Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд сайд нарыг хэтэрхий загнадгаа болих хэрэгтэй
2022/03/31
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ц.Нямдорж сайдаас асуух зүйл байна. Та битгий уурлаж, бухимдаарай. Эдийн засаг, хөгжлийн яамыг хэзээ байгуулах юм бэ. Оюутолгойтой холбоотой асуудлаар газрын гүний ус ашиглахтай холбоотой өмнөх шийдвэрийг өөрчлөх үүрэг даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Энэ яагаад биелэхгүй байна вэ.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2021 оны биелэлтийг л хэлэлцэж байна. Мөрийн хөтөлбөр 2024 он хүртэл үргэлжилнэ.
Оруулсан асуудлын учир начрыг олох хэрэгтэй. УИХ-ын гишүүд сайд нарыг хэтэрхий загнадгаа болих хэрэгтэй. Үргэлж л загнаж байх юм. Би энд 500-гаад хүнтэй сууж үзсэн. Ингэж өдөр бүр загнаж байдаг хүмүүс үзээгүй.
Хоёрдугаарт, хүн төрөлхтний сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүй хүнд үед тохиож байна. КОВИД гэдэг юм гарч ирсэн. Араас нь цэргийн ажиллагааны асуудал үүсэж байна.
Засгийн газар сүүлийн хоёр жил долоо хоног бүр КОВИД-19-ийн нөхцөл байдлыг ярьдаг байсан бол одоо эдийн засгийн нөхцөл байдлыг ярьж байгаа.
Хойно үүсээд байгаа олон улсын харилцааны нөхцөл байдлын хаялаг нь бараг орж ирж эхлээгүй байхад ийм шийдвэр гаргая гэдэг санал оруулж ирэх боломжгүй байна.
Долоо хоног бүр хэлэлцээд, ажиглаад байж байна. Шаардлагатай бол төсөв, мөнгөний бодлогыг УИХ-д оруулна.