АН-ын даргын сунгааны сурталчилгаа үргэлжилж байна. АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар улс орон даяар тойрч, АН-ын гишүүдтэй уулзан, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тэдний сонирхсон асуултанд нь хариулсаар яваа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэд хэдэн чухал сэдвээр байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэе.

 

Тодруулбал тэрээр "Ялагдал" гэсэн сэдвээр: "Ялагдал бол ялалтын эхлэл гэж бодож би оролцож байгаа.

 

Яагаад гэвэл би УИХ-д 3 удаа сонгогдсон. УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянхонгор аймагт ээжийнхээ суманд ялагдсан. Гурван удаа сонгогдчихсон явж байгаад ялагдсан. Тэр ялагдал надад маш их зүйл ойлгуулсан.

 

2016 оны сонгуульд ялагдаад бараг бүтэн улсаа тойрч, үүргэвч үүрээд ард иргэдтэйгээ уулзаж явсан. Тэр уулзалтуудаар би  Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд яагаад буцаж ирж болдоггүй юм бэ? Яагаад ард түмний үгийг сонсож болдоггүй юм бэ? гээд нэр дэвшүүлсэн. Улмаар ялалт байгуулж байсан." гэв.

 

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагааны тухай: "

 

Өнөөдөр АН-ын хамгийн том улстөрийн хүч УИХ дахь бүлэг. Гэтэл бүлгийн дарга нь хэн билээ? Хэдийгээр Баянхонгор аймгаар овоглодог боловч маш үл бүтэх нөхөр АН-ын нүүр царай болоод яваад байгаа.

 

Ж.Батсуурь үүнийг онцгой анхаарах ёстой. Яагаад гэвэл та УИХ-ын гишүүн. УИХ дахь бүлэгт байгаа. Бүх Монголчууд, ардчилагчид УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэн нь юу хэлж, ярьж байгааг чих тавин хардаг. Бэлчээрийн хууль гэх мэт олон сөрөг үр дагавартай хуулиуд батлагдаад байна. Гэтэл сөрөг хүчин хаана байна? Үүн дээр дуугарах ёстой шүү дээ. Даан ч байдаггүй ээ. Харин Украинд цалингаа хандивлана ч гэх шиг элий балай юм яриад л явна. Энэ хүмүүсийг солихгүйгээр бид 2024 онд ялахгүй шүү." гэлээ.

 

Түүнчлэн таныг муулсан мэдээлэл их явах юм, яагаад тэр бүрийд няцаалт, хариу тайлбар хийхгүй байна в? гэсэн АН-ын гишүүний асуултанд: "Ер нь улс төрд орсон бол, улстөрийн лидер болж байгаа бол, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол, Монгол Улсын Ерөнхийлөгч болсон бол тэр гүтгэлэг, доромжлолыг бүгдийг нь даагаад, гараад явах сэтгэлийн болон биеийн тэнхээтэй байх ёстой. Улстөрч хүн өөрийнх нь тухай ярьсан болгонд, бичсэн болгонд эмзэглээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэр хүнийг улстөрийн рентгенээр харахад ар өвөргүй хэдэн мянган шарх байх ёстой. Түүнийг даах ёстой гэж би бодож явдаг. Байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшиж байна. Оффшорт энэ мөнгө хулгайгаар ороод байна. Энэ мөнгө эргэж Монголын улстөрд орж ирж санал худалдаж аваад байна гээд энэ оффшор, байгалийн баялгийг эзэмшээд байгаа гэр бүлүүдтэй би дайн зарласан. Миний дайснууд бол эд нар байх гэж бодож байгаа. " гэж хариулжээ.

 

О.Чулуу