Дүрмийн өөрчлөлт нь бүртгэгдчихвэл С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ы дарга болно
2022/03/30
АН-ын Дотоод Сонгуулийн Хорооноос зарласан АН-ын даргын сунгааны сурталчилгаа өнөөдрөөр дуусч байна.
Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг авч хэлэлцэхээр тов гарчээ. С.Эрдэнэ АН-ын даргын сунгаатай зэрэгцэн яаран сандран дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан нь учиртай аж. АН-ын даргын сунгаанд Х.Баттулга, Ж.Батсуурь нарын хэн нь ч ялсан бай С.Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй.
Харин М.Тулгатад нэгэнт итгэхээ больсон С.Эрдэнэ дахин нэг АН-ын даргын сунгааг явуулах юм байна. Уг сунгаагаар Х.Баттулга, Ж.Батсуурь нараас өөр бас нэг хүн АН-ын даргаар сонгогдоно. Тэр хүнийг АН-ын даргаар сонгогдсон гэж үзэн, өмнөх нэг жил орчим өрнөсөн ээдрээт жүжгийг үргэлжлүүлнэ.
О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн хоёр дарга нь л өөрчлөгдсөн болохоос биш хоёр "АН" тусдаа байдгаараа л байна.
Гэхдээ нэгэнтээ : "Би энэ намыг өгөхгүй" хэмээн мэдэгдсэн С.Эрдэнэд улс төрөөс, тэр дундаа АН-ын удирдлагаас холдох хүсэл байхгүй аж. Тиймээс Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтөнд АН-ын дарга, АН-ын дэд дарга, АН-ын ЕНБДаргаас гадна АН-ын Үндэсний Бодлогын Хорооны Дарга гэх албан тушаал байхаар тусгасан байна. АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга нь АН-ын ҮБХ-ы хурлыг зарлах, даргалах чиг үүрэгтэй байх аж.
Мөн хэрэв АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал намын дарга нь Ерөнхий Сайд, намын ҮБХ-ы дарга нь УИХ-ын дарга болохоор уг дүрмийн өөрчлөлтийн төсөлд тусгасан гэнэ.Мэдээж дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэчихвэл тодорхой хугацааны дараа С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ы дарга болох нь тодорхой юм.
О.Чулуу
Ард · 2022/03/30
Эвтэй бол юунд ч хүрч болно.
Зочин · 2022/03/30
Эрдэнэ бгаа цагт АН хэзээч өөдлөхгүй нийгэм гишүүд нь хүлээж авахаас нэгэнт өнгөрсөн
зочин · 2022/03/30
Уул нь Эрдэнээг дэмжих нэг ч АН-ын анхан шатны байгууллага гишүүн байхгүй байхад зөвхөн тамга, Дээд шүүх хоёроор тоглочих юмаа