Байгаль орчны салбарын шинэчлэлийн нэг "Олон зорилтод ойн тооллого"-ын нээлтийн ажиллагаанд БОНХ-ийн Сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Гантулга нар оролцсон юм.

Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын 3 баг ажиллахаар бэлэн болоод байна. Багууд өчигдөр пургон автомашинаа хүлээн авч нэг жилийн дотор амжуулах ажлаа эхлүүллээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5,7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулахаар болжээ. Тэд Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэнэ.

Монгол Улс 1956 онд анх ойн тооллого хийж байжээ. Тухайн үед аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо гээд бүхий л салбаруудыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах шаардлага тулгарч байв. Үүний тулд ойн аж ахуйг хөгжүүлэх, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг зөв байршуулах, эн тэргүүнд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан байна.

Харин энэ удаагийн олон зорилтод ойн тооллогын ажил  ойн насжилт, өсөлт зэргээс гадна хичнээн тонн хүлэмжийн хийг шингээдэг болон ялгаруулж буй хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих аж. Энэ хэмжээг тодорхойлж мэдсэнээр Киотогийн протоколын оролцогч орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, цаашид хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээрээ хөрөнгө оруулалт авах боломжтой юм.

Х.Даваа