Нэг их “...Мэргэжлийн”, “...Улстөржихгүй” гэсэн гоё гоё үндэслэлээр “дан дээл”-тэй сайд нарыг засагт оруулсан. 2018 оноос хойш , үндсэндээ гурван жил гаруйн хугацаанд ийм сайд нараас засаг бүрдэж ажиллалаа. Харамсалтай нь “дан дээл”-тэй сайд нар дангаараа ажил амжуулдаггүй аж.

Дарханы замыг барих хугацаа Л.Халтарт хангалттай байсан, хэзээ дуусах вэ. Оросоос ирэх шатахуун хэвийн ирэх үү, үнэ нь хэрхэх вэ гэдгийг Г.Ёндон хариулж мэдэх үү. Н.Тавинбэх гэж эрчим хүчний төслүүдийг барьж тавьсаар буух уу. З.Мэндсайхан вакцин татаж, шүлхийнийхээ тархалтыг зогсоож чадсан уу. Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ нар цаашид ядарсан салбараа ямбийтал попорсоор л байх уу.

 

 

Үнэнийг хэлэхэд, өнөөгийн Засгийн газрын сайд нарын байгаа царай нь нэг иймэрхүү. Ер нь бол ямар ч асуудал болсон Ерөнхий сайд нь л гарч ирж “гал” барьдаг. Танхимаараа Ерөнхий сайдынхаа ард орчихсон. Туниа муутай сайд нартай. Ийм л Засгийн газар болчихоод байгаа юм. Сая харсан уу. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Сүхбаатарын талбайг дүүргэсэн эсэргүүцлийн жагсаал болсон.

 

 

 

Залуучууд голдуу, дээрээс нь нийгмийн идэвхтэй хэсгийнхэн олноор очсон байв. Мөн улс төрийн хамаарал бүхий этгээдүүд ч цөөнгүй харагдана лээ. Ийм жагсаал эвгүйтвэл юу болдгийг бид мэднэ. 14 жилийн тэртээх, 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдөр юу боллоо доо.

Жагсагчид шаардлагаа өгөхөөр Ерөнхий сайдыг нэхсэн. Тэгэхэд нь эхлээд Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул хоёр гарч очиж байгаа юм. Яахав, янз бүрийн том жижиг, халуун хүйтэн асуудалд яваад сурчихсан Х.Нямбаатар, камер микрофон хийгээд олон хүнээс цочоод байхгүйгээ Т.Ганзул нарыг элч болгосон бололтой юм. Уг нь энд тэндхийн арга хэмжээ, орон нутгийн томилолтод ч бөөн бөөнөөрөө явж байдаг сайд нараас хэд хэд нь гарч очсон бол болох л байв. Бас ХЭГ-т хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй дөрвөн дэд дарга ажилладаг. Тэд ганц удаа ч гэсэн “гал” үзсэн бол зүгээр байлаа.

 

Өнгөрсөн есдүгээр сард “...“Digital Nation” арга хэмжээ зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчлөө” гэх маш хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Хэдийгээр энэ нь механик шүүмжлэл байсан ч засаг руу өгсөн цохилт нь хүчтэй байв. Тэр арга хэмжээг зохион байгуулсан Ч.Номин сайд, Б.Болор-Эрдэнэ дарга хоёр нь шүүмжлэлийг дааж гарч чадаагүй. Явж явж Ерөнхий сайд нь л “цайруулах” маягийн яриа сэлт өгч байж гарсан.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Оросоос нийлүүлэх АИ92 шатахуун тасарч, Монгол даяар хэл ам болсон. Тэгэхэд Ёндон сайд бас бардаггүй ээ. Тэгсээр Ерөнхий сайд нь оролцож байж асуудал намжсан.

Өнгөрсөн өвөл хотын утаа тамтгаа алдсан. Хэдэн жилийн өмнөх танил үнэр, харагдацтайгаа бараг буцаж ирсэн дээ. Тэгэхэд харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын албыг хашдаг Байгаль орчны сайд Н.Уртнасанг яамных нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргынх нь хамт чөлөөлсөн. Саяхан, өнгөрсөн долоо хоногт  “Тавантолгой түлш”-ийн М.Ганбаатарыг сольж, оронд нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Даваацэрэнг томилсон байна лээ.

