Эрх баригч МАН ээлжит Их хурлаа ирэх даваа гаригт хуралдуулахаар товлосон. Энэ хурал улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн түвшинд анхаарал татаж байна. 

Ялангуяа 100 жилийн түүхтэй эрх баригч намыг хэн удирдах вэ гэдэг нь энэ хурлаар шийдэгдэх учиртай. МАН-ын даргын асуудал нь намын дотоод асуудал гэхээсээ илүүтэй Монголын улс төр, эдийн засаг, улс орны хөгжилтэй шууд холбогдох учраас намын Их хуралд олон талын ач холбогдол өгч буй нь тодорхой байна.

МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургадугаар сарын 25-нд болсон МАН-ын XI Бага хурлаас сонгогдож байв. Тэрбээр бараг хагас жилийн хугацаанд эрх баригч намыг “хагас” эрх мэдэлтэйгээр удирдлаа.   Учир нь МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “…МАН-ын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэж заасан.  Тэгэхээр  Л.Оюун-Эрдэнэ намын дүрмээр бол Их хурлаас сонгогдоогүй учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн Ерөнхий сайдын буюу захиргааны эрх мэдлийн хүрээнд аливаа асуудалд хандаж байсан гэсэн үг.

 

 

Харин энэ удаагийн Их хурлаар Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэвэл тэрбээр бүрэн эрх мэдлийн хүрээнд ажиллах боломжтой болно.  Өөрөөр хэлбэл, улс төрийн эрх мэдэлтэй болж, намын дарга болоод Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч “бяр” нэмэгдэнэ гэсэн үг.

 

 

 

МАН-ын Их хурлын өмнөх улс төрийн уур амьсгал нэлээд тайван байна.  Одоогоор Л.Оюун-Эрдэнээс өөр МАН-ын даргад нэр дэвшигчийн нэр дуулдаагүй.  Гэхдээ намын дүрэмд намын даргыг сонгоно гэж заасан учраас Их хурлын үеэр заалнаас намын даргад нэрээ дэвшүүлэх асуудал нээлттэй явагдана.  Гэхдээ эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа жинхлэх хэд хэдэн үндэслэл бий.  Нэгдүгээрт, тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Энэ Засгийн газар Оюутолгойн гэрээ, уул уурхай бүтээн байгуулалтын асуудлууд, эдийн засгийн хөтөлбөр, цар тахлын амаргүй цаг үеийн бодлого шийдвэрүүд, Авлигатай тэмцэх Ажлын хэсэг гээд  үргэлжлүүлэн үр дүнд хүрэх олон асуудлыг барьж авсан. Мөн эдийн засгийн үзүүлэлт нь энэ Засгийн газраас өмнө “-5” хүрч унаад байсан бол өнөөдөр “4.3” хүрсэн мэдээ бий.  

 

Мөн Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болсноос хойш хоёр ч удаагийн улс төрийн сонгууль болж өнгөрсөн. Бүгдэд нь МАН-ын нэр дэвшигчид ялсан. Намын даргын тамга аваагүй байхад нь Төрийн тэргүүний сонгууль болж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдов.

 

 

 

Мөн өнгөрсөн аравдугаар сард СХД болон Хэнтий аймгийн тойрогт нөхөн сонгууль болж, нэр дэвшигчид нь ялснаар ийнхүү  МАН парламентад үнэмлэхүй олонхи буюу 65  суудалтай болсон юм.  Ер нь аливаа улс төрийн хүчинд сонгуулийн ялалт, ялагдал нэн чухал.

 

 

 

Ялсан намын дарга эрх мэдлээ тэлж, ялагдсан намын дарга ёс зүйн хариуцлага хүлээдэг  асуудал олон улсын жишигт ч бий.

Дараагийн нэг асуудал нь намын гишүүдийн эв нэгдэл. Улс төрийн намд нэг зовлон бий. Олон суудал авч, эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр бүлэг фракц хоорондын эрх ашгийн зөрчил хурцаддаг. Өнгөрсөн хугацаанд МАН-д ч ийм зовлон байгаагүй биш байсан. Харин энэ удаа намын лидерүүд, тэднийг дагасан фракцууд Л.Оюун-Эрдэнийг дэмжих хандлагатай байгааг олон эх сурвалжийн мэдээллээс харж болохоор байна.

Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн тухайд Их хурлаасаа МАН-ын дарга болоход улс төрийн хувьд “чөдөр тушаа”  лав алга. МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг даргаар жинхэлж “бяр нэмэх” эсэх нь ирэх даваа гаригт тодорхой болно.  Түүний дараа намын дарга улс төрийн эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж, ямар алхмууд хийх бол гэдэг нь ч анхаарал татаж байна.

 

 

Б.Дамдин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин