2021 он гармагц АН хоёр удирдлагатай болсон билээ. Улмаар мөн оны 3-р сард С.Эрдэнийн удирдсан талаас зохион байгуулсан АН-ын даргын цахим сунгаа гэгчид НИТХ-ын төлөөлөгч Майнбаярын Тулгат гэх залуу ялалт байгуулж, АН-ын дарга болсон юм.

Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль, УИХ-ын хоёр ч тойрогт нөхөн сонгууль болов. Дээрх сонгуулиудад С.Эрдэнийн удирдсан хэсэг оролцож, нэг ёсондоо хууль, дүрэм тэдний талд байгаа нь тодорхой болсон.

 

Талцал, үл ойлголцол, эв нэгдлийг эрэлхийлсэн мэдэгдэл, бас дахин үл ойлголцол гээд үйл явдал өрнөсний эцэст 2021 оны 12 сарын 23-ны өдрийн Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар АН-ын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэн билээ.

 

Уг хурлаар О.Цогтгэрэл даргатай талын хүсэлтийг татгалзаж, 2021 оны 03 сарын 21-28-ны хооронд явагдсан уламжлалт буюу цаасан, АН-ын даргыг сонгох дотоод сунгаа нь Үндсэн дүрмийн бус байна гэдэг тайлбартайгаар бүртгэхээс татгалзсан тогтоол, шийдвэр гаргасан. Мөн өдөр М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч  АН-ын дарга С.Эрдэнэ бүрдүүлбэр дутуу гэдэг шалтгаанаар буцааж татах хүсэлт өгөөд, 2021 оны 12 сарын 15-ны өдөр бүх материалаа буцааж авсан юм. Уг үйл явдлын дараа С.Эрдэнэ М.Тулгатыг АН-ын удирдлагын багтай зөвшилцөлгүй шийдвэр гаргасан  гэдэг үндэслэлээр, М.Тулгат нь С.Эрдэнийг АН-ын даргыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх материалыг дур мэдэн татан авсан гэх үндэслэлээр тус тус АН-ын Үндсэн Дүрмийн хороонд шалгуулахаар өгсөн.

 

Үүнээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд С.Эрдэнэ санаачлагыг гартаа авч, АН-ыг удирдсан хэвээр байгаа бөгөөд тус намын Үндсэн Дүрмийн Хороо ч М.Тулгатын эсрэг шийдвэр гаргах нь тодорхой болсон гэнэ.

Тэр бүү хэл АН-ын даргын сунгааг дахин зохион байгуулах төлөвлөгөө хэдийн гарсан ажээ.

Хамгийн гол нь Майнбаярын Тулгатыг АН-ын удирдлагын үйл ажиллагаанд огт оролцуулахаа больсон байна.

 

Нэг сарын өмнө Майнбаярын Тулгат мэдээлэл хийх үед түүнтэй хамт байсан АН-ын зарим удирдлага ч С.Эрдэнэтэй ойлголцсон аж.

 

Энэ бүхний гол учир шалтгаан нь С.Эрдэнийн талынхан М.Тулгатыг О.Цогтгэрэлтэй тохиролцсон, өөрөө АН-ын даргаар бүртгүүлчихээд явц дундаа намын даргын үүрэгт ажлаа сайн дураараа өгөх хувилбарт санал нэгдсэн гэж хардаж буй явдал юм. Энэ хардлага үнэн, худал эсэхээс үл шалтгаалан С.Эрдэнэ ба М.Тулгат нарын зам салсан нь нэгэнт тодорхой болжээ.

 

М.Ариун

сонин.мн