Одоо өмнөд хөрш манайтай залгаа хилээ нээнэ, үгүй гээд асуудал гараад л байна. Мэдээж, хил хаалттай учир хүмүүс бухимдаж байна. Тэгэхээс өөр аргагүй. Б.Жавхлан мэдэх үү, Б.Батцэцэг ярих уу гэдэг бас тодорхойгүй. Энэ асуудал явж явж Ерөнхий сайд дээр нь л бууж байна.

 

Сая болсон жагсаал дээр ч Ерөнхий сайд өөрөө гарч ирж шаардлагыг аваад, Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулжээ. Орой нь дахин гарж ирж гаргасан шийдвэрийг танилцуулсан байна.

Ямартай ч иргэд үгээ хэлж, засаг тэрийг нь хүлээж авсан байгаа юм. Мөн урьд өмнө дуудаад, нэхээд гарч ирдэггүй байсан Ерөнхий сайд энэ удаад жагсагчидтай өөрөө учраа олсон. “Энэ нь анх удаа, ганц удаа болж буй явдал ч цаашид жишиг болоод явах нь зүйтэй “гэж олон нийт ярьцгааж байна. 

Дэлхий нийтэд болж буй эмх замбараагүй явдал, гадаадын улс орнуудын дотоодын дажин ерөөсөө л удирдагчид нь “алга болдог”-оос үүдэлтэй байдаг юм билээ. Тэр утгаараа, Ерөнхий сайдын энэ үйлдэл яг ийм нөхцөлд зөв болчихож байгаа юм.

Гэхдээ нөхцөл байдал дандаа ийм жагсаалтай үе шиг байхгүй.

Эхэнд хэлсэн, “...Ямар ч асуудал болсон Ерөнхий сайд нь л гарч ирж “гал” барьдаг.  Танхимаараа Ерөнхий сайдынхаа ард орчихсон” гэсэн дээ.

 

 

Уг нь эрхээ эдэлж байгаа сайд нар үүргээ хүлээж, хариуцлагаа хүлээж байх ёстой. Хэрвээ чадахгүй бол яригдаад удаж байгаа “давхар дээл”-ийг яаралтай шийдэх хэрэгтэй юм.

 

 

 

Гэхдээ “давхар дээл” углах сайд нарыг сайн харж томилмоор юм билээ. “...Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж Чингис хаан хэлсэн гэдэг. Энэ үгийг манай улстөрчид ч их ашигладаг. Гурван жилийн өмнө билүү дээ, Мөнхбат чуулган дээр “...Манай намын ах нар сайдын сураг гарахаар л гүйлдчихдэг шүү. Энэ бол миний сүүлийн шаанс гээд зүтгэцгээдэг. Намынхан нь ч өрөвдөөд сайд болгодог. Гэтэл сарын дараа нь танихаа больчихдог. Гишүүнээ танихгүй болох ч яах вэ гэж буй юм. Ах нар намын ноён нуруу, эв нэгдэл гэдгээ мартчихдаг. Тэгсэн атлаа өөр суудал гарахаар өмнөхөө голоод дахиад л гүйдэг шүү" гэж байв. Үүн лүгээ сайд болох гэж өдөр шөнөгүй гүйж байгаа хэдэн гишүүн бас бий. Бас “...Одоо бидний ээлж” гээд бүр багц болчихсон тууж яваа гишүүд ч дуулдаж байна. Яг тийм гишүүд сайд болох юм бол энэ хэдэн “дан дээлтэн”-ээс дэмий байж мэдэх л юм. Яагаад гэвэл, ашиг хонжоо харалгүй ажлаа хийчихдэг, бас салбараа мэддэг, тэгээд попордоггүй, дээрээс нь улс төрөө даачихдаг, зангарагтай сайд нар л засгийн ажлыг хэл амгүй явуулж чадна.

 

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин