АН дөрвөн даргатай болов
2022/04/04
АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахаа болиод удаж байна. Эрх баригч намд хяналт тавих нь битгий хэл намын дарга, тамга тэмдэгний асуудлаа шийдвэрлэж чадахаа болиод лав хоёр жил боллоо.
Өнгөрсөн жилийн яг өдийд АН хоёр талд уламжлалт болон цахим сонгууль явуулж АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг, АН-ын дарга С.Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг дарга болгосноо зарлаж байв. Үүнээс хойш О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн нь ч албан ёсны дарга болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрэв. Нэг ёсондоо Улсын Дээд шүүх АН-ын даргын өөрчлөлтийг хүлээж авч батламжлахгүй байсаар жил тойрч байна. Өөрөөр хэлбэл, АН-ын жинхэнэ дарга, тамга хоёр хэн бэ гэдгийг мэдэх боломжгүй болов.
Гуравдугаар сарын 10
АН шинэ даргын сунгаан зарлаж дөрөвдүгээр сарын 6-нд санал хураалт явуулахаар боллоо. Энэ дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар даргын сунгаанд оролцохоо мэдэгдэж нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгч, дэнчингийн мөнгөө тушаагаад байв. Ийнхүү нэр дэвшигчид орон нутгаар тойрч намын гишүүдтэйгээ уулзаж эхлэв.
Гуравдугаар сарын 31
Монгол Улсын дээд шүүхийн шүүгчид хуралдаад С.Эрдэнийн хүргүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” хүсэлтийг бүртгэж авснаар асуудал орвонгоороо эргэлээ. Ингэснээр С.Эрдэнэ “Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа. Бид Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. Намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна. Зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана” гэж мэдэгдсэн юм.
Дөрөвдүгээр сарын 02
Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн сонгуулийн штабаас санал хураалтын өмнөх өдөр нэрээ татах болсноо мэдэгдэв. Ж.Батсуурь “Булаалгасан боломжоо эргүүлэн авна гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллалаа. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс Дотоод сонгуулийн хорооноос шинэчилсэн дүрмийн дагуу сонгуулийг шинэчлэн зохион байгуулахыг хүссэн ч татгалзсан хариу авлаа. Тиймээс миний бие сонгуулиас нэрээ татаж байна” гэв.
Дөрөвдүгээр сарын 3
Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар 09:00-20:00 хүртэл бүх аймаг, дүүрэг, сумдын санал авах байранд явагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ганцаараа санал хураалтад оролцож морин цагт өөрийн өсөж торнисон Яармагийн дэнжнээ очиж саналаа өгсөн.
Тэрбээр “Аль ч нийгэмд, ямар ч цаг хугацаанд үзэл бодлын зөрүү, ялгаатай бодлого, байр суурь байсаар ирсэн. Гэвчиг, тэдгээрийн тэнцэл нь та бидний сонголтоор бий болж, ардчиллын үнэт зүйлсийг тээн буй иргэд улс орныг удирдан чиглүүлэх учиртай.
Энэ бол бидний нэгэнт сонгон байгуулсан нийгэм бөгөөд төрийн эрхэнд байгаа хийгээд төлөөллийн гэгдэх бүхий л нам, улстөрийн хүчнүүд сонгох, сонгогдох эрхээс давж алхах жам үгүй. Ардчилсан намын дотоод сонгууль ч хууль, төрт ёсыг дээдлэн, энэ намын гишүүн нэг бүр сонгох эрхээ эдэлж байгаа нь ямар ч эрх мэдлээр зогсоох, хязгаарлах боломжгүй бид бүхний дундын эрх, энэ нийгмийн үнэт зүйл мөнөөс мөн.
Иймийн учир сонгууль болоод сонгогдох эрхийг хэн нэгний дээр гарах, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх, фракц бүлэглэлийн эрх ашиг гэх мэт шалдар булдар асуудалтай хольж хутгах нь утгагүй, хэтэрхий жижиг бөгөөд бидний намын гишүүдийн санал, тэмцэл нь ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх, энэ улсын тусгаар байдлыг, ардчилсан нийгмийг бэхжүүлэх томоохон үйл хэргийн эхлэл билээ” гэдгийг онцлов.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх үеэрээ “Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны бүртгэл, гэрчилгээ, тамгатай нэг л АН бий. Хүчин төгөлдөр бус сунгааг хүмүүс явуулж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар АН С.Эрдэнэ. М.Тулгат, Х.Цогтгэрэл, Х.Баттулга гэсэн дөрвөн даргатай болж байна. Аль нь хууль ёсны жинхэнэ дарга вэ гэдэг нь удахгүй тодорхой болох биз.
Эх сурвалж: www.polit.mn