О.Цогтгэрэл: Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулсан
2022/01/03
УИХ-ын гишүүн, АН-ын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.
Энэ үеэр О.Цогтгэрэл: "МАН өнгөрсөн 2 жилд хэрхэн ажиллав гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийж байна. "Ковид-19"-ын үед Монгол Улс ДНБ-ынхээ 20 шахам хувь буюу дэлхийн жишгээр бол асар өндөр зардал гаргасан. Энэ зардал гэдэг чинь Монгол Улсын өр нэмэгдэж байна гэсэн үг. Гэтэл энэ өндөр зардлын үр дүнд ямар нөхцөл байдалтай байгааг та бүхэн биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гэтэл Засгийн Газар эдийн засгаа бус пиараа л эрчимжүүлж байна. Оны төгсгөлөөр инфляци хоёр оронтой тоонд хүрчихлээ. Ирэх хагас жилд 20 хувь хүрч магадгүй байна.
Мөн 12-р сарын 20-нд Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсан. 12-р сарын 31-нд Улсын дээд Шүүхийн 11 хуудас тогтоолыг бидэнд гардуулсан. Энэ тогтоолыг тоймлоод үзэхэд 11-р сарын 5-нд болсон АН-ын онц их хурлыг Улсын дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Энэ хурлыг зарласан АН-ын ҮБХ хүчин төгөлдөр юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл даргын асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч бидний талд байгаа АН-ын ҮБХ-г хууль ёсны гэж үзсэн нь дараа дараагийн үйл ажиллагааг явуулах гарц гаргалгаа нээгдэж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн талд байгаа гэх АН-ын ҮБХ хууль бус гэсэн үг.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж, Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулсан.
УИХ дахь АН-ын бүлгийн 8-9 гишүүн бүгд нэгдмэл байр суурьтай байгаа. Д.Ганбат гишүүн ч энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээж авна гэдэгт итгэлтэй байна" гэв.