"Үхсэн зэрлэг амьтан олдсон хэргийг шалгаж байна"
2021/11/10
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд үхсэн зэрлэг амьтан олджээ. Энэ талаарх мэдээллийг анх нэгэн иргэн сошиал хуудаст байршуулан "АПУ-ын хойно, зам дээр ингээд хаясан байна. Хот руу өөрөө орж ирнэ гэж байхгүй дээ" гэх бичвэрийн хамт зэрлэг амьтны зургийг нийтэлсэн байв. Зургаас харахад энэ нь нас бие гүйцээгүй шилүүс байж магадгүй байна.
Тус амьтныг агнаад хот руу оруулж ирсэн эсэх, үхсэн зэрлэг амьтан нийслэлд олдсон учир шалтгааны талаар бид мэргэжлийн байгууллагуудаас тодруулахад Нийслэлийн байгаль орчны газар "Манайд энэ талаар ямар нэгэн дуудлага ирээгүй ч сошиал орчноос мэдээлэл авсан. Амьд амьтан олсон бол манайх хамгаалалтад авах, байгальд нь буцаан тавих гэх мэт ажлуудыг хариуцдаг. Харин энэхүү амьтан нь үхчихсэн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсэх учир, Экологийн цагдаагийн газар тодорхой хариулт өгнө" гэсэн юм.
Харин Экологийн цагдаагийн албанаас тодруулахад "Үхсэн зэрлэг амьтан олдлоо гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй ч энэхүү зураг, мэдээллийг сошиал орчинд тавьсан иргэнтэй холбогдон мэдээлэл авсан. Үүнийг одоо шалгаж байна. Ямар амьтан болох үхсэн учир шалтгааныг нь тодруулаад бид албан ёсны мэдээллийг хүргэнэ" гэлээ.