УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байх үед тухайн үеийн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар нарын оролцсон Монгол улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжин зарж, ашиг олох схемын талаар ярилцаж буй тухай бичлэг анх цацагдсан билээ.

Бичлэгийг Ц.Сандуй, А.Ганбаатар нартай хамтран ажиллаж байгаад цалин хөлсөө авалгүй халагдаж гомдсон Г.Доржзодов хийж, цацсан нь хожим ил болсон.

 

Энэ асуудал УИХ-ын 2016 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль дамнан үргэлжилж, хэд хэдэн он дамнасан дуулиан болж, олон улсын зарим хэвлэл дээр хүртэл бичигдэж, улс төрийн үйл явдал, өрнөлд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг.

 

Г.Доржзодовт Монгол Улсын Баатар цол хүртээж, "60 тэрбум"-ынханд хатуу хариуцлага тооцохоо амласан Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж, "Нэг зүйлийг албан ёсоор хэлье, тэр “60 тэрбумын бичлэг” гэдэг үнэн шүү. 

Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих гэсэн энэ хэргийг хийсэн үү хийсэн, ярьсан уу ярьсан." хэмээн мэдэгдэж байсан Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа ажиллаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч болж, "Энэ хэрэг замхрах шат руугаа явж байгаа юм биш биз гэж хардахад хүргэсэн. Миний хувийн бодол юм шүү. Сүүлдээ энэ хэрэгт М.Энхболд гэдэг хүн огт байгаагүй болж хувирч байна." хэмээн мэдэгдэж, гал цогтой жагсаал хийж байсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.

 

Гэвч энэхүү бузар булай зорилготой "60 тэрбум""-ын гэх хэрэг огт шийдэгдсэнгүй ээ. М.Энхболд ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүйгээр үл барам МАН-ын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байна.

 

Ц.Сандуй нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийн зүйлчлэлээр ял сонссон гэдэг ч маш богино хугацаанд шоронд хоригдсоноос өөрөөр ядаж ёс зүйн ч хариуцлага хүлээсэнгүй. Өвлийн XXIV олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ажилласан шигээ явж буйг бид харсан. Тэр бүү хэл өчигдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдлоо.

Юу ч хэлэхэв дээ.

Монгол төрийн сонгуульд хууль бусаар ялах, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр зарах тухай төлөвлөгөө боловсруулж, тэр нь баримтаар нотлогдсон нь ч хэн ч хэзээ ч ямар хариуцлага хүлээдэггүй, ядаж уучлаарай ч гэж хэлдэггүй юм байна.

Хэрэв эрх мэдэлтэй л бол хэн нэгэн ямар ч хууль бус үйлдэл хийсэн ч хэзээ ч хариуцлага хүлээдэггүй юм байна гэдгийг "60 тэрбум"-ынханы жишээнээс би ч харлаа, та ч харлаа.

 

О.Чулуу

sonin.mn