдаг. Зарим тохиолдолд ухаан алдаж унах нь ч бий. Гэвч үр хөндүүлсэн хүмүүсийн 1 хувьд л ийм шинж тэмдэг анзаарагддаг бөгөөд амь насанд аюултай бус, түр зуурын үзэгдэл юм.
- Үр хөндөлт жирэмсний 10 долоо хоног дотроо хийгдэхэд эрсдэл багатай ч, түүнээс томорсон бол үр хөндөлтийн үед цус их алдах магадлалтай.
- Маш цөөхөн тохиолдолд, ихэвчлэн хүүхэд томорсог хойно хийсэн үр хөндөлтийн явцад эхийн сав цоорох магадлалтай байдаг.
- Дөнгөж жирэмслээд үр хөндүүлэхэд хэдэн цагийн дараа маш цөөхөн тохиолдолд саванд цус хуримтлагдаж үлддэг. /500-д 1 тохиолддог/. Ийм үед савыг дахин цэвэрлэж эмчлэх шаардлагатай.
- Үр хөндүүлсний дараа эмчийн бичиж өгсөн антибиотикийг тогтмол уух ёстой. Хэрвээ үр хөндөлтийн дараа үрэвсэл үүссэн бол 6-7 хоногийн дараанаас өвдөлт, цус алдалт гэх мэтийн шинжээр илэрнэ.
- Цөөхөн тохиолдолд, ялангуяа хүүхэд томорсон хойно үр хөндөлт хийлгэхэд саванд юм үлддэг. Ийм үед эхний 2 долоо хоногийн туршид сарын тэмдгийн үеийнхээс арай их цус гадагшилна. Цус нөжтэй, бараан өнгөтэй байна. Зарим хүний хувьд цус гарах бүрт өвдөлт өгнө, маш өндөр хэмд халуурна. Зарим үед бүхэл зүйл ч гарч мэднэ. Дотор үлдсэн хэсгийг цэвэрлэж гаргах ажилбар хийнэ.
- Үр хөндөлтөөс нэлээд хугацааны дараа цөөхөн тохиолдолд савны амсарт наалданги үүснэ. (саван дотор биш!). Үүний шинж тэмдэг нь 4-6 долоо хоног өнгөрөхөд өвдөлт намдахгүй байх, сарын тэмдэг ирэхгүй байх, эм уугаад ч сарын тэмдэг үзэгдэхгүй байх юм.
Танд сануулж зөвлөхөд :
Үр хөндүүлснээс хэсэг хугацааны дараа /ихэвчлэн энэ хугацаа 7 хоног байдаг/ таныг эмч тань давтан үзлэгт дуудна. Уг үзлэг нь үр хөндүүлсний дараа ерөндөг тавиулсан бол түүний байршлыг шалгах үүднээс маш чухал юм. Энэ үзлэгийг үл ойшоож болохгүй. Хэрвээ үр хөндүүлсний дараа цус алдалт, доошоо бүхэл зүйл гарах, их өвдөлт, халууралт явагдсан бол заавал 7 хоногийг хүлээлгүй яаралтай эмчдээ хандах хэрэгтэй.
mongol · 2014/05/21
manai mongoliin ireedui burheg bainaa gegeeleg boloosoi
Зочин · 2014/05/18
ih aimar ym aa anhnaasn l zuw bodltoi baij aldaa gargahgui baih heregtei.huuhed gdg chn uuruu mash tom beleg shuu dee tanidg gants xoer hun abort hiilgeed ahij huuhed gdg az jargaltai boloh bolomjgui mun sawandaa ym uldeegd goliin hiitei bolsn tohioldol ch bn