Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга АН-ын даргад нэр дэвшихээр болсон нь яах аргагүй улс төрийн хүрээний хамгийн дуулиантай мэдээлэл боллоо.

Тодруулбал өчигдөр АН-ын Дотоод Сонгуулийн Хороо ажлын цаг дууссаны дараа буюу 18.00 цагаас АН-ын Даргын сунгаанд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын материалыг хүлээн авснаар АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа дууссан болохыг АН-ын Дотоод Сонгуулийн Хороо мэдэгдсэн юм.

Үүнээс 2 цагийн өмнө АН-ын сонгогдсон дарга гэх, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохгүй болохоо зарласан байв.

 

Өөрөөр хэлбэл Х.Баттулга АН-ын дарга болох нь хэдийн тодорхой болсон гэсэн үг. Ж.Батсуурийн хувьд бол яахав дээ, ардчилсан сонгуулийн хэлбэр бий болгох зорилготой дүрийн эзэн. АН-ын даргын сунгаанд ялагдсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох тохироотой гэх.

Гэвч Х.Баттулга сунгаанд ялалт байгуулж, АН-ын даргаар сонгогдсон ч Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх гэдэг ээдрээтэй даваа өмнө нь бий. С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр гарц эрх зүйн хувьд байхгүй.

Харин Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшихээр болсон тухай мэдээг сонссон С.Эрдэнэ намынхандаа: "Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй" гэсэн байна. 

Гэвч улс төр бол харилцан тохиролцохоос өөр юу ч биш гэх А.Гитлерийн хэлсэн үг бий.

"Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй" гэдэг С.Эрдэнийн үг " Х.Баттулга хэзээ ч надтай тохиролцохгүйгээр АН-ын дарга болж чадахгүй" гэсэн утгатай ч байж мэднэ.