А.Ариунзаяа: ₮499 мянгын тэтгэвэр 15%-аар нэмэгдэж ₮574 мянга болно
2022/01/31
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсөвт тодотгол хийж, өндөр настнуудын тэтгэврийг нэмэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Тэтгэврийн нэмэгдэл маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс олгогдох эсэх талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдаан хараахан дуусаагүй байна. Төсвийн тодотголтой холбоотой хоёр хэлэлцүүлэг дутуу байна. УИХ-аас төсвийн тодотголыг баталмагц Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай тогтоол гаргана. Түүний дараа банкуудад шинэ тэтгэврийн жагсаалт өгөөд, олголт хийнэ. Хоёрдугаар сарын 1-нд багтааж ахмадууддаа нэмэгдүүлсэн дүнгээр тэтгэврийг нь олгохоор бид ажиллаж байна.
Нийгмийн даатгалын сангаас 460 гаруй мянган иргэн тэтгэвэр авдаг. Энэ бол зөвхөн өндөр настны тэтгэвэр гэлгүй тэтгэврийн сангаас тэтгэвэр авчихдаг иргэдийн асуудал яригдана.
Нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангаас авдаг тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэнэ гэдэг шийдвэр давхар явж байгаа.
Иргэд бүрэн тэтгэврийн хэмжээтэй холбоотой асуулт их асууж байгаа. Жишээ нь, 499 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол надад нэг мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү гэж асууж байгаа. Үгүй. Дор хаяж 15 хувиар буюу 499 мянган төгрөг авдаг хүн 574 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь.
Маргааш өглөөнөөс тэтгэвэр нэмэгдэлтэйгээ олгогдоод эхэлнэ гэж цаг зааж хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл эхлээд хууль батлагдана. Дараа нь Засгийн газар хуралдана. Тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээг Засгийн газар тогтоодог.
Гишүүдийн зүгээс өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийн багаар нэмэгдүүлэх нь зөв гэдэг саналыг хэлж байна.
350 мянган төгрөгийн бүрэн тэтгэвэр авдаг 200 гаруй мянган иргэн байдаг. Харин өндөр цалингаас шимтгэл төлж байгаад өндөр тэтгэвэр авдаг цөөн хүн бий.
100 мянган төгрөгөөс 17 хувийн шимтгэл төлөх, нэг сая төгрөгөөс 17 хувь төлөх хоёр өөр шүү дээ. Тэгэхээр тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж ижил тэгж нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр нь хамгийн зөв юм.
Харин шударга бус юу байна вэ гэвэл, олон жил цалингаасаа шимтгэл төлөөд явж байгаа хүн нэг өөр. Нөгөө талд сайн дурын үндсэн дээр бага хугацаанд өндөр хэмжээгээр шимтгэл төлж, тэтгэврээ өндөр тогтоолгож байгаа хэсэг байна. Энэ байдлыг өнөөдөр хэлэлцэж байгаа тэтгэврийн нэмэгдлээр шийдэхгүй. Цаашдаа шударга, зөв тогтолцоогоор хэрхэн тэтгэвэр тогтоодог болох вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай байна" гэлээ.
Зочин · 2022/02/01
Энэ ямар тэнэг сайд вэ?. Наад тэтгэвэр нэмлээ гэж хуцаад ардчилсан намынхны заавраар гомдол мэдүүлээд байгаа үхэж далд орсон золбингуудынхаа судалгааг гаргаад нэмсэн тэтгэврээ буцаагаад хасаад хэвэнд нь оруулчихаач.
bat · 2022/02/01
Тэтгэвэр яагаад буухгүй байна бодож чадаргүй байна уу
Зочин · 2022/02/01
Зөв байна одох жил найдвартай төлсөн хүн байхад төлөөгүй явж байгаад гэнэтхэн төлдөг асуудлыг сайн авч үзэж зааглаж байх заалт хуулиуд оруулна биз дээ